Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнууд хоёр нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 24

Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнууд хоёр нас хүрч байна. “Монгол Улсын гурван сая дахь иргэн” хэмээх эрхэм алдар зүүсэн Х.Монголжин охин болоод 21 аймгаас тодорсон түүний чацуутнууд хэрхэн өөрчлөгдсөн талаарх сонирхолтой мэдээллийг эрхэм уншигчдадаа хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН Х.МОНГОЛЖИН


Монгол Улсын гурван сая дахь иргэн хэмээх хүндтэй алдарын эзэн Өмнийн говьд мэндэлсэн билээ. Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болон мэндэлсэн Х.Монголжин охинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр хайрласан юм.

Х.Монголжин охинд анх Х.Сэлэнгэ хэмээн нэр хайрласан байсан ч Монгол Улсын гурван сая дахь иргэн болсныг дуулсан аав, ээж нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дахин нэр хайрлахыг хүссэн байдаг.

Х.Монголжин охинтой чацуутан болж 181 хүүхэд мэндэлсэн бөгөөд тэдний хамгийн эхнийх нь гурван сая дахь иргэн мэндлэх магадлалтай өдрийн 00:00 цагт энэ хорвоод мэндэлсэн байна.

Дашрамд дурдахад, Х.Монголжин охинд зориулсан марк худалдаанд гарсан даруйдаа борлуулагдаж дуусан бол түүнд зориулсан шүлгүүд цахим ертөнцөд нэг үе шуугиан тарьж байлаа.


 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЧАЦУУТАН Б.БАТХААН


Архангай аймагт мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан бол айлын ууган хүү Б.Батхаан юм. Түүний аавыг У.Баянбат, ээжийг Л.Лхамдэлгэр гэдэг. Б.Батхаан хүү Х.Монголжин охиноос зургаан минутын өмнө энэ хорвоод мэндэлсэн билээ. Өнөөдөр У.Баянбатын гэр бүл Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвд нутгийн удирдлагаас бэлгэлсэн хоёр өрөө байрандаа амьдарч байна.

У.Баянбат, Л.Лхамдэлгэр нар хотод оюутан бөгөөд “Батхаан” гэх нэр өвөөгийнх нь сонгож, ачдаа хайрласан алдар ажээ.  


 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЧАЦУУТАН Б.АЙЖУЛДЫЗ


Баян-Өлгий аймгийн гурван сая дахь иргэний чацуутан М.Бекболат, А.Амандых нарын хүү болж мэндэлжээ. М.Бекболат хүүдээ Айжулдыз гэх нэр хайрласан бөгөөд тэрбээр Х.Монголжингоос 3 цаг 53 минутын дараа төрсөн юм.

Нэг жилийн өмнөх энэ өдөр Баян-Өлгий аймагт Б.Айжулдыз хүүгээс гадна хоёр хүүхэд мэндэлсэн бөгөөд тэдгээрт тус бүр хоёр сая төгрөг өгсөн ажээ.  

Одоо М.Бекболатын гэр бүл Өлгий суманд амьдарч байгаа юм.


 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЧАЦУУТАН С.АЯЛГУУ


Баянхонгор аймгийн Баянхонгор суманд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн юм. А.Самдандорж, Э.Нямсүрэн нарын ууган охин болж мэндэлсэн Хонгор нутгийн шинэхэн иргэнд аав ээж нь С.Аялгуу гэх нэр хайрласан билээ. Хоёр жилийн өмнө С.Аялгуу охины чацуутан болж Баянхонгор аймагт зургаан хүүхэд мэндэлсний нэг нь хүү бусад нь охид байсан юм. С.Аялгуу охин гурван сая дахь иргэнээс 38 минутын өмнө буюу 07:49 цагт мэндэлсэн бөгөөд Хонгор нутгийнхан залуу гэр бүлийг хоёр өрөө байраар мялаасан байна.

Хоёр жилийн өмнө охины аав, ээж оюутнууд байсан бол өдгөө сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажилцгааж байгаа юм.

Дашрамд дурдахад, А.Самдандоржийн хувьд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат бол Э.Нямсүрэн Баян-Овоо сумын харьяат аж.


 

БУЛГАН АЙМГИЙН ЧАЦУУТАН М.ТҮМЭНБАЯР


Арвайхээр хотноо мэндэлсэн Булган аймгийн чацуутан охиныг М.Түмэнбаяр гэдэг. Б.Мэндбаяр, Д.Нарангаравуу нарын бага охин болон мэндэлсэн бяцхан гүнж Х.Монголжин охиноос 22 минутын өмнө эх дэлхийдээ иржээ.


