О.Баасанхүү гишүүн дараагийн шүүх хурлыг зориулалтын шүүхийн байранд явуулахыг хүслээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг  хөнөөсөн хэргийн  шүүх хурал өчигдөр /2016.12.14/ буюу түүхэндээ анх удаа  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болсон хэдий ч өмгөөлөгчдийн хүсэлтээр тус шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулсан юм. Тэгвэл УИХ-ын хуульч гишүүн О.Баасанхүү дараагийн шүүх хурлыг зориулалтын шүүхийн байранд явуулж, шүүгдэгчдийн эрхийг ханган ажиллахыг хүсчээ.

Тэрбээр энэ тухай "2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан Шүүгдэгчдийн эрхийг хангуулах тухай албан тоот илгээлээ. Энэхүү албан бичигт

"Улсын Их Хурлын гишүүн миний сонгогдсон тойрог болох Орхон аймаг болон тус аймгийн Их залуу багийн иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагад төлөөлж байгаагийн хувьд миний бие нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Сайд асан С.Зориг агсны амь насыг бүрэлгэж, хохирол учруулсан хэргийн шүүх хурлыг анхааралтайгаар ажиглаж байна. 
2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хийж буй явдал нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” хэмээх заалтыг зөрчиж байна. Монгол Улсын иргэн өнөөдөр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй бөгөөд шүүх хуралдааныг гагцхүү талуудын тэгш эрхийг хангаж, мэтгэлцээны зарчимд үндэслэн шүүгч эцсийн шийдвэр гаргах зарчимтай байдаг. 
Миний бие өмнөх парламентын үед Улсын Их Хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд Монголын хуульчдын холбоо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн албаны хүмүүстэй хамтран урьдчилан хорих ангиудад шүүх хуралдаан явуулдаг нөхцөл байдлыг очиж танилцан, гагцхүү нүүдэллэн хийгдэж буй шүүхээс бусад аливаа шүүх хуралдааныг зориулалтын шүүх танхимд харьяаллын дагуу шийдвэрлэж байхаар шийдсэн хэмээн ойлгож байгаа болно. 
Иймд шүүгдэгч Ц.Амгаланбаатар болон бусад холбогдогчдын шүүх хурал нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлогдсонтой холбогдуулан энэхүү асуудалд анхаарч, дараагийн шүүх хурлыг зориулалтын шүүхийн байранд явуулж, шүүгдэгчдийн эрхийг ханган ажиллахыг хүсье" хэмээв. 
Хувийг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Тагнуулын Ерөнхий Газрын дарга, Хошууч Генерал Б.Хурц нарт хүргүүлэв. 

 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top