УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Жил бүрийн өдийд Засгийн газар төдийгүй нийгэмд ярьдаг сэдэв нь агаарын бохирдол боллоо. Үе үеийн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар шийдвэр гаргадаг ч үр дүнд хүрээгүй байдаг. Эсрэгээрээ агаарын бохирдлын хэмжээ улам нэмэгдлээ гэсэн шүүмжлэл олширч байна. Саяхан Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ. Таны хувьд энэ шийдвэрийг үр дүнгээ өгнө гэж харж байгаа юу?
-Хүн амын төвлөрөл нийгмийн асуудал ямагт дагуулдаг. Тиймээс төрөөс, өөрөөр хэлбэл, нийгмийн бодлогоор зохицуулагдах ёстой. Бодлоготой байсан бол агаарын бохирдол өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан. Нийгмийн асуудал гэдэг өргөн утгаар шийдвэрлэвэл агаарын бохирдлыг бууруулж болно.
-Таныхаар яг ямар асуудлыг шийднэ гэж?
-Хүн амын механик өсөлт Улаанбаатарт хэтэрсэн. Энэ нь төрөөс дорвитой зохицуулалт хийж чадаагүйтэй холбоотой. Бүр гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Улаанбаатарт иргэн ямар нөхцөлөөр суурьших асуудлыг тодорхой авч үзээгүйгээс ийм байдалд хүрсэн. Үндсэн хуулийн нэг заалт бий. Иргэн оршин суух, амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэж. Энэ эрхийг л зөв ойлгох ёстой байлаа.
-Жишээ нь?
-Утаатай тэмцэх удаа дараагийн арга хэмжээ дотор нэг авууштай шийдвэр байсан юм. Тэр нь М.Энхболдыг нийслэлийн Засаг дарга байх үед Улаанбаатар хотод шилжин ирэх иргэнээс 40 мянган төгрөгийн хураамж авах шийдвэр гаргаж байлаа. Угтаа нийслэлд учир начиргүй шилжилт байх ёсгүй гэсэн дохио байсан.
-Нийслэлд оршин суухад ийм хэмжээний хураамж авах шийдвэр гаргаж байсан хэрэг үү?
-Тийм. Гэвч Үндсэн хуулийн цэцэд асуудал очсон. Үндсэн хуульд иргэн өөрийн оршин суух газраа сонгох эрхтэй атал хүний эрхийг боогдуулсан шийдвэр байна гээд түдгэлзүүлсэн юм. Бид хүний эрх зарим тохиолдолд харьцангуй ойлголт гэдгийг гүйцэт ойлгоогүйтэй энэ нь холбоотой. Өөрөөр хэлбэл, бусдын болон нийтийн эрхээр хүний эрх хязгаарлагдаж байдаг гэдгийг ойлгоогүй. Хүн амын суурьшлын бүсэд хүмүүсийг суурьшуулахад эдийн засгийн механизм хэрэгжүүлэх гэснийг эрх зөрчсөн болгож хувиргасан юм. Үүнээс хойш шилжих хөдөлгөөн дур зоргын хэрэг болсон. Ирэхэд нь чөлөөтэй бүртгэж авах ёстой гэсэн байдлаар хандсан. Тиймдээ ч 400 мянга орчим хүнтэй хотыг 1.3 сая хүнтэй болгосон нь одоо томоохон хохирол, бэрхшээлтэй учрах боллоо. Нөгөө талаар суурин газруудад хүн амын бүртгэлийн механизм сул байснаас үүдэж шилжилт хөдөлгөөн хяналтгүй болсон. 1992 оноос хойш 25 жилийн хугацаанд бий болсон хүн амын шилжилт хөдөлгөөнийг нарийвчлан гаргаж судлах хэрэгтэй. Аймгаас аймагт, хотоос хотод шилжихэд яах ёстой юм гэх зэргээр. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулах тухай ярихдаа эхлээд шилжилт хөдөлгөөнийг зохицуулсан эрх зүйн орчинг шинэчлэх хэрэгтэй. Улаанбаатарт ирж амьдарч болно. Гэхдээ ийм шалгуур, нөхцөлийг хангах ёстой гэдэг ч юм уу. Мөн шилжилт хөдөлгөөнд зохицсон татварын механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь захиргааны гэхээс эдийн засгийн арга хэмжээг нь эрх зөрчигдөхөөргүй зохион байгуулахад чухал байх болно.
-Гэр хорооллын яндангийн тоог багасгах, утаагүй зуух, түлш нийлүүлэх, орон сууцжуулах гээд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн арга хэмжээ авахаас илүүтэй эрх зүйн зохицуулалтыг нь нарийвчлан гаргаж өгөх ёстой гэсэн үг үү?
-Тийм ээ. Жишээ нь, Улаанбаатар хотыг чиглэсэн зүүн аймгуудын нүүдэл харьцангуй бага байдаг. Бараг зогсонги байдалд орсон. Харин баруун аймгийнх их. Ихэссээр ч байгаа. Анх Баянзүрх дүүргээс эхлээд Дамбадаржаа орчмын агаарын бохирдол нийслэлийг бүрхдэг байлаа. Одоо бол баруун аймгаас чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дагаад агаарын бохирдол Сонгинохайрхан дүүргийг илүү хүндрүүлж байна. Тэгэхээр Цэцийн шийдвэрийг харж суухгүйгээр шилжилт хөдөлгөөнийг зохицуулсан бодлого шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм.
-Гэхдээ Цэцийн шийдвэр бол эцсийнх байдаг?
