Гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байна

2016 оны 12 сарын 22

Энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.9%-иар буюу 381.3 сая ам.доллараар буурч 7356.3 сая ам.долларт хүрсэнийг Монгол банкнаас мэдээллээ. Үүнд экспорт 0.8%-иар буюу 33.8 сая ам.доллараар өссөн хэдий ч импорт 11.9%-иар буюу 415.1 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1197.1 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 448.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. 

Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлүүдийн нэг. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2016 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 1265.8 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 224.4 сая ам.доллараар өссөн байна. 

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.0% буюу 4415.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.3% буюу 834.6 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 8.6%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 16.8%-иар тус тус буурсан байна.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс тайлант хугацааны эцэст өмнөх оны мөн үеэс 22.7%-иар, өмнөх сараас 17.9%-иар өсч 1.513-д хүрчээ. Тайлант сард хөрөнгө оруулалтын төрлийн импортын үнэ буурсан, нүүрсний экспортын үнэ өссөнөөс худалдааны нөхцөл өмнөх сараас сайжирсан байна.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top