Тоосонцрын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ долоо дахин өсчээ

2017 оны 01 сарын 04

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авсан юм. Мөн утаанаас үүдэж иргэдийн дундахь амьсгалын замын болон бусад өвчлөл ямар төвшинд хүрсэн талаархи судалгааны дүнг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дарга Б.Цогтбаатар танилцууллаа. Тус хүрээлэнгийн эрдэмтэд Канад Улсаас 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа хийжээ. Судалгаагаар уушгины хорт хавдрын 39 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэж гарсан байна. Үүнээс гадна амьсгалын замын өвчлөлийн 28 хувь, цаг уурын хүчин зүйлээс үүдэлтэй амьсгалын замын өвчлөл 53 хувийг эзэлж байгаа аж. Судалгаагаар гаргасан нэг ноцтой асуудал нь ураг амьгүй болох тохиолдол өнгөрсөн жилүүдээс эрс нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Тухайлбал, зуны улиралд 1000 ураг тутмын 23 нь энддэг бол өвлийн улиралд энэ тоо 70 болж өсдөг байна. Энэ нь ураг амьгүй болох тохиолдол өвлийн улиралд 3.15 дахин их байна гэсэн үг юм. Түүнчлэн 2009 оны статистик тоо баримтыг загварчлаад 2011 онд олон улсад хэвлэгдсэн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын хүн амын нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдлоос үүдэж өвчин нь хүндэрсэн болохыг тогтоожээ.

Мөн ДЭМБ-аас агаарын чанар муутай 50 хотыг нэрлэсэн жагсаалтын 47 дугаарт Улаанбаатар хот орсон байна. Улаанбаатар хотод агаарын чанарыг хянах 14 автомат станц байдаг аж. Эдгээр нь агаарын бохирдлын хэмжээг өдөр бүр хэмждэг юм байна. Гэвч Улаанбаатар хотын хэмжээнд РМ 2.5 жижиг тоосонцрын хэмжээ байх ёстой хэмжээнээс долоо дахин өндөр байгаа аж. Улаанбаатар хот дөрвөн уулын дунд байрладаг учир салхи бага салхилдаг. Үүнээс үүдэж агаарын бохирдол үүсгэгч бодисууд агаарт тунаж үлддэг аж. Энэ үеэр Байнгын хорооны гишүүн Ш.Раднаасэд шөнийн тариф тэг болсноор агаарын бохирдол хэдий хэмжээгээр буурах, өнгөрсөн хугацаанд утааг бууруулахын тулд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан талаар асуусан. Хариуд нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 132 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 98 хувь нь сайжруулсан түлш, зуухны татаасанд зарцуулсан тухай холбогдох албаныхан тайлбарласан юм.

Харин Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж “Шөнийн цахилгааны тарифыг тэг болгосноос утааны хэдэн хувь багасах вэ гэдэг дээр хариулах төвөгтэй байна. Одоогийн байдлаар техникийн боломж нь нэг айл хоёр кВт хүртэл чадалтай цахилгаанаар халаах хэрэгсэл тавих боломжтой байгаа. Нийтдээ 146 мянган өрх цахилгааны гэрээтэй байдаг. Үүний 110 мянга нь өдөр шөнийн тарифт тоолууртай. Үлдсэн хэсэг нь тоолуургүй. Тиймээс тэдэнд тоолуур тавих шаардлага тавьж байгаа” гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараа нийслэл рүү шилжин ирэх зөвшөөрлийг зогсоох, Төв аймгийг хөгжүүлж нийслэлийн төвлөрлийг тус аймаг руу чиглүүлэх гэх мэт санал гарсантай холбогдуулж санал хураасан юм. Гэвч шилжих зөвшөөрлийг зогсоох нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох тул гишүүд дэмжсэнгүй. Харин “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгах саналаа хэлж тогтоолын төслөө баталлаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top