-Цэц шийдвэрээ эргэж харах нь ойлгомжтой болчихсон шүү дээ. Нэгдүгээрт, амьдрал түүнийг нь ойлгуулж байна. Хоёрдугаарт, Цэцийн шийдвэр утаанд замхарч байгаа болов уу гэж бодож байна. Тиймээс нийслэлийн удирдлагууд утаатай тэмцэх тодорхой шийдвэрийг гаргаж болно. Дээрээс нь хөрсний, усны бохирдол гээд олон тулгамдсан асуудалтай холбогдуулж хүн амын механик өсөлтийг зохицуулах арга хэмжээ авах ч эрхтэй, тийм боломжтой. Үндсэн хуулийн цэц ч энэ асуудлыг ойлгох биз ээ. Эрхбиш Цэцийн гишүүдийн хоолойд утаа гашуу оргидог байлгүй дээ. Ер нь Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газрын хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй гэж хэлж болно л доо.
-Гэхдээ л Үндсэн хуульдаа тэгээд заачихсан?
-Гэхдээ түүнийг нөхцөлөөр хязгаарлах, эрх зөрчих хоёр өөр ойлголт. Тухайлбал, хилийн бүс зурваст хонио хариулж болохгүй гэхээр хариулдаггүй биз дээ. Үндсэн хуульд заасан хилийн зурваст би амьдарна гэдэггүй. Нөгөө талаар амьдрах, ажиллах эрхтэй гээд төрийн тусгай хамгаалалттай болон байгаль орчны хязгаарласан бүс нутагт очоод иргэн, байгууллага алт ухдаггүй. Энэ нь хүний эрх зөрчиж байгаа хэлбэр биш. Харин нийгмээ зохицуулж байгаа л арга хэмжээний нэг хэлбэр. Жишээ нь, оюутны хувьд дөрвөн жилийн хугацаанд нийслэлд түр оршин суудаг. Тусгайлан ажил эрхлүүлэхгүй л бол буцаад гараад явдаг байх. Тэр нь зохицуулалттай байх шаардлагатай.
-Нийгмийн асуудал гэж үзэх бол өөр ямар арга хэмжээ авах ёстой билээ?
-Агаарын бохирдлыг бууруулах бас нэг шийдэл нь төвлөрлийг задлах. Бид төвлөрлийг сааруулах гэж ярьдаг л даа. Энэ бол төв байгууллагуудын эрхийг орон нутагт шилжүүлэхтэй холбон яригддаг зүйл. Тэгвэл би нийслэлийн төвлөрлийг задлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ингэхдээ нийслэлд оршин байгаа төр, захиргааны байгууллагаас эхлэх нь арай л үр дүнтэй болох байх, тухайлбал яамдаас.
-Таныхаар яамдыг нүүлгэнэ гэсэн үг үү?
-Тийм. Яамдыг нийслэлийн зах руу нүүлгэнэ, зарим аймагт байршуулж болно шүү дээ. Олон байгууллага, хүмүүс дагаж байршина. Яагаад зарим яам нь Зуунмодод, үгүй бол Дарханд байж болохгүй гэж. Дарханаас Улаанбаатарт ирэхэд хоёр цаг гаруй л болж байгаа шүү дээ. Хотын захаас хотын төв ороход цаг 30 минут яваад барахгүй тохиолдол олон. Хурдны зам тавибал бүр ч цаг хожно. Засмал зам тавьчихсан Дундговь аймагт яагаад байрлуулж болохгүй гэж. Шинэ Үндсэн хуулийг анх оруулж ирж байхад “Нийслэл бол төр захиргааны төв байгууллагуудын оршин байх газрыг хэлнэ” гэж томьёолж байлаа. Тэгэхэд би Төр захиргааны байгууллага байгаа газрыг нийслэл гэхээсээ “Улаанбаатар хот бол Монгол Улсын нийслэл мөн” гэсэн томьёолол хэлж оруулж байсан юм. Төв байгууллагууд заавал нийслэлд гэсэн хатуу заалт Үндсэн хуульд байхгүй. Ховдод, Дорнодод яам байршуулна гэвэл боломжгүй байх л даа. 200-300 км газарт бол асуудалгүй. Яам нь биш юм гэхэд агентлагуудыг нүүлгэж болно шүү дээ. Аймгуудад байршуулах боломжгүй юм бол Багануурт, Багахангай, Налайх дүүрэгтээ байж яагаад болохгүй гэж. Дөрвөн уулын дундах утааны төвлөрлийг бууруулах гол арга нь иймэрхүү л байх болов уу. Ажил хэргийг зөв шийдвэл нийслэлийн төвлөрөл саарч, унааны саатал, ус, агаарын бохирдол багасах болно.
-Гэхдээ яамд, агентлагийг нүүлгэх санал өмнө нь гарч байсан ч төдийлөн дэмжигдээгүй?
-Өмнө нь их, дээд сургуулийн талаар асуудал тавигдаж байсан. 2008-2012 онд Боловсролын сайд Ё.Отгонбаярын үед энэ зоригтой санааг дэвшүүлж байсан. Тэр үед их, дээд сургуулиудыг нүүлгэх санал гарч байв.
-Багануурт оюутны хотхон байгуулах тухай ярьж байсан ч бодит ажил болж чадалгүй тэгсхийгээд замхарсан?
-Тэгсэн. Оюутны хотхоныг Багануур, Налайхын чиглэлд байгуулъя гэж газар хүртэл авсан. Үүнтэй холбогдуулж Ё.Отгонбаяр сайдад их, дээд сургуулийнхан дурамжхан хандсан тал бий. Гэхдээ Ё.Отгонбаярын санаа зөв байсныг нийгмийн болон нийслэлийн амьдралаар ойлгох боллоо. Оюутны хотхоныг хотоос зайдуу байгуулснаар төвлөрөл, утаа гэлтгүй бас оюутны цогцолборууд шинээр босох байсан. Түгжрэл гэж нийтийн цагийг иддэг нийгмийн гамшигт үзэгдэл нүүрлээд байгаа. Үүнийг ч шийдвэрлэхэд дэм болох байлаа. Улаанбаатар хотод лав 150 мянган оюутан байгаа. Зарим их, дээд сургууль, коллежийг аймагт байгуулах, байршуулах шаардлагатай. Ховд, Дорнодод их, дээд сургуулиуд олон жил ажилласан туршлагатай. Тэнд өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгээд болж байна. Өнөө маргааш гэж ханцуй шамлахгүй ч шийдэх асуудал биш гэж үү. Дор хаяж хоёроос гурван жилийн өмнөөс цаашлаад 5-8 жилд шилжүүлэн нүүлгэж болно доо. Хамгийн гол нь, Засгийн газраас бодож боловсруулсан төлөвлөгөө график гаргах хэрэгтэй болно.
