Дэлхийг хэрэх геополитикийн амбийц

2017 оны 01 сарын 16

БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга нь Торгоны замын эдийн засгийн бүс, XXI зууны далайн торгоны замын бүсэд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачилгад багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой юм. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 2015 оны гуравдугаар сарын 28-нд Торгоны замын эдийн засгийн бүс, XXI зууны далайн торгоны замыг хамтран байгуулах зорилго, төлөвлөгөө бүхий стратегийн баримт бичгийг гаргасан. Нэг бүс, нэг зам санаачилгын зорилго нь Ази, Европ, Африкийг таван  чиглэлээр холбох.  Үүнд:

1. Хятадыг Европтой Төв ази, ОХУ-ыг дайруулж холбох

2. Хятад Ойрхи дорнодтой Төв азийг дайруулж холбох

3. Хятад, Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази, Энэтхэгийн далайг хооронд нь холбох

4. Хятадыг Европтой Өмнөд Хятадын тэнгис болон Энэтхэгийн  далайгаар холбох

5.  Хятадыг  Номхон далайтай Өмнөд Хятадын тэнгисээр дайруулж холбох

Дээрхи таван  чиглэлийг амжилттай хөгжүүлснээр “Нэг бүс, нэг зам” нь олон улсын тээвэр, томоохон хот, боомтуудыг холбож давуу талыг бий болгох бөгөөд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны зургаан  коридорыг бий болгоно. Эдгээр нь:

1.    Шинэ Евразийн гүүр

2.    Хятад-Монгол-ОХУ

3.    Хятад-Төв Ази-Баруун Ази

4.    Хятад-Хятадын хойг

5.    Хятад-Пакистан

6.    Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмар

 

1. Шинэ Евразийн эдийн засгийн коридор

Шинэ Евразийн гүүр  нь Хятадын “Jiangsu” муж дахь “Lianyungang”-аас “Xinjiang”-ийн “Alashankou”-аар дайрч Голландын “Rotterdam”-д хүрэх олон улсын төмөр замын шугам юм. Уг шугамын Хятад талаас “Lanzhou-Lianyungang” төмөр зам, “Lanzhou-Xinjiang” төмөр замууд багтах ба эдгээр нь Хятадын зүүн, төв, баруун хэсгийг дайрдаг. Уг шугам нь Хятадын газар нутгаас гарч Казакстан, ОХУ, Беларусь, Польшоор дайрч Европын маш олон эргийн боомтуудад хүрнэ. Шинэ Евроази гүүрийг  ашигласнаар Хятадын  “Chongqing”-ийг ХБНГУ-ын “Duisburg”-тэй холбосон олон улсын ачааны төмөр зам, “Wuhan”-ийг шууд Чехийн  “Mělník”, “Pardubice”-тэй холбосон ачааны галт тэрэг, “Chengdu”-ийг Польшийн “Lodz”-той холбосон ачааны галт тэрэг, “Zhengzhou”-ийг ХБНГУ-ын “Hamburg” хоттой холбосон олон улсын ачааны галт тэргийн чиглэлийг нээж байгаа юм. Эдгээр бүх шинэ төмөр замын чиглэлүүд нь төмөр замаас төмөр замд шилжүүлэх боломжтой ба ямар ч ачаанд “нэг мэдүүлэг, нэг шинжилгээ, нэг буулгалт” гэсэн зарчим үйлчилнэ.

 

2. Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор

Хятад, Монгол, ОХУ нь хуурай замаар холбогдсон эдийн засгийн удаан хугацааны хамтын ажиллагааны түүхтэй. 2014 оны есдүгээр  сард гурван улсын тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Душанбегийн уулзалтаар анх удаа уулзаж Хятад-ОХУ, Хятад-Монгол, ОХУ-Монгол хоёр талт харилцаануудад үндэслэсэн гурван талт хамтын ажиллагааг хэлэлцсэн. Энэхүү уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны чиглэл, үндсэн хамрах хүрээг зарчмын хувьд тодорхойлсон. Гурван улсын тэргүүн Хятадын Торгоны замын эдийн засгийн бүс, ОХУ-ын Евразийн  шинэчлэл болон Монголын Талын зам (Mongolia’s Steppe Road) гурвыг холбох талаар санал нэгдсэн. Энэ нь төмөр зам, хурдын замын холболт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, гаалийн хяналт, тээврийн хүчин чадлыг сайжруулж, транзит тээврийг нэмэгдүүлж Хятад-ОХУ-Монголын эдийн засгийн корридорыг бий болгох юм. 2015 оны долдугаар сард гурван улсын тэргүүнүүд ОХУ-д  хоёр дахь уулзалтаа зохион байгуулсан. Уг хоёр дахь уулзалтаар Хятад, ОХУ, Монголын гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн замын зураг (Mid-term Roadmap for the Development of Trilateral Co-operation between China, Russia and Mongolia)-ийг баталсан.

