Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны анхны ээлжит хуралдаанаа хийж, 30 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дотор, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх шаардлагыг хангасан “Номин гүнж”, “Начин заан финанс” ХХК-уудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгов. Мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн хадгаламж, зээлийн хоршоодод тусгай зөвшөөрөл олгож, заримынх нь зөвшөөрлийн хугацааг сунгалаа.
Хууль, холбогдох журмын шаардлага хангасан мэргэжлийн оролцогчдод даатгалын зуучлагчийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосны дээр “Мандал женерал даатгал” ХХК-ийн оноосон нэрийг компаний харилцагчид, даатгуулагчдад хүндрэл учруулах, төөрөгдүүлэх болон бусад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэн, “Мандал даатгал” ХХК болгон өөрчлөв.
Түүнчлэн, “Бат капитал менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажиллахыг зөвшөөрч, бизнес төлөвлөгөөний дагуу гадаадаас хөрөнгө оруулалт татах болон Хөрөнгө оруулалтын сангаа байгуулах талаар идэвхтэй ажиллахыг зөвлөв. Мөн Хөдөө аж ахуйн биржид арилжааны зуучлал эрхлэх зөвшөөрөл авсан компаниудын үйл ажиллагаа ихээхэн доголдолтой явж ирснийг цаашид сайжруулах үүднээс хууль тогтоомж, холбогдох журмаар олгогдсон эрхийн хүрээнд арга хэмжээ авахаар боллоо.
О.Анир
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Сэтгэгдэл ( 0 )