БОАЖ-ын сайд “Бяцхан агаар”-ынхныг хүлээн авч уулзлаа

2017 оны 01 сарын 14

Эмнэлгүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяныг санаачлан зохион байгуулж буй Б.Онон, Г.Ганчимэг нарыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзаж талархал илэрхийллээ.

Б.Онон уг аяныг анх санаачилжээ. Тэрбээр агаарын бохирдлоос болж хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрсэн үед төр, засгийг харалгүйгээр бусдад тус болох аяныг эхлүүлэхээр шийдсэн нь үр дүнгээ өгч байгаад баяртай байгаа гэнэ. Гадаа агаарын бохирдол ихтэй байгаа ч гэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын бохирдлыг өөрсдөө хянах боломжтой гэдэг утгаар уг аяныг эхлүүлсэн байна. Нэг хүний эхлүүлсэн аяныг зохион байгуулагсад өдгөө 12-уулаа болжээ. Одоогоор 22 сая төгрөг аяны хүрээнд цугларч, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч шүүгч өгсөн байна. Тун удахгүй Эх нялхас, Баянгол, Чингэлтэйн эмнэлгүүдэд өгөхөөр төлөвлөж байгаа аж. Есөн дүүргийн эмнэлгүүд, төрөх тасгууд, хүүхдийн эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч шүүгч авч өгөхөд нийтдээ 100 гаруй сая төгрөгийг хандиваар цуглуулах шаардлагатай гэнэ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт уулзалтын үеэр “Бяцхан агаар”-ынхантай таарч нэг сарын цалингаа хандивлахаа мэдэгдсэн бол БОАЖ-ын сайд яамныхандаа уриалж нэг өдрийн цалингаараа дэм болохоо хэлсэн.

Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг учраас чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэр агаар оруулах, агаар цэвэршүүлэгч шүүгч тавих зэргээр дотоод орчны агаарын бохирдлоо хянах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа ачаалал нь хэтэрсэн хүүхдийн эмнэлгүүд, төрөх тасгуудад сайн дурын хандивын аянаар агаар цэвэршүүлэгч өгч, үнэлж баршгүй тус дэм үзүүлж байгаа “Бяцхан агаар”-ынхныг цаашид дэмжиж ажиллана гэдгээ БОАЖ-ын сайд илэрхийллээ гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.41) 2017 оны 01 сарын 14

ЮМ АВЧ БАЙГАА БОЛОХООР УНТЧИХГҮЙ БҮР ЦОГЛОГ БАЙХ ШИВ ДЭЭ.

0  |  0
Top