УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Та Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилсан байна лээ. Шинэчилсэн найруулгад оруулж байгаа онцлог өөрчлөлтүүд нь юу вэ?
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн хоёр сарын хугацаанд боловсруулж намын бүлгээр хэлэлцүүлсэн. Одоо Засгийн газраас санал авахаар өгчихөөд байж байна. Өнөөдөр төрийн алба дампуурлаа, тогтворгүй байна, чадавхи нь буурлаа, албан хаагчдийг улс төрийн шалтгаанаар хоморголон халж байна гэж олон хүн хэлдэг. Төрийн алба нээлттэй биш, түүнд тавих хяналтыг сайжруулмаар байна гэсэн шүүмжлэл ч их байгаа юм. Өдгөө улсын хэмжээнд багш, эмч, цэрэг цагдаагаа оруулаад тооцохоор 186 мянган төрийн албан хаагч бий. Эдний харилцааг зохицуулдаг гол хууль нь Төрийн албаны тухай хууль л даа. Тиймээс бидний есөн гишүүн хамтраад Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Энэ шинэчилсэн найруулгатай холбогдуулаад зарчмын таван том өөрчлөлт орж байгаа. Тодруулбал, бид төрийн албыг улс төрөөс ангид байлгах тэр бүх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийг төсөл болсон. Сонгууль болгоны дараа төрийн захиргааны албан хаагчдийг хоморголон халж байна гэдэг. Үүнийг таслан зогсоох зорилгоор улс төрөөс ангид байлгая гэж байгаа. Төрийн албаны тухай хуулиар албан хаагчид цаашдаа шатлан дэвших буюу бидний нэрлэдгээр карьерийн системээр цаашдаа томилогддог болно. Бид хуульд албан тушаал бүр дээр ажилласан байх ёстой жилийг нь тодорхой тусгасан. Жишээлбэл, яамны Төрийн нарийн бичгийн дарга болох хүн төрд 16 жил ажилласан байх ёстой.
-Ингэснээр улс төрийн томилгоо орохгүй болно гэж ойлголоо?
-Тийм. Сайд, дэд сайд гээд улс төрийн албан тушаал бий. Харин Төрийн нарийн бичгийн дарга бол төрд яг 16 жил ажилласан байх ёстой. Тэр дотроо эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байна. Эрхэлсэн түшмэл гэдэг нь яамныхаа газар, хэлтсийн дарга шүү дээ. Энэ бол шатлан дэвших тогтолцоо юм. Мөн газар хэлтсийн дарга болохын тулд түүний доод талын албан тушаал дээр дөрвөөс доошгүй жил ажилласан байх ёстой гээд бүгдийг нь шатлан дэвших тогтолцоонд оруулчихсан. Ингэж сонгуулийн дараа гаднаас хэн нэгэн дур сонирхлын хүн ирж төрийн албыг тогтворгүй, чадавхигүй болгодог гэдэг шүүмжлэлийг хаах юм.
-Олон жилийн өмнө газар, хэлтсийн дарга байсан хүн томилогдож болох уу?
-Болно. Дээр дурдсан шаардлагыг л хангах ёстой. Мөн төрийн удирдах шийдвэр гаргах албан тушаалтнуудын хариуцлагыг өндөржүүлсэн. Тухайлбал, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн, томилсоныг нь Төрийн албаны зөвлөл буюу шүүх тогтоосон тохиолдолд буруутай шийдвэр гаргасан этгээд түүнд гарсан хохирлыг нөхөн төлнө.
-Тэгэхээр улсын төсвөөс хохирсон иргэний цалинг нь төлөхгүй, харин буруутай этгээд нь төлөх болох нь ээ?
