Худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөгөөн боллоо

2016 оны 12 сарын 16

Монгол Улсад үндэсний Худалдаа үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд  “Худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг  ХХААХҮЯ, Нийслэлийн Захирагчдийн ажлын алба хамтран өнөөдөр /2016.12.15/  зохион байгууллаа. Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле,  Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр, ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд, МХЕГ-ын ХҮҮ-ний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа болон худалдааны салбарт ажиллаж байсан ажилтан, худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 600 гаруй төлөөлөгчид  оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнөөр худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх юм. 

Зөвлөгөөнийг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрбээр “Худалдаа, үйлчилгээний салбарт амжилт ололт их байгаа ч, хүндрэлтэй асуудлууд ч олон байгаа. Бид бүхэн салбарын хөгжлийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэн хөгжлийн төлөө хэрхэн хамтарч ажиллах боломжууд байгааг тал талаасаа хэлэлцэн тодорхой шийдэлд хүрэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр,  “Мах, сүүний анхдугаар аян”-ыг тус тус эхлүүлж, “Атрын-III” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тэрбээр хүн амын эрүүл аж төрөх, хүнсний аюулгүй байдлыг хангахад худалдаа шууд нөлөөлж байдгаараа онцгой салбар. Иймд худалдааны салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардагдах дэд бүтэц, худалдааны ложистик сүлжээг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, үйлдвэрлэл технологи, инновацийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн шинэ хүчин чадлыг бий болгож, хөдөө аж ахуйн анхдагч түүхий эдийн боловсруулалтын түвшин, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг гадаад зах зээлд сурталчлах, нэвтрүүлэх, хил орчмын худалдааг хөгжүүлэх, дотоод худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлж хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх гээд хэрэгжүүлж хийх ажил их байна ” гэдгийг онцлон хэллээ.

Зөвлөгөөнд ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд “Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааны салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний хэрэгжилт, цаашдын зорилтууд, ХХААХҮЯ-ны  ХҮБХЗГ-ын дарга Б.Батхүү Монгол Улсын ХХААХҮ-ийн салбарын талаар баримтлах бодлого цаашдын зорилтууд”,  МХЕГ-ын ХҮҮ-ний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа “Худалдааны салбарын эрсдэл,  хяналт тулгамдсан асуудал “  зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа. Мөн зөвлөгөөнд оролцогчдийн санаа бодлыг сонссон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top