Урд хөрш нүүрснээс татгалзахын тулд 1100 гаруй төслөө зогсоолоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

БНХАУ-ын Эрчим хүчний зохицуулах хороо 11 мужийн нутагт хэрэгжиж байсан нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих 1100 гаруй төслийг зогсоох шийдвэр гаргажээ. Зогсоосон төслүүдийн хэрэгжүүлсэн бол нийтдээ 100 гигаваттын хүчин чадалтай станцууд ашиглалтад орох байжээ. Үндэсний эрчим хүчний удирдах газар (NEA) дээрх төслүүдийг зогсоох шийдвэрийг энэ сарын 14-нд гаргаж, тухайн өдөртөө олон нийтэд танилцуулсан байна.

Зогсоосон төслүүдийн нийт өртөг 430 тэрбум юань буюу 62 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан байна. Тэдний зарим нь аль хэдийнэ барилга угсралтын ажил нь эхэлчихсэн төслүүд байжээ. Хэдийгээр хөрөнгө мөнгө зарчихсан ч барьж дуусгахад түүнээс ч илүү зардалтай ураас зогсоосон гэж Үндэсний эрчим хүчний удирдах газраас гаргасан мэдэгдэлд дурдсан байв. Түүнээс гадна зогссон төслүүдийн ихэнх нь Шинжаан, Өвөрмонгол, Шаньси, Ганьсу, Нинся, Цинхай, Шэньси зэрэг автономит эрхтэй, баруун хойд талын мужууд байгаа нь анхаарал татаж байгаа юм.  

Үндэсний эрчим хүчний удирдах газар төслүүдийг зогсоох болсон шалтгаанаа “Сэргээгдэх эрчим хүчнээс хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэнтэй холбоотой” гэж тайлбарласан. Тус улс 2016-2020 оны хооронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцын эх үүсвэрийг 150 гигаваттаар хорогдуулах зорилт тавьснаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарлаж байсан юм. Дээрх хугацаанд 130 гигаваттын хүчин чадалтай нар, салхины цахилгаан станц ашиглалтад оруулснаар 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэээмжээгээр Францтай зэрэгцэх зорилт тавьж байгаа аж.   

 

С.Төгөлдөр   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top