Чөлөөт эдийн засагт чөдөрлүүлсэн Монгол

2017 оны 01 сарын 04

Өнөөдөр дэлхийд хөгжлөө­рөө манлайлж буй улс орнуудын төр нь эдийн засгаа удирддаг болсон гэдгийг судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, дангаараа зах зээл оршин тогтнохгүй гэдгийг дэлхий улс орнууд хүлээн зөвшөөрөх болжээ. Учир нь, 2009 оноос өмнө АНУ-аас дэлхийн улс орнуудад гол тулган хүлээлгэж байсан эдийн засгийн онолын гол үзэл баримтлал бол Неолибераль үзэл юм. Гэвч энэ үзэл буруу байсан гэдэг нь нотлогдож, 2009 онд дэлхийн мөнгө, санхүүгийн хямрал гарсан. Ингээд Неолибераль үзэл баримтлал онол болоод практикт нийцэхгүй болохыг нийтээр хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. 2008 оны сүүлээр Вашингтонд болсон “Их 20”-ын уулзалтын үеэр Неолибераль үзлийг баримтлахгүй байж, түүний оронд “Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийн үзэл баримтлах нь зүйтэй болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дараа нь ОУВС, Дэлхийн банкны бүлгийн сайд нарын 2011 оны бага хурлаас,  2009 оны дэлхийн мөнгө, санхүүгийн харилцааг “үл үзэгдэх гарын тусламжтай”-гаар авч явах бололцоогүй гэдгийг дахин хүлээн зөвшөөрсөн гэдэг. Ийнхүү өнөөдөр дэлхий дээр “Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийн хөгжлийн үндсэн загвар хэрэгжиж эхэлжээ. Төрийн зүгээс эдийн засгийн хөгжил, гадаад хамтын ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх ажиллагаа Ази, Европын орнуудад илүү идэвхтэй хэрэгждэг байна.

Өнөөдөр дэлхий даяаршиж, хүчний туйлууд хөдлөөд эхэлсэн. Хойд Америк, Баруун Европ дэлхийн бодлого болоод эдийн засгийн төв болж байсан бол өдгөө Еврази руу аажмаар шилжиж байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар, 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай арван орны ихэнх нь өнөөгийн эрчимтэй хөгжиж буй орнууд болох аж. Энэ үед  Хятадын ДНБ-ий хэмжээ АНУ-ын эдийн засгийн боломжоос гурав дахин том, Энэтхэг хоёр дахин том байх төлөвтэй байгаа гэнэ. АНУ-ын дэлхий дээр ноёлж байсан тэр байр суурь аажмаар алдагдаж, суларч байгааг судлаачид хэлж буй.

 

Чөлөөт эдийн засагтай орон Монголоос өөр байхгүй

Харин Монгол Улсын хувьд дэлхий даяар хүлээн зөвшөөрөөд байгаа “Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийг харилцааг хэрэгжүүлж эхлээгүй байна. Манайхаас өөр “Зах зээл бүгдийг шийднэ” гэж хэлээд сууж байгаа улс орон нэг ч байхгүй гэдгийг судлаач хэлж байна. Төрийн зүгээс эдийн засгийн удирдлагад идэвхтэй оролцох  онолын үзэл баримтлалыг анх XVI-XVII зуунд мерканталистууд үндэслэж байжээ. Дараа нь XVI зууны сүүлээр Францын эрдэмтэн Антуан де Монкрестьян эдийн засгийг улс төрийн зорилгоор удирдах номлол болох “Улс төрийн эдийн засгийн ухаан”-ыг үндэслэсэн байна. Мөн Английн эдийн засагч Д.Рикардо худалдааны харьцангуй давуу талын онолыг үндэслэсэн бол, Рой Харрод “Төрөөс хөгжлийг төлөвлөхдөө урт хугацаанд бодож, салбаруудын тэнцвэрийг хангаж байх” тухай онолыг үндэслэжээ. Харин нэлээн сүүлд “Өрсөлдөх чадварын онол”-ыг АНУ-ын эрдэмтэн Фортер гаргасан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн зуун жилийн турш “Төрөөс эдийн засгаа хэрхэн удирдах вэ” гэдэг онолыг боловсруулж, улам бүр боловсронгуй болгосоор ирсэн байна. Одоо эдгээр онолууд нь хүчин төгөлдөр болж, улс орнууд тэдгээрт түшиглэн эдийн засгаа удирдаж байгаа юм.