-Одоо бол улс төлөөд яваад байгаа. Манайд муухай практик бий болсон байна. Дөрвөн жил ажил хийгээгүй мөртлөө шүүхээр цалингаа тогтоолгочихоод л яваад байгаа хүн ч байна шүү дээ. Үүний дүнд улс хохирч байна. Тиймээс “Чи буруу шийдвэр гаргаж хүн халах юм бол тэр хүний цалинг өөрөө төлнө шүү” гэхээр дур зоргоороо халж чадахгүй болно. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн статусыг өөрчилж, эрхийг нь нэмэгдүүлж байгаа. Өнөөдөр Төрийн албаны зөвлөл шалгалт авдаг л байгууллага болчихлоо шүү дээ. Тэгэхээр бид Төрийн албаны зөвлөлийн эрхийг нэмээд хараат бусаар ажиллах нөхцлийг нь бүрдүүлнэ. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлд тэр томилгоо хийдэг, хүн чөлөөлдөг албан тушаалтнуудын шийдвэрт хяналт тавих үүрэг өгчихөж байгаа юм. Хууль бус шийдвэр байвал шууд хүчингүй болгоно. Одоо бол Төрийн албаны зөвлөлд тийм эрх байхгүй учраас шүүхээр явдаг. Шүүхээр явахаар наад зах нь жилийн ажил, чирэгдэл гарна. Дунд нөгөө халагдсан хүн хохирдог. Иймээс хохирогчийг хамгаалах үүднээс халагдсан хүний гаргасан өргөдлийг Төрийн албаны зөвлөл 14 хоногийн дотор шалгаад хууль зөрчсөн, зөрчөөгүй эсэх дүгнэлт гаргачихна. Зөрчсөн байвал Засаг дарга, сайд, Төрийн нарийн бичгийн дарга ч юм уу шийдвэр гаргасан нөхрийн шийдвэрийг шууд хүчингүй болгоно.
-Хүчингүй болгоогүй бол цаашаа шүүхээр явж болох уу?
-Хууль зөрчсөн бол заавал хүчингүй болгоно. Захиргааны байгууллага заргалдахгүй, иргэн заргалдана. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл дээр очлоо гэж бодъё. Тэнд шийдвэр гаргасан субект буруудвал шууд шийдвэрийг хүчингүй болгоод тэр хүн ажилд авна. Нөгөө халагдсан нөхөр буруудвал дээшээ шүүх рүү явах эрх нээлттэй. Ийм зарчмын өөрчлөлт хийнэ. Дараагийн нэг зүйл нь Төрийн албаны зөвлөлийг шүүх шиг хараат бус байлгах чиглэл рүү явуулж байгаа. Одоо бол Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилж байгаа. Үүнийг бид хугацаагүй болгож байгаа.
-Шүүгчид шиг үү?
-Тийм. 50-иас дээш насны өндөр мэргэшлийн, чадавхижсан төрийн албан хаагч байна. Түүнийг тэтгэврийн дээд насанд хүрсэн эсвэл биеийн эрүүл мэндийн байдал нь болохгүй байгаа бол чөлөөлж болно. Бусад тохиолдолд хөндөхгүй болох юм. Ийм нөхцлийг бүрдүүлж хараат бус болгохгүй бол болохгүй байна. Мөн төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төрийн бус байгууллагуудын оролцоог бий болгох үүднээс төрийн үйлчилгээний чанарт хяналт тавьдаг төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулна гэж байгаа. Энэ зөвлөл төрийн үйлчилгээ хаалттай, хүнд сурталтай байгаа эсэхэд хяналт тавьдаг. Иргэнийг төлөөлж олон нийтийн хяналт байна гэсэн үг. Одоо бол ийм хяналт байхгүй. Ийм таван зарчмын том өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг бид бэлтгээд УИХ, нийслэлийн вэб сайтуудад олон нийтээс санал авахаар тавьчихсан байгаа. Ойрын үед УИХ-д хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Өргөн барьсан хүмүүсийн нэг нь та. Энэ хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Уялдаатай хоёр хууль явж байгаа. Нэг хууль нь бидний ойлголтоор малчин өрхийн хүмүүсийн тэтгэврийн насыг наашлуулж байгаа хууль бий. Эмэгтэй 50, эрэгтэй 55 наснаас тэтгэвэрт гардаг болно. Үүнтэй холбоотойгоор малчин гэж оруулсан юм. 1990 оноос Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд явснаас хойш хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн олон болсон. Ялангуяа худалдаа, албан бус бизнес секторт их байна. Эдгээр хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ байнга төлж чадаагүйгээс тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсдэггүй. Энэ хууль батлагдсанаар малчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс 2000 оноос хойш сүүлийн 16 жилийн хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа буцаан төлөх нөхцөл бүрдэж байгаа. Тухайн үеийнхээ амьжиргааны баталгаажих түвшингийн доод орлогоор бодож төлнө. Ач холбогдлын хувьд завсардсан иргэдийг хамруулахын дээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, тухайн иргэд маань яваандаа халамжийн тэтгэвэр тогтоолгохгүй бүрэн тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ.