 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЧАЦУУТАН Б.НАРАНБИЛЭГ


Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд мэндэлсэн Х.Монголжин охины үе чацуутан бол Б.Наранбилэг охин. В.Бямбаюу, О.Ганчимэг нарын гурав дахь охин болон мэндэлсэн бяцхан охин, хоёр эгчтэй юм.

 Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан болсон Б.Наранбилэг охины гэр бүлд Засгийн газрын тогтоолын дагуу хоёр өрөө байр өгчээ. Үүнээс гадна сумын удирдлагууд таван хургатай хониор мялаасан байна. Охины ээж бидэнд “Гурван сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон гэх мэдээ гарсны дараагаар нэг хэсэг утсанд баярын дуудлага тасраагүй. Эх үрсийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдэд аймгийн удирдлагаас дурсгалын зүйлс байнга ирж байгаа” хэмээн ярилаа.


 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЧАЦУУТАН Ц.БАЯСГАЛАН


Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн. Тэрбээр Х.Цэвэгням, Г.Отгончимэг нарын ууган охин юм. Түүнд эмээ нь Баясгалан гэх нэр хайрлаж, баяжихын билэгдэл болж яваарай хэмээн ерөөсөн нь ийнхүү билэг дэмбэрэлтэй үйл явдалд биелэлээ олсон ажээ.

Баяжихын билэгдэл болсон бяцхан охины гэр бүлд Засгийн газрын тогтоолын дагуу хоёр өрөө байр өгсөн юм.


 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЧАЦУУТАН А.ҮҮРИЙНЦЭЛМЭГ


Дархан-Уул аймгийн Дархан суманд Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнаар  А.Үүрийнцэлмэг охин мэндэлсэн. Х.Алтангэрэл, Х.Жаргалсүрэн нарын бага охин болж мэндэлсэн тэрбээр ээждээ алдарт эхийн I одонг дагуулан ирсэн юм.

Х.Алтангэрэлийнх нэг хүү, таван охинтойгоо Дархан сумандаа амьдарч байна. Тэдэнд Засгийн газрын тогтоолоор хоёр өрөө байр өгсөн юм.


 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЧАЦУУТАН Н.БОЛОРСУВД


Дорноговь аймгийн Айраг сумын бяцхан иргэн, Х.Монголжин охины үе чацуутан Намсрайн Болорсувдыг та бүхэнд танилцуулж байна.

Н.Болорсувд охины хувьд Н.Намсрай, Л.Бадамцэцэг нарын хоёр дахь охин бөгөөд одоо Айраг суманд амьдарч байна. Засгийн газрын тогтоолоор тэдэнд аймгийн төв дээр хоёр өрөө орон сууц бэлгэлэхээ амалсан бөгөөд үе чацуутны гэр бүл Айраг суманд амьдрах хүсэлтээ илэрхийлсэн учраас одоогоор байраа хүлээн аваагүй байгаа ажээ.

Дашрамд өгүүлэхэд нэг жилийн өмнө Дорноговь аймагт Н.Болорсувд охинтой ойр долоон хүүхэд мэндэлсэн гэнэ.


 

ДОРНОД АЙМГИЙН ЧАЦУУТАН М.ТЭМҮГЭ


Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан Дорнод аймгийн Баян-Уул суманд мэндэлсэн билээ. Тус сумын иргэн А.Солонго бүсгүй гурван сая дахь иргэнээс 1 цаг 38 минутын өмнө амаржиж, хүүтэй болсон юм. Тэрбээр хүүдээ Өүлэн үжиний тав дахь хөвгүүний нэрийг билэгдэж М.Тэмүгэ хэмээх нэр хайрласан хэмээн ярилаа.

М.Тэмүгэ хүүд Засгийн газрын тогтоолоор нэг өрөө байр өгсөн юм.


 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЧАЦУУТАН Ц.АЗБАЯР


Одоогоос 28 жилийн өмнө Дундговь аймгаас Монгол Улсын хоёр сая дахь иргэний чацуутан төрж байсан гурван сая дахь иргэний үе чацуутан ч энэ аймгаас төрсөн юм. Аав ээждээ аз дагуулж ирсэн бяцхан хүү Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Э.Цэрэндондов, Н.Цэрэн ууган хүүхэд.