-Засгийн газрын төвшинд шийдэж байхаар УИХ-аас тогтоол гаргаад чиглэл, үүрэг өгчихөж болдоггүй юм уу?
-Болно. Гэхдээ шийдвэр гаргахаасаа өмнө сайн судлах хэрэгтэй. Ингэхдээ төвд блтгэх оюутныхаа тоог тогтох, энэ ажлыг хэдэн жилийн дараа яг цав хэрэгжүүлж болохыг тооцох нь чухал. Их, дээд сургуулиуд эхэндээ хэцүү л байх. Нэг байрлуулсан газрыг хөдөлгөхөд хэцүү. ТҮЦ-ийг хөдөлгөхөд ч их яриа болж, хэцүү байдаг. Гэхдээ бэрхшээлийг давж болно. Монголчуудын гэрээ хаа дуртай газраа нүүлгээд барьдагтай адил биш. Үндсэн хөрөнгө байршсан газраасаа хөдлөхөд хэцүү. Гэхдээ тодорхой бодлого, хугацаа төрийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдэж болно. Ядахдаа Улаанбаатарт сургадаг мэргэжлийг цөөлж, орон нутаг нутгийн салбаруудаар бэлтгэдэг болбол бас л нэг алхам. Ер нь оюутнуудыг дагаж хөдөө, хот суурингаас маш их шилжилт хөдөлгөөн ирдэг. Нэг оюутны хойноос дүүгээсээ эхлээд хоёроос гурван хүн дагаж, хашаа, байшинд орж суурьших болдог. Нэг үгээр хэлбэл, нийслэлд ямар байгууллагууд нь байх, эс байх асуудлыг ярьж байна.
-Зөвхөн төрийн байгууллага, сургуулиудаар асуудал дуусах уу?
-Үүнээс гадна нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн газруудын асуудал гарч ирнэ. Ялангуяа байгаль экологи, агаар, усны бохирдолд нөлөөлж байгаа үйлдвэрүүдийг бүс, төв, орон нутгаар байршуулан тогтоох, заримыг нь шилжүүлэн нүүлгэж болно. Улаанбаатараас цөөнгүй үйлдвэр технологио шинэчлэн байршлын бүсүүдэд шилжих нь зөв биз дээ.
-Төрийн зохицуулалт муу байдгаас л ийм асуудалд хүрсэн гэж хэлэх гээд байна уу. Урьд нь яагаад арга хэмжээ авч байгаагүй юм бэ?
-Мэдээж төр, засгийн зүгээс багагүй арга хэмжээ авч байсан л даа. Жишээ нь, 2000 онд шинэ мянган эхэлсэн. Энэ үед Мянганы зорилт, сорилт-НҮБ-ын 15 жилийн хөтөлбөр дэвшигдсэн юм. Монголчууд маш том шийдлүүдийг 2000 оноос хэрэгжүүлсэн шүү. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр улс төр, эдийн засгийн томоохон шийдвэр гаргах санал, санаачилга дэвшүүлж байсан. Үүнд: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг нэрлэж болно. УИХ бүсчлэн хөгжүүлэх шийдвэр гаргасан, одоо ч хүчинтэй. “Мянганы зам” хөтөлбөр, эрчим хүчний 2015 он хүртэлх хөтөлбөр, аймаг, сум бүрийг цахилгаанжуулсан бодлого гаргаж хэрэгжсэн. Энэ ажлын хүрээнд манай орны алслагдсан сумууд хүртэл эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. 15 жилийн хугацаанд улс орон даяар их амжилтууд гарсан. Энэ бүхэн үнэн зүйл. Хөгжил, дэвшил аймаг, орон нутагт явагдаж тэнд ямар ч байгууллага, хүн ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсаныг би бага ажил гэж чамлахгүй.
Баруун бүсийн тулгуур төв нь Ховд, наашлаад Улиастай, зүүн талд Чойбалсан хот, Чингис хаан хот гэх зэргээр. Энэ бодлого бол маш зөв. Дээр хэлээд байгаа нийслэлийн хэт төвлөрлийг задлах явдал энэ бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалаар бэлтгэгдсэн болно. Ийм болохоор хийгээгүй гэж нэрлээд байгаа ажлыг одоо хийх цаг, боломж нь болсон гэдгээр хэлж байна. Засгийн газар, УИХ-аас удаа дараа анхаарлаа хандуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бүх аймгийг нийслэлтэй холбох ажлыг эрчимжүүлсэн. Энэ нь “Мянганы зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ байсан шүү дээ. Тэрийг барьж аваад мань эр их үзсэн. Их ч юм хийсэн. Харамсалтай нь хөрөнгө мөнгийг нь их хэмжээгээр урьдчилаад асгачихнаас сүүлдээ замаа тавих мөнгө нь дутаад, ажил зогсох болов. Хэтэрхий яарч давхисан нь эцэстээ сөрөг болсон болохоос.
Харилцаа холбоо төрийн удирдлага, бизнесийн аль алинд дэвшил авч ирлээ, боломж ч авч ирлээ. Удирдлагаас шийдвэр өгөх, шийдвэрийн гүйцэтгэ-лийг хангах, ер нь удирдахад алслагдсан гэдэг ойлголт хуучрав. Ийм бэлтгэл хангагдаж, нөхцөл бүрэлдээд байгаа болохоор урьд хийгээгүй гэж гоморхох биш одоо цаг нь болжээ гэж хэлэх байна.
-Утаанаас салахын тулд цахилгаанжуулах илүү үр дүнтэй гээд байгаа байх аа?