-Хууль хэзээнээс үйлчилж эхлэхээр тусгасан бэ?
-УИХаар анхны хэлэлцүүлгийг нь хийчихсэн. Ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлэгт ороод цагаан сараас өмнө бид энэ хуулийг баталчихна гэсэн бодолтой явж байгаа. Хэрэгжих хугацааны хувьд малчдын насыг урагшлуулах хууль бол 2018 оноос эхэлнэ. Харин Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль батлагдаад сууж хэрэгжиж эхлэх юм.
-Нийгмийн даатгал нь тасарсан хүмүүс “Би тэр ажилгүй хугацаандаа хувиараа хөдөлмөр эрхэлж байсан юм” гээд нөхөн төлөх бололцоотой юм биш үү?
-Хувиараа хөдөлмөр эрхэлж байсныг нь татварын байгууллага нотолно. Татварынхан бол аймаг, сумандаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол мэднэ шүү дээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг тогтоохдоо жишээ нь сумын Засаг дарга, багийн дарга, татварын байцаагчийг тодорхойлолтыг үндэслэнэ.
-Малчдын тэтгэврийн насыг наашлуулж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Монгол Улсын хэмжээнд 140 мянган малчин өрх байна. Үүнд 360 мянга орчим иргэн хамаарч байгаа. Малчдын насыг наашлуулдагыг гол агуулга нь бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэж үзсэнтэй холбоотой.
-Хүнд нөхцөл гэхээр?
-Малчдын хөдөлмөрт цаг хугацаа гэдэг юм байдаггүй. Өдөр ч, шөнө ч, баяр ёслолын үеэр ч ажилладаг. Мөн байгалийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Салхи, шуурга, хэт халуун наранд, өвлийн тэсгим хүйтэнд буюу жилийн дөрвөн улиралд байгалийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм. Тиймээс тэтгэвэрт гарах насыг нь наашлуулахаар болсон. Улсын хэмжээнд 140 мянган өрх гэдэг том тоо биш гэдгийг хэлье.
-Та Өвөрхангай аймгийн Засаг дарга байсан хүн болохоор асууя гэж бодлоо. Засаг захиргаа, нутаг дэвсгэр, орон нутгийн нэгжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцүүлгийн шатанд байна. Түүгээр ИТХ-ын төлөөлөгчдийн тодорхой хувь нь төрд давхар ажил эрхэлж болно гэж байгаа. Таны хувьд хэрхэн харж байна вэ?
-Энэ хоёр талтай асуудал. Манайд 1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэр, орон нутгийн нэгжийн тухай хууль шинээр гарсан. 1992-2005 он хүртэл ИТХ-ын төлөөлөгч 100 хувь төрийн захиргааны албан хаагч байж болдог байлаа. Тэр үед ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдийн ихэнх нь захиргааны албан хаагч болчихоод Засаг даргадаа захирагддагаас болоод хурал шийдвэр гаргахад Засаг даргын нөлөөлөл өндөр байсан. Тиймээс 2005 онд өөрчлөлт оруулаад төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагч байж болно гээд хязгаар тавьчихсан. Энэ хууль 2008 он хүртэл хэрэгжсэн юм. Гэхдээ давхар ажилладаг төлөөлөгч тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн эсвэл захиргааныхаа аппаратад орохыг хориглочихдог байсан. Одоо эргээд бодоход энэ бол зөв хэлбэр байсан. 2008-2016 оны хооронд төлөөлөгч төрийн албан хаагч байхыг хориглочихсон. Хориглосноор хоёр сөрөг үр дагавар гарсан. Нэгдүгээрт нь аймаг, нийслэл, дүүргийн ИТХ гайгүй, харин сумын хурлын чадавхи эрс муудсан. Суманд байгаа жижиг худалдаа хийдэг хэдэн хүн, ихэнх нь малчид ИТХ-д орсон. Ингээд төрийн бодлогыг тодорхойлох, иргэдийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхой болгож гаргаж ирэх, түүнийг шийдвэрлэх арга замыг олох зэрэг дээр чадвар дутмаг болж байгаа юм. Мөн ИТХ-ын төлөөлөгч орон тооны бус байдаг. Жилд хоёр удаа хуралд суухаас өөр ажил байхгүй. Тийм учраас ажилгүй иргэн болчихож байна гэсэн үг. Тийм учраас захиргааны байгууллагын давамгайллыг бий болгохгүй. Нөгөө талаас нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сайжруулах энэ хоёрын аль алиных нь балансийг тэнцвэржүүлэх үүднээс Засаг захиргаа, нутаг дэвсгэр, орон нутгийн нэгжийн тухай хуульд төлөөлөгчдийн гуравны нэгийг төрийн захиргааны албан хаагч байхаар оруулж ирж байгаа. Миний хувьд энэ талаас хараад дэмжээд байгаа юм.
