ШШГЕГ-ын харьяа хорих ангийн удирдлагуудтай хамтарсан зөвлөгөөн хийв

2017 оны 01 сарын 03

Төв аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 403, 415, 417 дугаар ангийн удирдлагууд, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нягтлан бодогч, нарыг оролцуулсан хамтарсан зөвлөгөөнийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Авдрант дахь хорих 403 дугаар ангид хийв.

Зөвлөгөөны үеэр дээрх хорих ангиудаас "хорих ял эдлүүлэх чиглэлээр 2016 онд хийсэн ажил, түүний үр дүн, цаашдын зорилт” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг явуулсан байна.

Тус аймгийн прокурорын газар нь хяналтын харьяа хорих ангиудтай хамтарсан зөвлөгөөнийг улирал тутам нэг хорих анги дээр явуулж хэвшсэнбайна. Үүний үр дүнд ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажил тогтмолжсон, хорих ангиас хийсэн ажлын чанар, үр дүн дээшилжээ.

Хорих 417 дугаар ангид ялтнуудаас гаргасан сахилгын зөрчил 2015 онд 49 удаа гарч байсан бол 2016 онд 21 гарч 57,1 хувь буурсан, хорих 415 дугаар ангид сахилгын зөрчил 2015 онд 145 гарч байсан бол 2016 онд 49 гарч 67.0 хувь буурсан бол хорих 403 дугаар ангид хамгийн цөөн буюу 12 ялтан сахилгын зөрчил гаргаж хорих ангийн даргын тушаалаар хариуцлага хүлээсэн байна.

Аймгийн прокурорын газар, хорих ангиуд нь хохирогчдын эрх ашгийг хамгаалах, ялтнуудаас бусдад учруулсан хохирлыг төлүүлэх, ажлын байраар хангахад онцгой анхаарсны үр дүнд 32 ялтны 584.407.200 төгрөгийг ялтны ар гэрээс, 182 ялтны 431.671.420 төгрөгийг ялтны цалингаас суутган авч хохирогчид шилжүүлсэн байна.

Зөвлөгөөнд оролцогчид 2017 онд ялтныг ажлын байраар хангах, хохирол барагдуулахад онцгой анхаарч "хохирол төлүүлэх жил” болгох, ялтнуудаас үйлдсэн сахилгын зөрчилгүй ялтан хамт олныг бүрдүүлэх, албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилтоо тодорхойлжээ.

Хамтарсан зөвлөгөөн сургалтын үеэр оролцогчид 403 дугаар ангийн байрладаг "Авдар” хайрхан уулын ойролцоо тогтмол бэлчээрлэдэг бугын сүрэгт 50 боодол өвс, 300 кг хужир тавьж өгчээ. Дээрх өвс, хужрыг хорих 403 дугаар ангиас бэлтгэн гаргасан байна. Бугын идээшдэг нутагт намар эрт цас орж хайлж, мөстсөн, өвөл эхэлснээс хойш удаа дараа их хэмжээний цас орсны улмаас өвс цасанд дарагдаж буга идэх зүйлгүй шахам болсон байна.

Цаашид хамтарсан зөвлөгөөний үеэр үр дүнтэй нэгэн сайн үйлс хийж байхаар тогтсон байна.

Зөвлөгөөн ийнхүү байгаль орчин, ан амьтанд тустай ажил хийснээр өндөрлөсөн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top