Засгийн газрын тогтоолын дагуу Э.Цэрэндондовын гэр бүлд аймгийн төвд нэг өрөө байр өгсөн бол нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү Улаанбаатар хотод хоёр өрөө байраар Ц.Азбаяр хүүг мялаасан юм.


 

ЗАВХАН АЙМГИЙН ЧАЦУУТАН МОНГОЛ УЛСЫН 2 999998 ДАХЬ ИРГЭН


Монгол Улсын 2999998 дахь иргэн Завхан аймгийн Тэлмэн суманд мэндэлжээ. Тэрбээр Монгол Улсын гурван сая дахь иргэнээс таван минутын өмнө эх дэлхийдээ мэндэлсэн юм. О.Алтангэрэл, Б.Мянганцэцэг нарын гэр бүлд гурав дахь гишүүн нь болж мэндэлсэн хүүтэй долоон хүүхэд чацуутан болжээ. Тэдний хоёр нь эрэгтэй, тав нь охин юм.


 

ОРХОН АЙМГИЙН ЧАЦУУТАН Б.ГУРВАНМАРАЛ


Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Г.Баясгалан, Э.Лхагвадулам нарын гэр бүлд мэндэлсэн гурван сая дахь иргэний чацуутан бол Б.Гурванмарал охин.

Б.Гурванмарал охин Х.Монголжин охиноос 35 минутын дараа мэндэлсэн юм. Түүний гэр бүлд Засгийн газрын тогтоолоор хоёр өрөө байр бэлгэлсэн бөгөөд охин аав ээж, эгч ах нарын хамт эрүүл энх өсөн бойжиж байна.


 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЧАЦУУТАН Э.ХАНДЖАМЦ


Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын иргэн Г.Эрдэнэбат, Б.Бямбацэрэн нарын ууган охин Э.Ханджамц. Түүний хувьд Х.Монголжин охиноос 2 цаг 13 минутын дараа мэндэлсэн бөгөөд 2.5 кг жинтэй бяцхан охиноо харсан ээж маш их баярлаж байсан тухайгаа яг хоёр жилийн өмнө ярьж байлаа.

Бяцхан охин Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиох үед мэндэлсэн учир Өндөр гэгээний ээжийнх нь нэрээр буюу Ханджамц хэмээн нэрлэсэн байна.

Г.Эрдэнэбатын гэр бүл Өвөрхангай аймагт баригдсан хамгийн анхны 10 давхар орон сууцанд 2 өрөө байртай болсон бөгөөд өдгөө тэрхүү өргөөндөө аз жаргалтай амьдарч байна.


 

СҮХБААТАР АЙМГИЙН ЧАЦУУТАН Э.ЭНХЖИН


Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Э.Эрдэнэбилэг, А.Оюундарь нарын ууган охин болон мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутанг танилцуулж байна. Аав, ээждээ аз дагуулж ирсэн бяцхан охинд Э.Энхжин хэмээх нэр хайрласан бөгөөд өдгөө Эрдэнэцагаан суманд гэр бүлийн хамт амьдарч байна.

Охины ээж Эрдэнэцагаан сумын “Хаан банк”-нд ажилладаг бөгөөд аав нь Э.Энхжин охиныг асардаг гэнэ. Зарим зүйлийг тодруулахаар А.Оюундарьтай холбогдоход “Охин маань эрүүл энх бойжиж байна. Энэ завшаанаар дамжуулан охинг маань энх төрөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн эх баригч эмч нартаа баярласанаа илэрхийлье” гэсэн юм.

Бяцхан охиныг гурван сая дахь иргэний үе чацуутнаар зарласаны дараа Баруун-Урт сумын зүгээс есөн цагаан хонь бэлэглэж хүндэтгэл үзүүлж байв.  

Охин Х.Монголжин охиноос 8 цаг 23 минутын дараа энэ хорвоод мэндэлсэн ажээ.


 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЧАЦУУТАН Г.ХАНГАРЬД


Энэ өдөр Сэлэнгэ аймагт таван хүүхэд мэндэлсэн бөгөөд тэдний нэг Гантогтохын Хангарьд хүү гурван сая дахь иргэний чацуутнаар шалгарсан байна. Тэрбээр Д.Гантогтох, Ш.Долгорсүрэн нарын ууган хүү болж мэндэлсэн юм.

