“Дэлхийн эдийн засгийн форум”-ын хамгийн залуу оролцогч Монголыг төлөөлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

“Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс нэг дор цуглардаг "Дэлхийн эдийн засгийн форум" Швейцарь улсын Давос хотноо өчигдөр эхэллээ.

Тус арга хэмжээнд  дэлхийн улс орнуудын ерөнхийлөгчид, төр засгийн тэргүүнүүд, салбартаа манлайлж яваа тэрбумтнууд, гүйцэтгэх захирлууд, үүсгэн байгуулагчид, энтрепренерүүд, нийгмийн зүтгэлтнүүд цуглаж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцэн, хамтын ажиллагааны санал санаачлагуудыг солилцох юм. Энэ жилийн чуулган  “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдвийн хүрээнд явагдаж байна.

Эх орноо төлөөлөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт эдийн засагч, сэтгүүлч, www.unread.today /Санаачлагч, үүсгэн байгуулагч/ А.Ундрал оролцож байна.


Тус эдийн засгийн хуралд 50 гаруй орны төрийн тэргүүнүүд, 300 гаруй сайд, 1000 гаруй гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, 1000 гаруй нийгмийн зүтгэлтнүүд, энтрепренерүүд гээд нийт 99 орны 3000 хүн цугларчээ. Тухайлбал, Microsoft-ийн Bill Gates, С.Наделла, Google-ийн Э.Шмидт, Facebook-ийн Sheryl Sandberg-аас эхлээд Wikipedia-ийн Ж.Уэльс, Olympic-ийн Т.Бах, Alibaba.com -ийн Жак Ма нарыг нэрлэж болно.

1971 оноос эхтэй  Дэлхийн Эдийн Засгийн чуулганд 99 орны 3000 орчим төлөөлөгч ирсэн нь форумын түүхэн дэх хамгийн их оролцогчтой чуулганаар тэмдэглэгдэж байгаа юм.

Форумын нээлтийг профессор Клаус Шваб болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар нээж үг хэлсэн. Профессор Клаус Швабын хувьд тус форумыг үндэслэн байгуулагч. Давост оролцож буй оролцогчдын дундаж нас нь 52. Нийт оролцогсдын 79 хувь нь эрэгтэй байгаа бол манай улсын оролцогч А.Ундралын хувьд чуулганд оролцож буй хамгийн залуу таван оролцогчийн нэг болж байна.


Жил бүр гишүүдээсээ өндөр шалгаруулалт явуулсны эцэст 50 энтрепренерүүд сонгон Давост оролцох боломжийг олгодог бөгөөд түүний хувьд энэхүү шалгуурыг хангасан юм.

Чуулганы хоёр дахь өдөр болох өнөөдөр  15 арга хэмжээ болох бөгөөд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос илтгэл тавих юм. Мөн фэйсбүүкийн Ш.Сандберг, HP-ийн М.Уитман нарын хамтдаа суух хэлэлцүүлэг олны   анхаарлыг ихэд  татаж буй.

 Сонирхуулахад, форумын гол орлого  гишүүдийн татвар болон түншүүдийн хандиваас бүрддэг байна.  Дэлхийн эдийн засгийн форумын 2016 оны орлого 230 сая ам.доллараас давсан бол  үүний 63 хувийг түншлэгч байгууллагуудын хандиваас, 19 хувийг форумын олон төрлийн арга хэмжээнд оролцохын тулд төлсөн төлбөрөөс, 15 хувийг гишүүдийн татвараас бүрдүүлжээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХОШГОРУУЛАГЧ(203.91.115.35) 2017 оны 01 сарын 18

МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНШУУЧЛААД ЧИХЭР ГОРЬДСОН ЖААЛ ШИГЭЭ ЯВАХ ЯАГААВ НӨГӨӨ АСЕМ ГЭДГИЙГ ХИЙЧВЭЛ ДОЛЛАР ГЭЭЧ НЬ УРСААД ОРООД ИРЭХ ЮМ ШИГ ХОШГОРУУЛАН АРД ТҮМНИЙХЭЭ ХООЛЫГ БУЛААЖ ИДЧИХЭЭД ХЭЭВ НЭГ УЛААНБААТАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БИТГИЙ ХИЙ ГЭНЭ ХУЛГАЙЧ ХҮН ДЭЭ ҮР УДМААРАА ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ ТЭНГЭР НИРГЭГ

0  |  0
Top