-Гэхдээ ИТХ-ын төлөөлөгч давхар төрд ажиллана гэхээр жишээлбэл, сумын сургуулийн захирал тэр албан тушаалаа ашиглаад дахин сонгогдоход хялбар болох зэрэг талтай юм биш үү?
-Зарим хүмүүс “давхар дээл” гэж шүүмжилж байна л даа. Гэхдээ УИХ-ын гишүүн бол цалин авдаг. Тойрогтоо ажиллах зардал, мөнгө тусгуулдаг орон тооны ажил. Тийм учраас Засгийн газрын гишүүн хийх юм бол тэр хүн “давхар дээл” буюу давхар ажил эрхэлж байна гэсэн үг. Харин ИТХ-ын төлөөлөгч бол орон тооны биш. Нэг ч төгрөгийн цалин байхгүй. Хурал нь өөрөө байнгын биш жилд үсрээд хоёр удаа хуралдана. Бараг л нэг удаа хуралдана. Тэр үеэрээ хоёрхон асуудал хэлэлцдэг. Засаг даргын тайлан хэлэлцэнэ, төсөв батлана өөр үүрэг байхгүй. Бусад хоногуудад ажил байхгүй учраас “давхар дээл” гэж хэлэхэд хэцүү. Орон тооны бус зөвхөн төлөөллийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа ажил шүү дээ. одоо энэ гуравны нэгийг гаргаж байгаа явдал бол хурлаа чадавхижуулж байгаа нөгөө талаас хүмүүсээ ажилтай байлгаж балансийг нь бариулж байгаа эерэг зүйл гэж би ойлгож байгаа. Ер нь ИТХ-д тухайн орон нутгийнхаа бусдын итгэлийг хүлээсэн чадалтай хүн жишээ нь хамгийн сайн багш сонгогддог. Тэгээд ажиллах гэхээр төрийн албан хаагч байж болохгүй гэдгээр хориулчихаад байгаа юм. Хамгийн сайн захиргааны ажилтан буюу жишээ нь сумынхаа эдийн засагч хийдэг маш чадварлаг хүн байлаа гэж бодъё. Гэтэл төлөөлөгч болчихсон “Уучлаарай та болохгүй” гэдэг. Тэгэхээр сайн чадавхитай хүмүүс захиргааны байгууллагад орж ажиллахад хүндрэл үүсээд байгаа юм. Орон нутагт ажиллаж байгаа, яг амьдрал дээр үзчихсэн хүмүүс бол энэ хуулийг дэмжиж л таарна.
Ж.Баярсайхан

Сэтгэгдэл ( 7 )
4 жилийн дараа үүнээс аймаар халаа сэлгээ хийн
Uls turchid dandaa l tegj yaridag. Ur dun ni haana baina?
Хүүхэд ийм насан дээрээ хөөрхөн гэгчээр наад яриад байгаа зүйл чинь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад бүгд бий шүү дээ. Будаа хийчихээд их юм ярьж байх шив дээ хөөрхий. Үнэн инээдэмтэй нөхөр вэ.
Tyntger Toghthoo Uvurhangai aimgaas tursun anhnii terbumtan bhaa.