Засгийн газрын тогтоолоор Д.Гантогтохын гэр бүлд Улаанбаатар хотод гурван өрөө байр өгсөн бөгөөд өдгөө тэд нийслэл хотод амьдарч байна

Г.Хангарьд хүүгийн хувьд Монгол Улсын гурван сая дахь иргэнээс 6 цаг 8 минутын дараа энэ хорвоод мэндэлсэн юм.


 

ТӨВ АЙМГИЙН ЧАЦУУТАН Х.БУЯНЗАЯА


Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан болж, Төв аймгаас тодорсон Х.Буянзаяа охиныг танилцуулж байна. Угтаалцайдам сумын иргэн Х.Хайратхаан, Т.Серикгул нарын бяцхан гүнжид сумын Засаг дарга нь Буянзаяа хэмээх алдарыг хайрласан байна.

Х.Буянзаяа охин Төв аймгийн төвд гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд тэдний гэр бүлд Засгийн газрын тогтоолоор хоёр өрөө байр өгсөн юм.

Бид хоёр жилийн өмнө Х.Хайратхаан, Т.Серикгул нарыг Улаанбаатар хотод ирэхэд нь цөөн асуултад хариулт авж байсныг энд оруулъя.

-Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан таны гэр бүлд мэндэлжээ. Баяр хүргэе. Сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцана уу?

Х.Хайратхаан: -Би Налайх дүүрэгт төрсөн. Одоо Төв аймгийн Угтаалцайдам суманд амьдардаг. Ахынхаа мал ахуйг хариулж, ахдаа туслаж явдаг. Өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй. Охиноо төрөхөд их баярласан. Бид охинтой болохыг маш их хүсч байсан юм. Өмнө нь бид хоёр хамгийн том охиноо золгүй байдлаар алдсан. Тийм болохоор охин минь буцаад ирлээ гэж маш их баярлаж байлаа. Гэтэл тэр охин маань гурван сая дахь иргэний чацуутнаар тодорсон гэхэд нь итгэж өгөхгүй байсан ч нутгийн удирдлагууд яриад үнэн гэдгийг хэлсэн. Бид одоо нутаг руугаа гарч байна. Сумын удирдлагууд тосч авч, хүндэтгэл үзүүлэхээр хүлээж байгаа.

Т.Серикгул: -Угтаалцайдам сумын эмч нар маань намайг хотод очиж амарж гэж хэлсэн болохоор нийслэлдээ ирж амаржаад буцаж байна. Хүсэн хүлээсэн охин минь төрсөнд маш их баяртай байна. Охин минь гурван сая дахь иргэний чацуутан болсон нь их билэгшээлтэй хэрэг боллоо. Намайг төрөх үеэр гурван сая дахь иргэн мэндэлнэ гэж байсан болохоор дотроо горьдлого тээж л байлаа. Ээж бүрт л тийм бодол байсан байх. Анх телевизийн мэдээнээс нэрээ олж харсан. Тэгээд сумын удирдлагууд утсаар ярихад нь бүр баттай итгэсэн дээ.


 

УВС АЙМГИЙН ЧАЦУУТАН С.БУЯН-ӨЛЗИЙ


Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутан бол Увс аймагт төрсөн С.Буян-Өлзий хүү юм.
Нутгийн удирдлагууд нь хүүгийн тухай ярихдаа Монгол Улсын 2 сая 999 мянга 999 дэх хүүхэд манайх хэмээж байлаа.

С.Буян-Өлзий хүү Г.Соёл-Эрдэнэ, Б.Туул нарын ууган хүү бөгөөд Засгийн газрын тогтоолоор тэдэнд Улаангом хотод хоёр өрөө байр бэлгэлсэн юм.

Түүнчлэн хүүгийн ээж Б.Туул эхээсээ тавуулаа бөгөөд ихрийн өрөөсөн ажээ.


 

ХОВД АЙМГИЙН ЧАЦУУТАН С.АЛТАНБАХ


Ховд аймгийн гурван сая дахь иргэний чацуутан Ховд сумын Баянбулаг багийн малчин өрх А.Серик, Х.Телеу нарын гэр бүлд мэндэлсэн юм. Тэрбээр Монгол Улсын гурван сая дахь иргэнээс 2 цаг 6 минутын дараа төржээ.