-Тиймээ, тэгэхдээ бас Монгол Улс газтай болмоор байгаа юм. Европын хүн ам төвлөрсөн нийгмийн асуудлаа томоохон хотууд цахилгаан, газанд суурилан шийдвэрлэсэн. Газны хэрэглээ бол их чухал. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагууд Монголыг бага зэрэг үл тоомсорлох болоод байна уу даа. Хэрвээ ОХУ, Хятадын хийн хоолойг Улаанбаатараар дамжуулаад тавьсан бол бидэнд утаа төдийгүй, нийгмийн маш том асуудлыг шийдэх боломж бий болох байлаа. Гэвч чадсангүй. Тэгэхээр газыг яаж хямд өртгөөр нийлүүлэх вэ гэдэг бодлогын асуудал гарч байна. Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нь дэлхийн ханшнаас өндөр үнээр газ шахах гэж оролддогийг зогсоох ёстой. Монополийг задлах, төсөл, хөрөнгө зарах шаардлагатай. Хямд өртгөөр газ нийлүүлэх том төсөл хэрэгтэй боллоо.
-Мэдээж утаа өргөс авчихсан юм шиг зүгээр болчихгүй нь тодорхой?
-Нийгэм, улс төрийн томоохон арга хэмжээ бол зохих хугацаа шаардана. НҮБ-аас 2030 он хүртэлх зорилтоо “Тогтвортой хөгжил” гэж тодорхойлов. Ард түмэнд өгөөжтэй хөгжлийг бий болго гэсэн үг. УИХ-ын гаргасан энэхүү бодлогод орон нутгийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх асуудлыг тусгасан. Гэхдээ энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглах хэрэгтэй. Намайг УИХ-ын дарга байх үед одоогийн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл 15-18 литр усаар гэр халаах цахилгаан төхөөрөмж гаргаснаа харуулж байсан.
-Хэдэн оны үед юм бол?
-2010 онд. Түүнээс хойш долоон жил өнгөрөхөд олон төрлийн цахилгаан халаагуур гарчээ.
-Улам боловсронгуй болсон байх?
-Тийм ээ. Шалны халаалтаас эхлээд цахилгаан хуримтлуулж халаадаг технологи. Мөн 360 мянган төгрөгөөр усан халаагуур гэрт тавьж байна. Германы жижигхэн цахилгаан халаагуураар гэр халаадаг технологи болсон байна. Энэ юуг харуулж байна гэхээр орчин үеийн технологийн боломжийг ашиглавал монгол гэрээ цахилгаанжуулж болно.
-2010 оны үед танилцуулж байсан гэлээ. Тухайн үед яагаад хэрэглээнд нэвтрүүлж болоогүй юм бол?
-Тухайн үед Баянзүрх дүүргийн зарим айл өрхийг цахилгаанжуулах болсон. Улсын төсвөөс гаргаж өгсөн хөрөнгө тэр үед утаагүй зуух, түлш, яндан, гэрийн давхарга гэх зэргийг илүү ач холбогдолтой гэж бид бүгдийг итгүүлж байсан шүү. Өөрөөр хэлбэл, улсаас төсөвлөсөн хөрөнгө үр ашиг муутай зарагдсан нь одоо бүр тодорхой болж байх шиг. Ер нь алдаа гарсан.
-Жишээ нь ямар алдаа гаргасан гэж?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог хариуцдаг эздийг сэлгэж, төсөл арга хэмжээнд хяналт муу тавьсан.
-Ерөнхийлөгч толгойлоод уу?
-Тийм, дараа нь Засгийн газрын тэргүүн толгойлох болсон. Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын нуруун дээрээ үүрэх ажил байсан. Өөрөөр хэлбэл, хариуцлагын асуудлыг ярихад эзэн хоёрдмол болон солигдсон. Олон мянган айлд утаагүй зуух, түлш тараасан. Ер нь утаагүй зуух, түлш ч гэж байхгүй шүү дээ. Мөнгө үр ашиг багатай зарагдсан. Н.Алтанхуягийн Засгийн газар том алдаа гаргасан. 2013 оны орон нутгийн сонгууль явахын өмнөхөн хямд үнэтэй нүүрс тараасан. Нүүрс түлэх хэмжээг улам нэмэгдүүлсэн.
-Багануурын нүүрсийг хэлээд байна уу?
-Тийм. Утааны өтгөрлийн графикийг хараарай. 2013 оны өвөл хамгийн их утаатай байгаа. Багануурын нүүрсийг газар дээр нь угаагаад нийслэл рүү оруулах төсөл байснаа зогсч, шууд нүүрсээ тараахад хөрөнгөө зарсан. Ерөөсөө л сонгуулийн санал авах арга саам болохоос утаатай тэмцэх бодлогод харшилсан зүйл болоод өнгөрсөн.
-Таныхаар тэгээд яаж тэмцэх байсан гэж?
-Орон сууцжуулах нь зөв. Зэрэгцээд гэр хорооллын айл өрхийг цахилгаанжуулах хэрэгтэй. Орон сууцжуулах тухайд багагүй ажил хийсэн үү гэвэл хийсэн. 40 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрөөс эхлээд 100 мянга, одоо ипотекийн зээлийн бодлогод хүртлээ ажил явж байна. 2020 оноос юм уу угаагаагүй нүүрс ахуйн болон жижиг зууханд хэрэглэхгүй гэсэн шийдвэр одооноос гаргаж болно. Нүүрс огт түлэхгүй гэвэл худал байх. Нүүрс угаах төсөл Багануурт хэрэгжих л ёстой ажлын нэг. Шороо тээхээ зогсоно. Энэ бол шинжлэх ухааны ололтод түшиглэсэн арга хэмжээ.
-Шөнийн тарифыг тэглэснээр?
