Оны өмнө “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд өөрчлөлт орж 50 ам.метр талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 хүртэл болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас “Буянт-Ухаа II” хороололд шинээр 200 айлын гурван өрөө байрыг иргэдэд түрээслүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан сонгон шалгаруулахыг хэзээ, хэрхэн явуулахыг иргэд сонирхож байгаа юм.
Иймээс энэ талаар ТОСК-ийн дэд захирал Б.Цээпилдоржоос тодруулахад “Засгийн газрын тогтоолоор нийтдээ 340 орчим түрээсийн орон сууцны асуудал шийдэгдсэн. Үүнээс Буянт-Ухаа II” хороололд 200 айлын орон сууц цагаан сараас өмнө түрээслүүлэхээр болсон. Ингэхдээ шударга зарчмын дагуу өмнөх шигээ сунгалаагаар тодруулна. Гэхдээ өнгөрсөн жил орон сууц түрээслэхээр манайд өргөдөл өгсөн 2000 иргэн дунд зөвхөн сугалаа явуулна.Түүнээс биш иргэдээс шинээр өргөдөл, хүсэлт хүлээн авахгүй” гэлээ.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийг 2015-2021 он хүртэл хэрэгжүүлж улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлыг түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр тусгаад байгаа юм.
Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 2 )
ТОС-ны бүртгэл хэдийгээр эхлэх вэ.2016 онд үүнд бүртгүүлж дугаарт орсон хүмүүс нь тэр дүгаараараа үргэлжлэх үү
Yag hezee oroh wee