Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээх үү

2017 оны 01 сарын 07

Шинэ он гарангуут бид “За одоо, Цагаан сар гэдэг нэг том даваа бий дээ” гэж боддог. Бодохоос ч аргагүй юм. Цагаан сар бол монголчуудын уламжлалт баяр ёслолын дээд нь, ах дүү амраг садангууд жилдээ нэг удаа заавал уулзаж мэнд усаа мэдэлцдэг том баяр. Тийм ч учраас айл бүр л аль болохоор аятайхан шиг тэмдэглээд өнгөрөөчихийг хичээн, хэр чадлаараа мэрийдэг. “Нэрээ бодох” гэсэн монгол хүний нэрэлхүү зан ч нөлөөлдөг байх.

Цагаан сарын идээ шүүсэнд заавал ордог өвчүү, ууц, бууз баншны хувьд энэ жил харин махны үнэ ханш харьцангуй хямд байх шиг. Тиймээс энэ тал дээр бас ч боломжийн гэсэн үг. Гэвч үүгээр хязгаарлагдахгүй, цаана нь тавагны боов боорцог, гар цайлгах бэлэг сэлт гээд их зүйлс хэрэг болно. Хэвийн боовны хувьд мэдээж, өөрсдөө гэртээ хийх юм уу эсвэл эх орны үйлдвэрлэгчдээсээ авч таарна. Харин золгуудын хүмүүсийн гар цайлгах бэлэг сэлт дээр л асуудал яригдана даа.

Жилийн жилд Цагаан сарын үеэр урд хөршийн бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэй болж, монголчуудын мөнгө хэдэн зуун саяараа урагшаа урссаар олон оныг үдэж байна. Хятад барааны чанаргүйг гайхаад байх хэрнээ л түүнийг бэлэг сэлт болгож гар дамжуулсаар л байгаа. Тэдгээр нь төдийлөн хүний хэрэгцээг хангахаар эд биш учраас нэгнээс нөгөөд дамжуулан бэлэглэх замаар цикл маягийн зүйл болж, зарим үед анхны эзэндээ буцаад ирэх тохиолдол ч гарах.

Уг нь санаагаар болдогсон бол, бие биедээ хэрэг болохуйц, өмсөж зүүж, эдэлж хэрэглэх зориулалтын чанартай бэлэг өгдөг бол хичнээн сайн. Гэвч хөөрхий, тарчиг эдийн засагтай, цалин багатай ядуу орны иргэдийн хувьд чанар гэхээс илүүтэй хямд төсөрийг сонгох нь элбэг. Тэгэхээс ч аргагүй юм. Цагаан сарын үеэр хамаг л хуримтлуулж цуглуулсан бүгдээ бараг л шавхахаас наахнуур юм болдог. Цалин, тэтгэврийн зээлээ авцгаана. Зарим нь энд тэндээс мөнгө зээлж өр тавьцгаана. 2-3 сар хоол хийх махаа Цагаан сарын хэд хоногт зарлагадаад дуусгана. Ингээд хураасан хумисан юмаа дуусч, зарим нь өр зээлтэйгээр хаврын тарчиг цагтай золгодог.

Энд нэг зүйлийг зориуд дурдахад, бэлэг сэлтээ үндэсний үйлдвэрлэгчдээсээ авъя гэж бодохоор урд хөршийн ижил төст бараанаас хамаагүй үнэтэй байдагт хамаг асуудал оршино. Манай үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ өөрийн өртөгийг багасгаж, үнэ хямдтай борлуулахгүй бол ядарсан ард түмэн нь худалдан авч та нарыгаа дэмжиж үнэхээр чадашгүй нь. Боломжийн үнэ ханштай бол мэдээж, хэн л балайрчихсан биш заавал хятад бараа авч хүнд бэлэглэх вэ дээ...

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.235) 2017 оны 01 сарын 08

Үндсэний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн дэндүү үнэтэй байнаа тухайлбал моносын хүүхдэд хонины сүүлний тос болон гарчээ.Авья гэтэл 18800 гэнэ 250 гр -тай юм байна Бүх насныхан хэрэглэнэ гэнээ арай л үнэтэй говь шокалод нь номинд 3400 ч бил үү үнээ бодмоор юм Үнэ ихтэй үзэмж тийм болохоор хүмүүс монголоо дэмжмээр байвч арай биш байна Үнэ уян хатан байлгаачээ

0  |  0
ЦАГААН САР(103.212.117.51) 2017 оны 01 сарын 07

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top