-Одоогийн Засгийн газраас гаргасан гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр бол Н.Алтанхуягийн хямд нүүрс тарааснаас тэс өөр арга хэмжээ. Өөрөөр хэлбэл, нүүрсээ багасгаж цахилгаанжуулъя гэсэн бодлого. Ирээдүйтэй зөв шийдэл. Ер нь шөнийн тарифыг тэглэнэ гэдэг бол маш зоригтой шийдвэр. Үүгээрээ Ж.Эрдэнэбат хамгийн зоригтой шийдвэрийг гаргалаа.
-Эрчим хүчний ачаалал дийлэх үү гэсэн нэг асуудал бий?
-Мэдээж зарим талаараа эрсдэлтэй байж болно. Эрчим хүчний хүчин чадал, шугам нь дийлэх үү асуудал мөн. Гадуур яваад харахнээ бүгдээрээ цахилгаанд залгаад халаадаг халаагуур их авч байна. “Та нар энийг худалдаж авч яах гэж байгаа юм” гэхээр “Өрөө болгондоо авч тавиад шөнийн цагаар залгачихна” гэж ярьж байна лээ. Үүнээс үүдээд цахилгааны утаснуудын даац, хүчдэл, галын аюул зэрэг олон эрсдэл бий. Хүмүүс дэмжиж хошуурч байна. Хошуурахаар барахгүй ерөөсөө цахилгаанжуулъя гэж байна. Зарим нь зуслангийнхаа байшинд тоног төхөөрөмж залгачихаад үйлдвэрлэл явуулах тухай хүртэл хэлж байна лээ. Сөрөг талыг засаад явж болно. Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлж байна лээ. Шөнийн тарифыг тэглэхэд 25 тэрбум төгрөгийн санхүүжилт төрөөс гаргана гэж. Үүнийг Засгийн газар өгч чадах байх. Ямар ч байсан Засгийн газрын гаргасан шийдвэр бол монгол гэрийг цахилгаанжуулах ажлын эхлэлийг тавьсан гэж хэлмээр байна. Нөгөө талаас шинжлэх ухааны байгууллагуудтайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийг нь дэмжээд, хөрөнгө мөнгө гаргаад явахад буруудахгүй. Миний яриад байгаа зүйлс бол аймгийн төвүүдэд ч хамаатай. Тэнд ч утаа униар татаж байна. Түрүүчээсээ хүн ам илүү хурдацтай төвлөрч эхэллээ. Тэгэхлээр эртнээс бодлоготой, бэлтгэлтэй, зохицуулах арга хэмжээтэйгээ байх хэрэгтэй болно.
-Хотын утааг багасгахын тулд олон том арга хэмжээ авах хэрэгтэй болох нь ээ?
-Тиймээ. Дээр нэрлэснээр зогсохгүй нүүрсээр галладаг жижиг уурын зуухны тоог цөөлөх, төвлөрсөн халаалтын сүлжээг өргөтгөх, автомашины утааг хэрхэх тухай тус бүрдээ тав, арван жилийн хугацаанд шийдвэрлэх бие даасан төсөл хөтөлбөр, төлөвлөгөө шаардана. Их ажил.
“Тэр Долоон өөрчлөлтийг хийх шаардлагагүй байж дээ” гэж хожим бодогдохоор болсон юм шүү дээ
-Одоо ярианыхаа сэдвийг өөрчилье. Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийг байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн асан Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж амжилгүй явсаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Харин өнөөдөр Засгийн газрын төвшинд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлаад эхэлчихлээ. Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Үндсэн хууль бол өөрөө том асуудал. Жишээ нь, хүн амьдрах орчноо өөрөө сонгоно гэдэг асуудал Үндсэн хуульд л бий. Гэхдээ энэ бол хүний эрхтэй холбоотой асуудал. Үүнийг өөрчлөх үү.
-Өөрчлөхгүй...?
-Өөрчлөхөөс илүүтэй бусад хуулиараа зохицуулах асуудал юм. Үүн шиг асуудлыг Үндсэн хуультай холбоод өөрчлөлт оруулах гэж тайлбарладаг. Үндсэн хуулийг батлалцсан хүний хувьд энэ талаар судалгаа хийгээд олон жил болж байна. Үндсэн хуулийг хэлэлцэх үед олон ч саналын томъёолол хэлж оруулж байлаа. Жишээ нь, “Төрийн эрх ард түмний мэдэлж байна” гэдэг томъёоллыг би хийсэн. Тухайн үед тараасан материалд болохоор орхигдуулсан байсан юм. Орхигдуулах ч юу байх вэ. Ард түмний төр ямар хамаатай юм эсвэл капитал төр бий болгоно гэж ойлгосон ч юм уу.
-Төрийн байгуулалт талаасаа алдсан оносон юм бий болохоор нэмэлт өөрчлөлт оруулах замаар засах боломжтой гэж ярих хэсэг бий?
-Үндсэн хуулийг батлаад зургаан жил болсны дараа дахиад л нэмэлт өөрчлөлт оруулах тухай бид ярьж байсан юм шүү дээ.
-1998 онд...
-Долоон өөрчлөлт гэж ярьсаар байгаад оруулсан. Тэр нь Цэц дээр унаад дахиад өөрчилж баталсан. Тэгэхээр зургаан жилийн дараа л өөрчлөлт оруулсан байгаа биз.
-Ер нь тэр долоон өөрчлөлтийг оруулснаар оносон юм байдаг юм уу, эсвэл алдсан уу. Олон нийтийн ойлголтоор бол “Дордуулсан долоон өөрчлөлт” гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд энэ ойлголтын хаана нь явдаг юм?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал тэр долоон өөрчлөлтийг хас гэдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд тухайн долоон өөрчлөлтийн алийг нь авах, хасах гээд ажилласан байдаг юм. Ингээд дөрвийг нь аваад гурвыг нь хасъя гэж ч ярьж байлаа.
-Авч үлдэх гуравт нь аль өөрчлөлт нь орж байсан юм бол?
-Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, чуулганы ирц, нууц санал хураалтыг байлгаж байя гэх зэргээр ярилцсан. Мөн ил санал хураалт, нууц хураалт хоёрын аль нь ашигтай юм. Ил санал хураахаар намд ашигтай. Учир нь, тухайн гишүүний саналыг нам нь хянана. Нууц санал хураалтаар бол намдаа хянагдахгүйгээр саналаа өгдөг зэргээр эрх ашгийн үүднээс шийдсэн байдаг юм. Судлаад үзэхээр тухайн үед “Долоон өөрчлөлтийг хийх шаардлагагүй байж дээ” гэж хожим бодогдохоор юм болсон шүү дээ. Би УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж байсан. Тэгэхэд долоон өөрчлөлтийг хэрхэх, хэрвээ гар хүрэх юм бол зарим асуудлыг өөрчлөх шаардлага байна уу гэсэн зорилгоор байгуулсан юм. Ажлын хэсгийг тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин ахалж байсан. Ер нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ахалдаг л даа.
Сүүлд 20 шахам өөрчлөлтийн асуудал яригдаад шүүж, тунгаасаар байгаад 10 гаруй асуудал үлдсэн юм. Тэдгээрийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулна гээд явтал хэд хэдэн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Жишээ нь, одоогийн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарын гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Мөн одоогийн хотын дарга Су.Батболд парламентын тогтолцоог хоёр шатлалтай болгоно гэсэн хуулийн төсөл өргөн барьж байлаа.
-Дээд, доод хоёр танхимтай болгох уу?
-Тийм. Ардын Их хурал болон Бага хурлыг байгуулна. Улмаар 300-400 депутаттай болгоно. Одоогийн цадиггүй гэх 76 гишүүний тоог цөөлж Бага хурал болгоод Их хурлаас нь хянаж байя гэсэн санаа. Байнгын үйл ажиллагааг нь Бага хурал хариуцна гэсэн үг. 1992 оны Үндсэн хуулийг батлах үе хүртэл байсан тогтолцоог буцаагаад бий болгох юм. Думаагийн Содном багш ч ярьдаг юм. Энэ тогтолцоонд орно гэж. Эдгээр хуулийн төслийг авч хэлэлцээд ерөөсөө санал нийлэхгүй гэж үзсэн. Учир нь, нэг хэсэг нь парламентын хоёр тогтолцоотой болно гэж байхад нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн засаглалтай болно. Бүр нөгөө хэсэг нь хотын асуудал зэргээр дур дурын юм ярьж байна.
Тэгсэн мөртлөө нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байх шинжтэй нөхцөл байдал харагдаж байсан. Тэгээд ч сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хориотой учраас хугацаа ч байхгүй болсон. Ингэж явсаар дараагийн парламентад шилжүүлэхээр болсон. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ямар журмаар оруулах вэ гэдгээ тохирчихоё гэж үзсэн.
-Энэ шалтгаанаас үүдэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан байх нь?
-Тэгсэн. Энэ бол 2008-2012 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар ажилласан ажлын үр дүн. Нэг зүйлийг хэлэхэд УИХ 2000-2008 оныг хүртэл “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг авах уу, хасах уу гэдэг дээр ажилласан байдаг юм. Харин З.Энхболдын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага юу, үгүй юү гэдгийг шийдвэрлэх зорилгоор дахин Ажлын хэсэг байгуулсан.
-Ажлын хэсэгт УИХ-д суудалтай таван намын төлөөллөөс гадна Үндсэн хууль батлалцсан гишүүдийг оруулж байсан санагдаж байна?
-УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Миний хувьд 1998 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулсан ажлын хэсэг бүрт орж ажилласан. Ажлын хэсэг асуудлыг жил гаруйн хугацаанд судлаад нэмэлт өөрчлөлт оруулж болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд дахин Ажлын хэсэг байгуулж УИХ-ын гишүүн асан Н.Батбаяраар ахлуулсан юм.
-Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан нь ямар учиртай байсан юм бол. Таны хэлснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь ахлах ёстой байсан юм биш үү?
-Н.Батбаярыг Үндсэн хууль батлалцсан, Ардын Их Хурлын 430 депутатын нарийн бичгийн даргаар байсан гэдгээр нь сонгосон юм билээ. Тийм учраас Үндсэн хуулийг баталсан хүмүүс нь голдуу оръё гээд Н.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Л.Болдоос гадна намуудын төлөөлөл орсон. Ажлын хэсэг нэлээд хугацаанд ажиллаад 20 гаруй асуудлыг гаргаж ирсэн. Өмнөх парламентын үед буюу намайг УИХ-ын даргаар ажиллаж байхад гурван хуулийн төсөл өргөн баригдсан. Харин Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгээс гаргасан нэг гээд дөрвөн хуулийн төсөл болчихож байгаа юм. Эдгээр төслийг нэгтгээд үзэхээр өнөөх л 2008-2010 оны дүгнэлт харагдаж байсан.
Яг ямар асуудлыг өөрчлөе гээд гаргаж ирээд байна гэхээр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван институцтэй холбогдсон үйл ажиллагааны болон эрх хэмжээний асуудал тавигдаж байгаа юм. Жишээ нь, Засгийн газар өөрийнхөө эрхийг чамлаад байдаг. 20 гаруй жилийн дотор үйл ажиллагаа явуулсан Засгийн газрууд УИХ-аас хараат байсан зэргээр. Нэг Засгийн газар 1.7-хон жилийн настай байсан. Энэ бүхэн нь Үндсэн хуулиас болж байна гэх зэргээр. Ер нь ийм бодол төрийн дээд хэмжээнд бий болчихсон зүйл л дээ.
-Засгийн газар эрх зүйн чадамжгүй болчихсон гэдэг нь хэр үндэстэй юм бэ. Үнэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий юү?
-17 Засгийн газрын үйл ажиллагааг нэгбүрчлэн авч үзэх хэрэгтэй. Би бол авч үзээд арай өөр дүгнэлт хийсэн. Одоо бусад нь дүгнэлтээ хийг. Ямар дүгнэлт гарахыг нь харъя.