 

Чөлөөт зах зээлийн онолыг АНУ бусад орноос өрөө авахын тулд гаргажээ

Манай улсад хэрэгжиж байгаа чөлөөт зах зээл бол Неолибераль онол юм. Энэхүү онолыг  АНУ-ын тухайн үеийн удирдлагууд Латин Америкийн орнуудаас өрөө авахын тулд сэтгэж гаргажээ. Өөрөөр хэлбэл, Америкийн үндэстэн дамнасан корпорацууд тэдгээр орнуудад байгаа баялгийг хувьчилж авах зорилгоор анх бий болгосон байна. Неолибераль үзэл нь  “Төсвийн алдагдлыг багасга, төрийн өмчөө хувьчил, томоохон үндэстэн дамнасан корпорацуудад эрх чөлөөг нь өг, байгалийн баялгаа тэдний эрх мэдэлд өг” гэсэн үзэл санааг илэрхийлдэг байна. Харин энэ бүгд манай улсад одоо жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Улсынхаа эд баялгийг дээгүүрээ хувааж идэж байгаа хэдэн нөхдүүд энэ зарчмаар явахыг илүүд үздэг гэх. Тодруулбал, олигархууд гэж нийгэмд нэрлэгддэг бэл бэнчинтэй нөхдийн түрийвчээ зузаалах талбар нь энэ. Тэд чөлөөт эдийн засгийн зарчмаас татгалзахыг хүсдэггүй байна. Тиймээс чөлөөт зах зээл манайд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна гэж хэлэхэд нэг их буруудахгүй биз ээ. Жишээлбэл, дэлхийн улс орнуудад ард түмнийхээ өргөн хэрэглэдэг барааны үнийг төрөөс бодож зохицуулдаг. Тэр үнээс нь илүүдэх юм уу, дутуудуулах ёсгүй. Хэрэв зөрчвөл торгууль, шийтгэлтэй. Харин манайд хэн дуртай нь хүссэн үнээ хэлж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тэр нь эргээд ард түмэндээ хүнд туссаар ирсэн түүхтэй. Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш үнэгүйдэхэд л Монгол Улс эдийн засгийн хямралд өртчих жишээтэй. Бараа бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдээд байдаг. Гэвч ард иргэдийн орлого нь суларсаар байна. Энэ нөгөө л чөлөөт зах зээлтэй холбоотой. Чөлөөт зах зээлээс болж 2009 онд дэлхий даяараа мөнгө, санхүүгийн хямралд орж байсныг түүх гэрчилнэ. Тиймээс улс орнууд “Төрийн удирдлагатай зах зээлийн эдийн засаг”-ийн харилцааг сонгох болсон гэдгийг дээр хэлсэн.

Манайд буруу бодлого явагдсаар байгаагийн нэг жишээ хэлэхэд, төрийн өмчийн томоохон объектуудаа хувьчлах асуудлыг сүүлийн үед хүчтэй ярих болсон. Харин төрийн өмчийг хувьчлах нь буруу гэдгийг судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, Европын орнуудын эдийн засгийн гол өндөрлөгүүд нь төрийн өмчид компаниуд байдаг байна. Ганцхан түүний “менежментийг нь хэрхэн хийх, яаж зөв зохицуулах вэ” гэдэг дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэнэ. Наад захын жишээ хэлэхэд хятадууд үйлдвэрийнхээ гуравны нэг хувьцааг зарчихаад, зарсан талдаа менежментийг нь өгчихдөг байна. Хэрэв гуравны нэгийг нь хувьчилж авсан компани буруу менежмент явуулаад эхэлбэл, нөгөө гуравны хоёртой байгаа төрд менежментийн багийг өөрчлөх эрх нь байдаг аж. Гол нь менежментээ сайжруулах хэрэгтэйг судлаачид хэлдэг.  Энэ мэт зохицуулалтыг хийхэд улс төрийн зориг, зөв шийдвэр хэрэгтэй байна.