Хүүгийн Алтанбах хэмээх нэр нь “Алтан аз” гэсэн утагтай бөгөөд аав ээж нь хүүгээ өвөө нар шигээ эх орондоо хэрэгтэй, ихийг хийж бүтээх хүн болоорой хэмээн билгэдэж энэ нэрийг хайрласан аж.

С.Алтанбах хүү аав, ээж эгчийн хамт нутагтаа эрүүл энх өсөн бойжиж байна.


 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАЦУУТАН Т.ӨЛЗИЙБИЛЭГТ


Хөвсгөл аймгийн гурван сая дахь иргэний чацуутан Б.Түмэнжаргал, Б.Хажидмаа нарын гэр бүлд ууган хүү болон мэндэлсэн юм. Өдгөө тэд Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд хоёр жилийн өмнө очиход биднийг оюутны байранд угтаж байлаа. Харин одоо тэд оюутны байраа орхиж, орон сууцанд оржээ.

Хүүгийн аав Б.Түмэнжаргалын хувьд нийслэлд суурьшаад 10 гаруй жил болж байгаа гэнэ. Тэрбээр нэгэн компанид цахилгааны инженерийн ажил хийдэг бол Б.Хажидмаагийн хувьд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгссөн юм.

Б.Түмэнжаргал, Б.Хажидмаа нар хүүгээ өлзийтэй сайхан өдөр мэндэлсэн учраас Өлзийбилэгт хэмээн нэрлэсэн аж.


 

ХЭНТИЙ АЙМГИЙН ЧАЦУУТАН Б.АЗ-ЭРДЭНЭ


Хэнтий аймгийн харьяат Т.Бадамдорж, Ц.Нямцэцэг нарын гэр бүлд гурван сая дахь иргэний чацуутан мэндэлсэн билээ. Тэрбээр айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд түүний аавтай утсаар холбогдоход одоогоор Улаанбаатар хотод амьдарч байна гэж байв. Нутгийн удирдлагуудын зүгээс хүүгийн гэр бүлд аймгийнхаа “Хэрлэн” хорооллын хоёр өрөө байрыг өгсөн юм.

Нэг жилийн өмнөх энэ өдөр Б.Аз-Эрдэнэ хүүтэй чацуутан болж зургаан хүүхэд энэ хорвоод мэндэлжээ. Тодруулбал, Хэрлэн сумын I багийн иргэн Б.Одбаяр, Г.Нандинцэцэг нарын гэр бүлд охин, Биндэр сумын II багийн иргэн Д.Өлзийбат, Ц.Отгонцэцэг нарын гэр бүлд хүү, Дадал сумын IV багийн иргэн Г.Эрдэнэбат, Б.Алдармаа нарын гэр бүлд охин, Дархан сумын IV багийн иргэн Б.Солонгын гэр бүлд охин, мөн сумын иргэн С.Баярсайхан, С.Сугар-Эрдэнэ нарын гэр бүлд охин мэндэлсэн байна.

О.Шинэтуяа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээж(202.179.31.85) 2017 оны 01 сарын 24

Зарим нь УБ т 3 өрөө зарим нь суманд 1;2 өрөө гэх юм яаж ялгавартай өгөөд бна аа

0  |  0
me(202.179.31.147) 2017 оны 01 сарын 24

Сайхан мэдээ байна. Нэг жилийн өмнө, хоёр жилийн өмнө гээд будлиулаад байх юм. Засвараа сайн хийнэ үү, сайтынхаан

0  |  0
zochin(66.181.191.117) 2017 оны 01 сарын 24

энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намтар түүхтэй хүн шиг

0  |  0
bayaraa(182.160.2.254) 2017 оны 01 сарын 24

Mongol iin urs mash olon boltugai khurai khurai

0  |  0
Zochin(119.18.120.27) 2017 оны 01 сарын 24

Hamgiin turuund Mongol ulsiinhaa 3 say dahi irgend Tursun udriin mend hurgey. Tuunii uy chatsuutnuud boloh ene huurhun huuhduuddee tursun udriin mend hurgej az jargal sain saihan buhniig husen yruuy. Eh oron, eej aaw, elgen sadandaa tushigtei sain humuus bolooroi. Ene udur minii ch gesen tursun udur uu kkk. :-bd

0  |  0
zochin(182.160.34.117) 2017 оны 01 сарын 24

Odoo 3100000 garaad iavtsan gesen. Hurdan iumaa. 10 jiliin daraa 4 saya garchihsan bh bh daa.

0  |  0
Top