-Дүгнэлтээ одоо хэлчихэж болохгүй юу?
-Энэ удаад хэлэхгүй өнгөрөөе өө.
-Нэг хэсэг Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэтэрхий их байна гэж ярьсан. Одоо ч мэр сэр ийм яриа бий?
-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдгийн шинжтэй, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл гэж заасан. Тэр л утгаараа байх ёстой. Гэтэл энэ нөхөр чинь “Би ард түмнээс сонгогдсон” гэдгээрээ түрий бариад Засгийн газрын үйл ажиллагааг шүүрч аваад байна. Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас баталбал таарна гэсэн санал Ажлын хэсэг дээр нэлээд хурц яригдсан байдаг юм. Миний хувьд “Байж болох л зүйл. Гэхдээ эв нэгдлийн илэрхийлэл гэдэг утгаар нь авч үзвэл ард түмэн сонгох байлгүй дээ. Эв нэгдлийн илэрхийлэл гэдэг чинь наанаа бэлгэдэл төдий ч сонгогдох болохоороо ард түмнээс шалтгаалдаг юм шүү” гэж хэлсэн. Ингээд олонхиороо санал хураагаад шийдээд байсан. Тэгсэн сүүлдээ парламентаас сонгох нь зүйтэй гэдэг нь давамгайлсан юм. Тэгэхэд “Парламентаар шийдвэрлэж байгаа бол аймаг, сумын ИТХ-ын дарга нарыг оролцуулж байж саналын эрхтэйгээр санал хураая. Ингэхийн бол 400 гаруй хүн цуглаж санал хураана” гэж нэмэлт санал хэлсэн. Гэтэл сум, дүүргийн ИТХ-ын дарга нарыг болъё, зөвхөн аймгийн ИТХ-ын дарга нарыг оролцуулъя гээд олонхиороо шийдчихсэн юм.
Засгийн газрын эрх мэдлийн тухайд олон асуудлыг ярилцсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ч Засгийн газрын гишүүд байсан. Ер нь Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ямар байхаас тухайн асуудал шалтгаалдаг. Манай Ажлын хэсэгт Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүн олон байсан. Тиймээс Ерөнхий сайд сайдуудаа бүрэн эрхтэйгээр оруулж, татах, томилох асуудлыг өөрөө шийдвэрлэнэ гэж тусгасан. УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шүү дээ. Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах тохиолдолд дараагийн сайдыг нь тодруулж байж огцруулна гэх жишээний. Огцруулах боломжгүй л юм хийгээд байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг хамгаалсан заалт сүүлд өргөн барьсан хуулийн төсөлд бий. УИХ-ын эрх хэмжээ гэхэд нэлээд хумигдсан байдалтай байсан.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай бас ярьж байсан?
-76 гишүүнийг 99 болгоё. Эрхийн тоогоор 108 болгоё гээд ярьж л байсан. Хамгийн гол нь Үндсэн хуулийг өөрчлөх ийм шаардлага байна гэсэн шинжлэх ухааны нарийн тооцоотойгоор хийсэн судалгаа яг байна уу гэвэл байхгүй.
-Гэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээд тусгачихсан байгаа?
-Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэе гэдэг утгаар Засгийн газраас анхаарал хандуулах байх. Аль нь болохгүй байгаа юм гэдгийг нь сайн судлах хэрэгтэй. Би энэ талаар олон дүгнэлт хийж үзээд буруу ажиллагаа, арга барилаас болж гарсан зүйлийг Үндсэн хууль руу чихэх оролдлого түлхүү яваад байна гэж харж байгаа юм.
-Таныг УИХ-ын дарга байхад баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар “Эцэг хууль”-даа гар хүрэх бараг боломжгүй юм биш үү?
-Журмын тухай хуулийг гаргахдаа УИХ-д өргөн барьсан гурван хуулийн төслийг авч үзээд алийг нь ч авахад бэрхшээлтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуулиас болж асуудал бий болоод байна гэсэн дүгнэлт судалгаа алга байсан. Тиймээс Журмын тухай хуулийг гаргаж юуг хөндөж болох вэ гэдгийг нь заагласан юм. Тэр зааглалтаар төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг авах боломжгүй. Дээр нь хүний эрхтэй холбоотой заалтуудыг хөндөхгүйгээр хуульчилсан.
Орон нутгийн өөрөө удирдах байгууллага байх ёстой гэсэн зарчмыг нь хадгалсан. Энэ мэтчилэнгээр Үндсэн хуулийн гол болон суурь зарчмыг эвдэхгүй гэсэн санаагаар гарсан хууль юм шдээ. Тийм учраас Н.Батбаяр нарын өргөн барьсан төслийн зарим заалтыг биелүүлэх боломжгүй болохоор Журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг давхар тавьж эхэлсэн байдаг. Мэдээж Журмын тухай хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хуулийн заалт зарчмууд хөдөлж байж өөрчлөлт оруулах боломжтой.
-Анхнаасаа яагаад ингэж хуульчилсан юм бэ?
-Парламентад нэлээд нухацтай улс төрийн хүчин гарч ирсэн тохиолдолд Журмын тухай хуулийг давж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг.
-Одоогийн МАН-д гуравны хоёр байтугай үнэмлэхүй олонхийн товчлуур бий шүү дээ?
-Болохгүй гэх зүйл байхгүй л дээ. Хамгийн гол нь яагаад болохгүй учраас ямар өөрчлөлтийг яагаад хийж байгаа юм бэ гэдэгт л үндэслэл хариултыг ард түмний өмнө гаргаж ойлголцох хэрэгтэй. Журмын тухай хуулиар гэхэд олон ярилцлага, хэлэлцүүлгийг хийхээр заасан байгаа. Сүүлд буюу өмнөх парламентын үед өргөн барьсан дөрөв дэх хуулийн төслөөр ард түмэнтэй шууд санал асуулгын журмаар явуулахаар шийдсэн. Гэхдээ тийм тулгалтаар явахгүй л дээ. Дөрөв дэх төсөл яагаад яваагүй юм гэхээр хэтэрхий тулгасан байхгүй юу.