 

3. Хятад-Төв Ази-Баруун Азийн эдийн засгийн коридор

Хятад-Төв Хятад-Баруун Азийн эдийн засгийн коридор нь Хятадын “Xinjiang”-аас гарч “Alashankou”-аар дайрч Хятадаас гарч Төв Ази, Баруун Азийн төмөр замын сүлжээнд нэвтэрнэ. Улмаар Газар дундын тэнгис, Арабын хойгт хүрнэ. Энэ коридор нь Төв азийн таван  улс болох Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан болон Баруун Ази дахь Иран, туркуудыг хамарна. 2015 оны зургадугаар сард “Shandong”-д зохион байгуулсан Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны гурав дахь форумд “Торгоны замын эдийн засийн бүс” байгуулах ажилд Хятад, Төв азийн таван орон хамтарсан мэдэгдэл хийж гарын үсэг зурцгаасан. Үүний өмнө Хятад Тажикстан, Казакстан, Киргизстай Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах тал дээр хоёр талт гэрээнүүдийг байгуулсан бол Узбекстантай хамтын ажиллагааны бичиг баримтуудаа эцэслээд байгаа юм.

 

4. Хятад-Хятадын хойгийн эдийн засгийн коридор

2014 онд Бангкок хотноо зохион байгуулсан Бүс дундын эдийн засгийн хамтын ажиллагааны тав дахь уулзалтаар Хятад, Хятадын хойг дахь таван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар гурван санаачилга гаргасан. Эдгээрт тээврийн томоохон сүлжээ, аж үйлдвэрийн төслүүдийг хамтран төлөвлөх, хамтран барих, санхүү­жилт шинэ загвар гаргах, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах багтаж байгаа юм.

 

5. Хятад-Пакистаны эдийн засгийн коридор

Одоогоор хоёр улсын Засгийн газар “Kashgar”-аас “Gwadar” боомт хүртэл хурдны зам, төмөр зам, газрын тос, байгалийн хий хоолой, шилэн кабель барих урьдчилсан урт хугацааны төлөвлөгөө боловсруулаад бай­на. 2015 оны дөрөвдүгээр сард Исламабад хий­сэн Хятад, Пакистаны хамтарсан мэ­дэгд­­лээр хоёр орон “Karakoram” хурдны за­мын шинэчлэлийн хоёрдугаар шат (Thakot-Havelian хэсэг), олон улсын шинэ нисэх онгоц­ны буудал, “Lahore” төмөр замын шугам, “Haier-Ruba” эдийн засгийн бүс, Хятад-Пакистаныг холбосон улс хоорондын ши­лэн кабелийн сүлжээ байгуулах хамтарсан аж­луу­дад идэвхитэй ахиц гаргаж байна гэсэн юм.

 

6. Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарийн эдийн засгийн коридор

2013 оны тавдугаар сард Хятадын Төрийн ерөнхий сайд  Ли Көцяний Энэтхэгт хийсэн айлчлалаар Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн корридор байгуулах ажлыг хэлэлцсэн. 2013 оны арванхоёрдугаар сард “Kunming”-д ажлын хэсгийн уулзалт анх зохион байгуулсан. Дөрвөн орны төлөөлөгчид эдийн засгийн коридорыг амжилттай хөгжүүлэх талаар хэлэлцүүлгүүдийг хийж тээврийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт, хүмүүсийн хамтын ажиллагааны талаархи харилцан зөвшилцөлд хүрсэн.

Хятадын хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга Хэ Лифэн хэлэхдээ, “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг дурдсанаас хойшхи гурван жилд Хятад улс 30 гаруй оронтой “Нэг бүс нэг зам”-ын Засгийн газар хоорондын хэлцэлд гарын үсэг зурлаа гэжээ.

Тэрбээр, “Гурван жилийн туршид Хятад улс бусад орнуудтай хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, зарим төслүүд нь мэдэгдхүйц эдийн засаг болон нийгмийн үр өгөөжөө хүртээж эхэллээ. Үүнд дэд бүтцээр холбогдох салбарын хамтын ажиллагааны талаар хятадын аж ахуйн нэгжүүд олон жил хуримтлуулсан технологийн давуу тал болон баялаг туршлагаадаа түшиглэн, торгоны зам дагуух орнуудад хурдны төмөр зам, метро, авто зам зэрэг орчин үеийн тоног төхөөрөмж барьж байгуулсан. Үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны талаар торгоны зам дагуух хөдөө аж ахуй, нөөц баялаг ихтэй орнуудтай хамтран орчин үеийн үйлдвэрлэлийн систем байгуулж, аж үйлдвэржилтийн арга замаар төслүүдээр хамтран ажиллаж, эдргээр орнуудын ажлаар хангах болон амьжиргааны асуудлыг шийдсэн. Банк санхүүгийн хамтын ажиллагааны талаар БНХАУ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилга дурдаж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор Торгоны замын санг байгуулсан. Эдгээр хамтын ажиллагаагаар дамжин торгоны зам дагуух орнуудтай бодлого зохицуулалт, дэд бүтэц, банк санхүүгийн харилцаагаа хөгжүүлж, зах зээлээ өргөтгөн, худалдаа хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэн, аж ахуйн нэгжүүд, ард иргэдэд илүү их ашиг орлого болон үр өгөөжөө хүртээсэн” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top