“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть” бүтээлийн нээлт боллоо

2016 оны 12 сарын 14

"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть”бүтээлийн нээлт /2016.12.13/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид оролцлоо. Мөн шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийнхэн, бүтээлд шийдвэр нь орсон шүүгчдийн төлөөлөл болон хууль зүйн сургуулиудын эрдэмтэн багш нар, Үндсэн Хуулийн Цэцийнтөлөөлөл, Судалгааны төвийн захирал Р.Мухийт, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, "Монголын хуульчдын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нарын зочид урилгаар оролцлоо. 

Шүүхийн сонгомол шийдвэрийг хоёр дахь жилдээ эмхэтгэн хэвлүүлж байгаа зорилгын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж "Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийг анх бүтээхдээ хэд, хэдэн зорилго тавьсан. Шүүхийн ил тод, нээлттэй байдлын олон улсын жишиг нь шийдвэрийн нээлттэй байдал. Тиймээс шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахын тулд "Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл I боть”-ийг бүтээсэн. Энэ зорилго өнөөдөр ч хэвээрээ байна. Шүүхийг олон нийтийн хяналтад оруулъя гэдэг зорилго мөн хэвээр байгаа. Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах нь шүүхийн захиргааны байгууллага, шүүхийн захиргааны дэргэд байдаг ёс зүйн хороо гэхчилэн ганц нэг институцийн үйл ажиллагаагаар хэрэгждэг амар хялбар ажил биш. Хамгийн найдвартай, хүчтэй хяналт бол олон нийтийн хяналт. Олон нийтийн хяналтад оруулна гэдэг шийдвэрээ иргэдийн өмнө дэлгэж тавих. Ийм зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтийн өмнө дэлгэж байна. Мөн Үндэсний эрх зүйг хөгжүүлэх зорилготой. Парламент үндэсний эрх зүйг хөгжүүлдэггүй. Үндэсний эрх зүйг хөгжүүлдэг ганц субьект нь шүүх. Үүний тулд шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулж үндэсний эрх зүйгээ хөгжүүлэх зорилготой. "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” цаашдаа үе залгамжлагдан 50, 100 жилийн дараа Монголын шүүхийн хөгжлийг харуулах том толь болж үлдэнэ. Бүтээлийн нэр нь сонгоод нийтэлж байгаа гэдэг утга санааг агуулж байгаа бол 20, 30 жилийн дараа классик гэдэг утгыг агуулна гэж харж байгаа. "Монгол Улсын шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”-д бүтээл нь орсон 58 шүүгчид талархал илэрхийлье. Бүтээлд орох шийдвэрийг шилнэ гэдэг хариуцлагатай ажил. Өмнөх бүтээлд 390 шийдвэрээс шилсэн бол энэ удаад шүүгчдийн зөвлөгөөнөөс 450 шийдвэр шалгарч ирсэн. Эдгээрээс шилж сонгож 88 шийдвэрийг бүтээлд оруулах хариуцлагатай ажлыг гүйцэтгэсэн Улсын Дээд шүүхийн шүүгч, МУИС-ийн эрдэмтэн багш нар, шүүгчдэд талархал илэрхийлье” гэлээ.

“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть” бүтээлийн нээлт боллоо 

 

 Шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсэгт Улсын Дээд шүүхийн шүүгч, болон бусад шүүхийн шүүгч, эрдэмтэн багш нар ажиллажээ. Тухайлбал, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор Ж.Эрдэнэбулган нар шалгаруулсан. Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Буянхишиг нар Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шалгаруулжээ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор Г.Банзрагч нар шалгаруулсан байна. Үнэлгээний дүнг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, Д.Аюуш нар нэгтгэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн нар хянажээ. Мөн Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, ахлах референт Т.Наранбат нар техник редактороор ажилласан аж.

 

 

