Орон нутгийн дулаан хангамжийг хариуцсан нэгжийг нийслэлд төвлөрүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 08

Аймаг, нийслэлийн удирдлагуудын зөвлөгөөн Төрийн ордонд болж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, хамтран ажиллах тухайд Засаг дарга нар танхимын гишүүдтэй санал солилцсон билээ. Энэхүү уулзалтын хүрээнд орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг баталгаажуулж, үр дүнгийн гэрээнд  гарын үсэг зуржээ.

Эрчим хүчний салбарын хувьд 2017 онд бүтээн байгуулалт өрнөж, орон нутагт дулаан хангамжийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү аймгуудын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан байна.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Орон нутагт дулаан хангамж тулгамдсан асуудал байдаг учраас аймгуудын дулааны станцын өргөтгөлд ач холбогдол өгч байна. Дорнод аймгийн Дулааны станцын өргөтгөлөөс гадна 10 аймагт шинэ эх үүсвэр барихаар тусгасан. Мөн баруун бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд бодлогоо чиглүүлж байна. Эрчим хүчний яамны зүгээс орон нутгийн дулаан хангамжийг хариуцсан нэгжийг Улаанбаатар дулааны сүлжээнд төвлөрүүлж байгуулахаар болсон. Сүүлийн хэдэн жил тасарч, эзгүйдсэн энэ ажлыг сэргээж, шаардлагатай үед яаралтай мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхээр болсон нь орон нутаг руу чиглэсэн бодлого ажлын нэг юм” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top