Ойролцоо төвшний улс орнуудтай нэгдвэл эдийн засгийн үр ашиг илүү гардаг гэдгийг Казахстан харуулав

АНУ-ын эрдэмтэд эдийн засгийн бодлогыг боловсруулахдаа анхаарах ёстой “Шинэ өсөлтийн хөгжлийн бодлого” гэдэг онол гаргасан байна. Тодруулбал, “улс орон болгон хөгжье гэж бодож байвал бусдын хөгжлийн загварыг хуулбарлаж болохгүй. Эхлээд өөрийн онцлогийг судал. Тэгээд асуудлуудаа тодорхойл. Гарцаа өөрсдөө боловсруул” гэсэн санаа гэнэ. Тэгвэл манайх хөгжлийнхөө загварыг, гарцыг гаднаас бус дотроосоо олж боловсруулаад түүн дээрээ тулгуурлаж хөгжвөл илүү үр дүнтэй гэдгийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа хөгжүүлэхдээ гадаад зах зээлээ нээж, дотоодынхоо үйлдвэрүүдийг ажиллуулж, бүтээгдэхүүнээ экспортлох, бүтцийн өөрчлөлт хийж илүү тэнцвэржсэн, солонгорсон бүтцийг бий болгох хэрэгтэйг сануулж буй юм. Мөн ойролцоо төвшний улсууд хоорондоо хамтарч ажиллавал илүү ашигтай гэдэг онолыг Шведийн эрдэмтэн Линдр гаргажээ. Энэ онолыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа улс бол Казахстан юм. Казахстан эхлээд ойролцоо төвшний улсуудтайгаа харилцаж, өрсөлдөх чадвараа сайжруулсныхаа дараа Дэлхийн худалдааны байгууллагад элссэн байна.

Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев 2009 онд Евразийн гаалийн холбоонд нэгдэх шийдвэр гаргаж, эл шийдвэрийнхээ үндэслэлийг дараахь байдлаар тайлбарлажээ. Тэрбээр “Нэгдүгээрт, Казахстанаас Евразийн гаалийн холбоонд нэгдэхэд зах зээл томорч гадаадын хөрөнгө оруулалтыг татах бололцоо нэмэгдэх болно. Казахстан 16 сая хүн амтай бол Гаалийн холбоо 170 сая хэрэглэгчтэй болж байна. Хоёрдугаарт, Казахстаны үйлдвэрлэгчид Орос, Беларусийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байж, бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой байна. Европын холбоо, Хятадын зах зээлд Казахстан харьцангуй өрсөлдөх чадвартай байж чадахгүй. Гуравдугаарт, Казахстаны үйлдвэрлэгчид ойролцоо төвшний Орос, Беларусийн үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх нь дампуурахгүйгээр өрсөлдөөн, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах бололцоо олгоно” гэж хэлж байжээ.

Хөгжиж буй орон өндөр хөгжсөн эдийн засагтай улс орнуудтай зах зээлээрээ холбогдох нь ашиггүй гэдгийг Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев олж мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжсөн улс орнууд илүү ашиг хүртэх нь тодорхой билээ. Энэ тохиолдолд хөгжиж буй оронд өндөр хөгжсөн орны шаардлага, стандартад нийцсэн бүтээгдэхүүн ховор байдаг. Харин өндөр хөгжсөн орон бүтээгдэхүүнээ хөгжиж буй орны зах зээлд гаргахад нээлттэй байдаг байна.  Тэгвэл манай улс энэ туршлагыг судалж ойролцоо төвшний улс орнуудтай харилцаагаа зузаатгахад илүүдэх зүйл байхгүй биз ээ.

У.Сарангэрэл


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuw(150.129.141.84) 2017 оны 01 сарын 04

Zuw zuw

0  |  0
Top