Шүүхийн сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийг төлөөлж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Г.Банзрагч "Хуулийн хэрэглээ нэг мөр болоход шүүхийн шийдвэрийг эмхэтгэсэн нь чухал ач холбогдолтой. Хуулийн зүйл заалтыг ижил хэрэгт өөр өөрөөр хэрэглэх хандлага бий. Үүнийг нэг мөр болгоход энэ бүтээл жишиг болно. Мөн сургалтын чухал хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой” гэлээ. Мөн шүүхийн шийдвэрийн талаар судлаачийн хувьд дүгнэлтээ хэлэхдээ "Захиргааны хэргийн шүүх анх байгуулагдах үеийн шүүхийн шийдвэрийг өнөөдрийнхтэй харьцуулахад ахиц гарсан гэдгийг онцолъё. Шүүхийн шийдвэр стандартад хүрч, хууль хэрэглэх тайлбарлах шүүгчийн ур чадвар дээшилсэн нь харагдаж байна. Гэхдээ зарим шийдвэрийн тодорхойлох болон үндэслэл хэсгийн ялгаа төдийлөн харагдахгүй тал бий. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрт бүрэн дүгнэлт өгөх нь зарим талаараа дутмаг байна. Хууль тайлбарлаж буй арга зүй, техник төдийлөн тодорхойгүй байгаа тал ажиглагдаж байна. Ер нь шүүхийн шийдвэрийн чанар дээшилж байгаад сайшаалтай” хэмээсэн юм.

“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть” бүтээлийн нээлт боллоо 

 

 Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхийн ач холбогдлын талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан үг хэллээ. Тэрбээр "Эрх зүйт төр дор амьдарч байгаагийн учир нь шударга үнэний талд асуудал шийдэгдэхэд оршдог. Үүний гол баталгаа нь хараат бус, шударга шүүх. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй сайн бичигдээд, тэр нь хэвлэгдэж байгаа нь хуулийн засаглал, хуулийн дор байгааг харуулж байгаа юм. Шүүгч асуудлыг дур зоргоор хувийн сонирхлоор шийдвэрлээгүй, зөвхөн хуулийн дагуу шийдвэрлэсэн гэдгийг харж чадна. Шүүхийн шийдвэрт талуудыг хүндэлж байгаагийн илэрхийлэл нь үндэслэлээр харагддаг. Шүүгч талуудын гаргаж өгсөн бүх үндэслэлийг авч үлдээд алийг нь зөвшөөрч, алийг нь зөвшөөрөхгүй байгаагаа сайн тайлбарлаж байна гэдэг бол хүний нэр төр, эрхэм чанарыг дээдэлж хүндэтгэж байгаа чухал хэлбэр юм. Бүх шийдвэрийг ил тод цахим санд байршуулж байгаа нь олон талын ач холбогдолтой. Харин сайн шийдвэрийг онцолж, судлагдахуун болгосноор шүүх эрх мэдлийг бэхжүүлж байдаг. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэг авч байгаа тохиолдолд шүүх эрх мэдэл бэхэждэг. Нөгөө талаар үндэслэлээ бичээгүй шийдвэр олон нийт, судлаачдын шүүмжлэлийг дагуулж, дахин ийм алдаа гаргахгүй байх сануулгыг өгдөг. Шүүхийн сонгомол шийдвэрүүд жишиг тогтоодог. Жишээлбэл, Францын гэм хорын эрх зүйг ойлгохын тулд Дээд шүүхийн шийдвэрийг уншдаг. Германы Иргэний хуулийн Үүргээ үнэнч шударгаар биелүүлэх зарчмыг мөн л Дээд шүүхийн шийдвэрийг уншиж ойлгодог. Хуульд байгаа зарчмыг шийдвэрлэхийн тулд шүүх заавал тайлбарлах шаардлагатай. Сайн тайлбарласан шийдвэр жишиг болдог ач холбогдолтой” гэлээ. Мөн тэрбээр шүүгчийн тусгай саналын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть” бүтээлийн нээлт боллоо 

 "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть”-д шийдвэр нь орсон шүүгчдийг төлөөлж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд "Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх дэлхийн сонгомол арга Монголд нутагшиж хоёр дахь бүтээл нь олон нийтийн хүртээл болж байгаад баяртай байна. Шүүгч маргааны ялагдсан талд зориулж энгийн, ойлгомжтой хэлбэрээр, тухайн этгээд дотоод итгэлээрээ хүлээн зөвшөөрч, маргаж чадахгүй болтол бичих ёстой гэж боддог. Ингэснээр шүүгч шударга шүүхээр шүүлгэсэндээ итгэж, шүүхэд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Өндөр хөгжилтэй улсад шүүгчийн шийдвэрийг эрдэмтэд хэлэлцээд сайшааж, эсвэл зад шүүмжилдэг. Үүний эхлэлийг Монголд тавьсан нь шүүхийн шинэтгэлийн үр дүн, эрхзүйн шинэтгэлийн эхлэл гэж үзэж байна. Шүүн таслах ажиллагаа явуулж байгаа шүүгчдийн хувьд энэ эмхэтгэл гарын авлага болдог” гэлээ.

“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть” бүтээлийн нээлт боллоо
“Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл II боть” бүтээлийн нээлт боллоо  

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top