Хуримтлал бол тусгаар тогтнолын баталгаа

2017 оны 01 сарын 19

“Хуримтлал” Энэ үгийг Монголчууд бид мэдэхийн дээдээр мэднэ. Хотол олон  халуун ам бүлээрээ нэгдэн, нийлж үр хүүхдээ  өрх тусгаарлахад гэр орон, мал ахуйгаа   хуваан, өв хөрөнгө нөөц,  хуримтлалын эх үүсвэртэй  болгоход нь туслалцаа үзүүлдэг сайхан уламжлалтай өөриймсэг сэтгэл,  өндөр ёс зүйтэй,  санаа нэгтэй ард түмэн  билээ.

Эзэн Чингис хаан:“Аливаа зовлон зүдгүүр, аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг баатарлаг, хатан зориг гаргаж, намайг тойрон бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтаар эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн Их Улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон Улсын дотор хамгийн агуу их ард түмэн болно” Ийм л өндөр ёс зүйтэй, нэгдмэл шинж чанартай, нэгэн зорилгын төлөө бие, биедээ туслах, нөхөрлөх,  хамтын хүчээр гайхамшигт хүрч болохын үлгэр жишээг үзүүлж чадсан өвөг дээдсээрээ бид бахархаж, суралцах ёстой байна. Харамсалтай нь өнөөдөр ардчилал нэрийн дор засаг захиргаагүй, ёс зүйгүй, бие, биедээ туслах нэгдэж нөхөрлөх  нь битгий хэл хүн, хүнээ үзэн ядах нь ихсэж  хамтын хүч, нөөц “Хуримтлал” гэсэн ойлголтыг мартаж, үгийн сангаасаа хассан мэт үл тоох болжээ. Тэр битгий хэл үр хүүхэд, хойч ирээдүйдээ үлдээх ёстой газар нутаг,  байгалийн баялаг болон мал ахуйгаа  хил давуулан өдөр шөнгүй зөөхийн зэрэгцээ  гадны хүмүүсийн мэдэлд газар нутаг, баялагаа  лиценз гэх алга дарам цаасаар өгдөг болсон нь нууц биш. Гэтэл  гадныхан бидний газар нутгаас ухаж авсан баялагаар уул овоо босгоод хойч үедээ үлдээж байна. Энэ мэт хүний,  өөрийн ялгаатай ухвар мөчид бодлого, байдлыг юу гэж ойлговол таарах вэ? 

Тиймээ өвөг дээдэс минь халуун амь,  бүлээн цусаа урсган байж үлдээж өгсөн газар нутаг,  баялагаа ухаж зарах нь битгий хэл ширхэг чулууг нь ч   хөндөжүл болно гэж үеийн үедээ захиж ирсэн.  Энд л  бидний тусгаар тогтнол оршин байдаг юм. “Газар бол Улсын үндэс” гэж томьёолсон   агууих гүн ухаант  өвөг дээдсийнхээ захиасыг бид умартсан. Харин нөөц, хуримтлалыг  газар нутаг, баялгаа зарж,  үрж бус  оюун ухаанаа ажиллуулж мөнгийг хэрэглэж,  мөнгийг хөдөлгөж, мөнгийг гүйлгээнд оруулж байж, хуримтлал нөөцтэй болох ёстой. Өөрөөр хэлбэл өвөг дээдсийнхээ захиасыг сахиж  амьдрах хэрэгтэй байна.  Мөнгөө хөдөлгөх нь ухаан сэтгэлээ хөдөлгөн гэсэн үг. Сэтгэл ч хөдөлгөөн, зүтгэл ч хөдөлгөөн, санах сэрэх бүгд хөдөлгөөн, мөнгөөр Улс орон, дэлхийг ч хөдөлгөж болно.  Тэгж байж  л  нөөц, хуримтлалаа бий болгож болно.  Мэдээж хүн болж төрсөн бол баяжих гэж тэмүүлэх нь зөв ч тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг баялагаа  зөөж , зараад баяжих гэсэн ойлголт  хэзээ ч байж болохгүйг ухаарах цаг болжээ. Үр хүүхэд, ирээдүй хойчдоо юу үлдээх болж байна. Учир иймд “ганц хүн айл болдоггүй , ганц мод гал болдоггүй, дэм дэмэндээ дээс эрчиндээ, зогсвол зоос, хөдөлвөл хөлс, нэг мөнгөнөөс бум болдог, тэнхлүүн  явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал....”  гээд өвөг дээдсийн алтан сургаал ард  түмнийхээ уламжлалт нөхөрсөг харилцаа холбоог сэргээн, хуримтлалын ач тусыг бүх нийтээрээ ухаарах   зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. 

Мөнгөн хуримтлал:

Тухайн улсын нийт хүн амынх нь хэдэн хувь нь хуримтлалтай байгааг мөнгөн хуримтлалаар нь тодорхойлдог.  Япончууд хуримтлалтай байх нь амьдралын зөв хэвшил гэж үзээд нийт орлогынхоо 30-40% ийг заавал хадгалдаг бол  Кувейтэд 64%, Австраличууд 50.2%,  Катарт 72%, Хятад 51% харин  манайхан 26%-тай байдаг байна. Монголчуудын  олонх нь ямар ч хуримтлалгүй,зөвхөн сар бүрийн 20 мянгаа авч амь зууж байна гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч төрөөс 20 мянган төгрөгт нь хүү бодогдохгүй, банкинд хадгаламжтай хүмүүсийн 90 хувийнх нь дансан дахь мөнгө нэг сая төгрөг ч хүрэхгүй байх бөгөөд хадгаламжтай хүмүүсийн ердөө ганцхан хувь нь 50 саяаас дээш төгрөгтэй байдаг нь нийт Монголчуудын хадгалдаг мөнгөний 68%-ийг эзэлж байдаг гэнэ.  Эдийн засагчид “Мөнгө хадгалж сурсан хүмүүс л хуримтлалтай болдог гэж үздэг байна. Тэгвэл Монгол хүн бүр мөнгөө хадгалж хуримтлалтай болоход яагаад болохгүй гэж. Гавьяат эдийн засагч Ц.Далхаа: Орлогоо ариг гамтай нарийн тооцоотой зөв зарцуулж гэр бүлийн амьдралаа өөдрөг чинээлэг болгоход хуримтлал л туслана гэв. Мөнгөн хуримтлалыг бүх ард түмний хүртээл болгож, мөнгөө хөлд оруулж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж хамтын хүчний давуу талыг бий болгон амжилттай ажиллахад төр, засгаас тусалж дэмжиж иргэд ч дор бүрдээ ухамсарлах хэрэгтэй. Мэдээж иргэн бүрээ тэтгэврийн даатгалын санд хамруулах бодлогын зэрэгцээ  эдийн засаг, нийгмийг хамарсан баялагийн, хуримтлалын,тогтворжилтийн   гээд сангууд  гадны орнуудад үйл ажиллагаагаа явуулж иргэдийнхээ сайн сайхны төлөө л ажиллаж байдаг.

Хуримтлалтай  Монгол  хүн та тусгаар тогтнолын баталгаа

Хэрэгцээнээсээ илүү гарсан мөнгөө өөрсдийн ухамсар, сайн дурын үндсэн дээр хадгалуулан хуримтлуулж  орон сууц,  машин болон үр хүүхдийнхээ оюуны боловсролд зарцуулах төдийгүй тэдэнд өв хөрөнгө өвлүүлэх, дотоод гадаадад аялах, амрах зэрэг нөхцөл боломжийг өөртөө бий болгож хэвшиж сурах хэрэгтэй.  Бид алийн болгон төрд шургалсан цөөн тооны олигархи бүлэглэлийн гарыг харж, эдийн засаг хямралтай байна гэхэд нь даган  хямарч байх ёстой юм. Харин ч хүн бүр мөнгөн хуримтлалтай болж хэн нэгэн эс  олигархи бүлэглэлээс хараат бус амьдрах боломжийг эрж хайх нь зүйн хэрэг юм. Хувь хүн аливаа зүйлээс тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд  бусдаас хараат бус амьдрах чадвартай байна гэдэг цаашлаад Улс орны хувь заяа гадны бодлогоос хараат бус байснаар  тусгаар тогтнол минь  баталгаатай  болж чадна. Мөнгөн хөрөнгийн нөөцийг цаг тухайд нь гүйлгээнд оруулж их хэмжээний санхүүжилт  хуримтлал бий болгосноор Улсын мөнгөн эргэлтийг түргэтгэх, нөөц бий болгох, иргэд цаашлаад  Улс орон баян болох  зэрэг  ач холбогдолтой байдаг.  Түүнчлэн хүмүүсийн амьдралын нягт нямбай эдийн засгийн тооцоотой хуримтлалын үйл ажиллагаанаас нийгмийн баялаг арвижин хуримтлагдаж, улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг дахин онцолмоор байна. Чингис хаан: “Өчүүхэн шунаг сэтгэлээр газрын доорх баялагаа гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал, харин хүмүүн таньд зориулан Мөнгийг  бүтээв. Мөнгийг боол мэт хэрэглэ, хуримтлуул....” гэж сургасан байдаг. Монголчуудын 99% нь “Би цалин багатай учраас хадгалах мөнгө байхгүй, дараа ахиухан мөнгөтэй болохоороо нэг мөсөн хадгалъя” гэж өөрийгөө тайвшруулсаар хоосон хоцордог. Эдийн засагчид хүн бүр, өрх гэр бүл  бүр орлогынхаа 10% -ийг  л хадгалаад байхад  Улс орон минь босоод ирнэ гэж зөвлөж байна. Тиймээс Монгол хүн бүр мөнгөн хуримтлалтай болохын төлөө сэтгэж зүтгэвэл Монгол үндэстэн нөөц, хуримтлалтай,  Монгол Улс ч дэлхийн баян чинээлэг болж, тусгаар тогтнол батжин, Монголын ард түмэн бид болоод бидний хойч үе  ч жаргалтай сайхан амьдрах  боломж байна.

Бид бүгдийн оршин байгаа 21-р зуун бол ертөнцийн хүн бүрийн хамгийн нийтлэг соёл иргэншил  ялангуяа төр нь ард түмэндээ үйлчилж,  бүхнийг зориулах   ёстой. Тийм нөхцөлд  иргэд нь хуримтлалтай,  баян болж  Улс орон ч хуримтлалтай нөөцтэй, баян,  тусгаар тогтнол нь ч баталгаатай болдог.  Учир иймд  Монгол   хүн нэг бүр мөнгөн хуримтлалтай болохын төлөө  хүсэн, тэмүүлж  түүнийг төрөөс  нь дэмжиж тусалдаг байх хэрэгтэй.  Хуримтлалтай Монгол хүн та бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм.

Д.Дугтуй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BARYAMAA(172.107.194.166) 2022 оны 01 сарын 14

Миний бөөрийг 490,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрийг зарах оролдлогынхоо дараа үнэхээр их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу.\nерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг

0  |  0
Иргэн(27.123.214.107) 2017 оны 01 сарын 19

Хуримтлалтай болоход төгрөгийн ханшны уналт л саад болж байна ш дээ . Энэ асуудлаар л ёстой олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулмаар байна .

0  |  0
Top