С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг 55 сэтгүүлч сурвалжилна

2016 оны 12 сарын 14

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, нэрт улс төрч Санжаасүрэнгийн Зориг агсан өдгөөгөөс 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн.  

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн уг эрүүгийн хэргийн шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд хорих 461-р ангийн шүүх танхимд болох юм. 

Шүүх хурлыг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлах хүсэлтээ ирүүлсний дагуу Шүүх бүрэлдэхүүн эдгээр хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.2-т зааснаар хангаж, шүүх хуралдааны явцын талаарх шаардлагатай мэдээллийг албаны эх сурвалж тухай бүр мэдээлнэ гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.  

Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 зааснаар буюу өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж шунахайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар захиалгаар бүрэлгэсэн хэмээн шүүх юм. Түүнчлэн "С.Зориг бусдад хөнөөгдсөн" хэрэг нь "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарч байгаа гэдгийг УЕПГ-ын эх сурвалж мэдээлсэн.

Нэмж өгүүлэхэд С.Зориг агсан маш эгзэгтэй цаг үед амиа алдсан нь түүнийг улс төрийн зорилгоор хөнөөсөн гэх хардлагыг эрхгүй төрүүлдэг. Тодруулбал тухайн үед Монголын улс төр ихээхэн хөдөлгөөнд орсон байсан бөгөөд түүнийг эрх баригч эвслийнхэн ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж яригдаж байх үед амиа алдсан юм.

Сийрүүлбэл 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 

1998 оны зургаадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулснаар Ц.Элбэгдоржийн засгийн газар огцорсон байдаг.

Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй. Ийнхүү Ц.Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор дөрвөн сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын 02-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн байдаг.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ажиглагч(66.181.190.126) 2016 оны 12 сарын 14

Улс төрийн жүжиг, яарч амь насыг нь хөнөөсөн шигээ яарч шийдэх /мартагнуулах маневар/ гэж байна. Хэрэг ”илэрүүлсний дараа” хэн, ямар бүлэглэл юу гэж рекламдахыг нь харий. Ер нь бол ерөнхийлөгчийн сонгууль ойртоод байгаа шүү, ард түмээн

0  |  0
зочин(103.10.22.121) 2016 оны 12 сарын 13

улс төрийн аллагын захиалагчдыг гол нь ил болгож шийтгэх шүү дээ. зөвхөн энэ 3 хүнээр төгсгөвөл жүжиг

0  |  0
Иргэн(202.21.106.169) 2016 оны 12 сарын 13

Ингэж сүр болж байхаар телевизээр л шууд дамжуулчихаа ч. Нүүрсний хулгайчдыг ингэж болсон юм энэ чухал асуудалд анхаарал тавиач

0  |  0
Н(110.174.142.47) 2016 оны 12 сарын 13

Хуралдааныг хаалттай явуулна гэж энэ сайт дээр мэдээ гарсан байсан. Хаалттай явуулах юм бол энэ олон сэтгүүлч юу хийх гэж байгаа юм бэ

0  |  0
зочин(43.228.131.206) 2016 оны 12 сарын 13

зуун ямаанд 60 ухна гэдэг л болж байна. Эд нар дунд хууль , эрх зүйн анхны мэдлэгтэй, авсан мэдээллээ үнэн зөв бусдад хүргэх чадвартай сэтгүүлч байхгүй гэж баталсан ч болж байна.

0  |  0
Top