-Цаг хугацааны хувьд ч боломжгүй байсан?
-Тийм. Ажлын хэсэг дээр ч зарим саналын зөрүү гарч байсан. Ер нь 2000 оноос хойш 16 жилийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар яриад хэцүү юм байна гэдгийг хаа хаанаа ойлгосон байх аа.
-Н.Батбаяр нарын гишүүд хуулийн төслөө өргөн барьсны дараахан Н.Лүндээжанцан гишүүн та хоёр нэрээ татсан байх аа?
-Тэр юутай холбоотой юм гэхээр УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх тухай асуудлыг ард түмэнтэйгээ ярилцаж шийдвэрлэе гэж Ажлын хэсэг дээр тогтсон юм. Ёс зүй талаасаа ч буруу байна гэсэн юм. Гэтэл Н.Батбаяр гишүүн хуулийн төслийг өргөн барихдаа тоог нь өөрчлөөд тавьчихсан байсан. Тэрнээс болж саналын зөрүү гарсан. Р.Гончигдорж, Н.Лүндээжанцан, Л.Болд бид нарт бүр халгаатай төсөл байсан. Гэхдээ амаргүй байгаа биз. Гол нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол их нухацтай судалгаатай хийх ёстой. Мөн ард түмнээр хэлэлцүүлж ойлголцох учиртай.
-Одоо бол 2000-2008, 2008-2012, 2012-2016 гэсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван хуулийн байгаа юм байна?
-2000-2008 онд бол долоон өөрчлөлтийн тухай судалсан. 2008 оноос эхлээд тэрхүү долоог өөрчлөхөд дагавар өөрчлөлт гарах уу гэдгийг үзсэн. Үр дүнд нь гурван хуулийн төсөл өргөн барьсан. Сүүлийнх нь өнгөрсөн парламентынх. Дунд нь бол Журмын тухай хуулийг баталж гаргасан.
-Үе үеийн парламентын гишүүдийг харахад Үндсэн хууль батлалцсан бас гадарладаг гишүүн олон байсан. Харин өнөөдөр Үндсэн хууль батлалцсан гишүүдээс хоёрхон хүн УИХ-д сууж байна. Бусад гишүүний хувьд харьцангуй шинэ. Яг ийм бүрэлдэхүүнтэй үед Үндсэн хуульдаа гар хүрэх нь хэр зохимжтой вэ. Ёс зүйн талаасаа ч гэсэн?
-Эргэлзэх зүйлийн нэг фактор байх л даа. Гэхдээ Ажлын хэсэг нь өргөн бүрэлдэхүүнтэйгээр зөвшилцөж чадах уу гэдэг нь чухал асуудал. Үндсэн хууль батлагчдын холбооноос эхлээд мэргэжлийн судлаачдыг хамруулах хэрэгтэй. Үндсэн хууль баталсан 430 депутатаас өнөөдөр тэн хагас нь амьд сэрүүн байгаа. Тэр хүмүүс нэг үг хэлнэ. Тэдний хувьд Үндсэн хуулийг батлаад 25 жил амьдралаараа туулж байгаа учраас ярих юм их байгаа. Тийм учраас нийгмийн олон давхрагын саналыг сонсох ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг бол нийтээрээ зөвшилцөж байж нэгдсэн ойлголтод хүрэх асуудал.
-Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулгыг явуулъя гэж яриад байгаа?
-Тийм ойрын хугацаанд явуулж чадахгүй байх аа. Санал асуулга гэдэг бол нийт ард түмнийх байдаг.
С.Гандөл
Сэтгэгдэл ( 6 )
УБ-чуудыг өвч хуучтай болгон, олон өтгөс нялхасын амийг 20 жилийн турш авч буй гэр хорооллынхон нэг юм бодох цаг болсон. Өвөл нь утна , Хавар, зуны борооноор хамаг хог угаадас, жорлон,нус шээсээ хотын төв рүү урсагана,нөгөөх нь салхинд пургиж бужигнаад хамар ам, гэр орон луу чигжиж ирлээ. Хавдар халдварт өвчин салдаггүй гэж тэд гайхан ярина. МУ-ын хүн амын тал хувийн амь насыг 20 жилийн турш дэнсэн дээр тавьж ирсэн энэ малууд төрөөс унэгүй ток, халаагуур, нүүрс нэхэж сууж гэнэ. Тэднийг урьж УБ-д ирүүлсэн юм уу. Ямар гавьяа байгуулсндаа үнэгүй юм нэхдэг.ИЙМ УЛСЫГ ХӨӨЖ ГАРГА.
Битгий солиор, мэдэхгүй хэн байгаа юм, утаа юунаас болсон гэдгийг, айлын нялх охиныг жирэмсэн болгож амьдралаар тоглож байхын оронд утааг бууруулах гэж сэтгэл гаргах нь яасан юм, сэтгүүлчид нь гэж худлаа хуурамч дуракууд ийм юмнуудаас л утаа яагаад бий болов гэж асууж л байдаг, та утааг арилгах талаар юу хийж байсан бэ гэж асуу, хэдэн тэрбумаар нь гаргаж байсан мөнгө хайчныг тухайн тухайн үеийн удирдлагуудаас нь нэх за
Хүүхэн шааж хууль батлалцаж явхадаа утааг чи л үүсгэсэн шүү дээ мэдсээр байж дуугарахгүй хөгийн өвгөн
Энэ өвгөн зөнөчихөж.Бушуухан тэтгэвэрт нь суулгавал яасым.
Олон жил Их хурлын суудалд суусан байж одоо л нэг юм мэдэж байгаа юм уу. Арай дэндүү юмаа
Одоо л мэдэж байгаа юм уу? Харамсалтай...