Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв
Монгол Улсын Их Хурлын чуулганы /2017.01.27 Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 30 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн тавьсан асуулгын дагуу мэдээлэл хийв.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т “Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар нэмэгдүүлж болно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 5-д “Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн арилжааны банкуудтай гэрээ байгуулан нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 1997 оноос эхлэн арилжааны банкинд байршуулан ажиллаж байна. Дээрх хуулийн заалтыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.
Тэрбээр, арилжааны банкинд байршуулсан хадгаламжийн хүүгийн орлого 2006 онд 1.4 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 56 тэрбум төгрөгт хүрч 40 дахин буюу 54.6 тэрбум төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Эдгээр хөрөнгийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, мөн зүйлийн 4-т тус тус заасны дагуу 57.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, арилжааны 10 банкны харилцах дансанд 139.8 тэрбум төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, Төрийн сангийн харилцах дансанд 111.3 тэрбум төгрөгийг хүүгүйгээр, 577 тэрбум төгрөгийн хадгаламжийг арилжааны банкуудад жилийн 9 хувийн хүүтэй тус тус байршуулсан гэдгийг онцолсон юм.
Мөн Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Тэтгэврийн сангийн орлогыг 1.24 их наяд, зарлагыг 1.32 их наяд төгрөгөөр баталж, улмаар Тэтгэврийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал, чөлөөт үлдэгдэл 81.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн зарлагад зарцуулж дуусгасан. Тэтгэвэр авагчдын тоо жил ирэх бүр өсч, одоогийн байдлаар 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113.0 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 60.0 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлогоор, үлдэх 53.0 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна гэж байв.

Түүнчлэн Тэтгэмжийн даатгалын сангийн 2016 оны орлого 82.8 тэрбум, зарлага 104.8 тэрбум төгрөг, алдагдал 22.0 тэрбум төгрөгт хүрсэн. Тэтгэмжийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал 12.0 тэрбум төгрөгөөр энэ алдагдлыг нөхөж ажилласнаар тус сангийн чөлөөт үлдэгдэл бүрэн зарцуулагдсан. Тэтгэмжийн даатгалын сангийн алдагдлын шалтгаан нь оршуулгын тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолоор 620 мянган төгрөгөөс 1.0 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, төрөлт нэмэгдэж жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагчдын тоо эрс өссөнтэй холбоотой байна гэж салбарын сайд онцлов.
Цаашид нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зохистой, үр өгөөжтэй байршуулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төлөвлөжээ. Үүнд:
- Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд менежмент хийх нарийн зохицуулалтыг Нийгмийн даатгалын тухай хуульд тусгах;
-Сангийн хөрөнгийг арилжааны банкид байршуулах, банк сонгон шалгаруулах, гэрээлэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй зарчмаар шийдэж ажиллах;
-Хөрөнгө байршуулах үйл ажиллагааг тооцоолол, судалгаа, үр өгөөжид суурилсан байдлаар зохион байгуулах;
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулах;
-Хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хувь хэмжээтэй хэрхэн уялдуулан тогтоох аргачлалыг тодорхой болгох;
-Төрийн санд хүүгүй байршиж байгаа 111.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хамгийн боломжит түвшинд хүртэл буулгаж, хүүтэйгээр байршуулах арга хэмжээ авах;
-Монголбанктай хагас жил бүр мэдээлэл солилцож, хөрөнгө байршуулсан арилжааны банкны төлбөрийн чадвар, санхүүгийн бусад үзүүлэлтийн мэдээллийг авч, дүгнэлт хийж ажиллах ажээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэлдээ, Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг 1994 онд хийж, Нийгмийн даатгалын багц хуулийг батлан 1995 оноос эхлэн мөрдөж эхэлснээр нийгмийн даатгалын таван сан буюу тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн үйл ажиллагааг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага эрхлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 339 суманд үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг дурдлаа.
Нийгмийн даатгалын үйлчилгээний ачаалал жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 1995 онд даатгалд хамрагдсан ажил олгогчийн тоо 14.1 мянга байсан бол 2015 оны эцэст 41.6 мянгад, даатгуулагчийн тоо 409.1 мянгаас 989 мянгад, тэтгэвэр авагчийн тоо 284.3 мянгаас 369.0 мянгад тус тус хүрээд байна. Нийгмийн даатгалын 5 сангаас үйлчилгээ авсан даатгуулагчийн тоо 2015 онд давхардсан дүнгээр 1.5 сая байсан бол 2015 оны эцэст 5.2 саяд хүрч 3.5 дахин нэмэгджээ.
Мөн нийгмийн даатгалын сангийн нийт орлого 1995 онд 30.7 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 1.26 их наяд төгрөгт хүрч 41 дахин, сангийн зарлага 25.3 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 1.76 их наяд төгрөгт хүрч 69.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хэдий ажпын ачаалал 1995 оны үеэс олон дахин өссөн боловч нийгмийн даатгалын байгууллагын хүний нөөц энэ хэмжээгээр нэмэгдээгүй буюу 1995 онд улсын хэмжээнд 1147 ажилтан байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын 1394 ажилтан улсын хэмжээнд ажиллаж байна гэж байв.
Нийгмийн даатгалын хөрөнгө оруулалтын зардал 2015 онд сангийн нийт орлогын 0.86 хувийг эзэлж байна. Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ” гэж өөрчилсөн тул 2017 оноос эхлэн хөрөнгө оруулалтын зардлыг Нийгмийн даатгалын сангийн орлогоос бус улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль зөрчсөн нийгмийн даатгалын байцаагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дотоод хяналтын бүтэцтэй бөгөөд жил бүр хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аудитын байгууллага тухай бүр хяналт тавьж ажилладаг. Хууль, хяналтын байгууллага 85.7 сая төгрөгийн зөрчил илрүүлж, төлбөр барагдуулах шийдвэр гаргаснаас 71.8 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлж, 13.9 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэж мэдэгдлээ.
2015 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын санд 1222.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1187.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 97.1 хувиар биелүүлж, нийт 41.6 мянган ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэж, албан журмын даатгалд 799.8 мянга, сайн дурын даатгалд 189.2 мянга, нийт 989.0 мянган даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулсан ажээ.
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2016 оны орлогыг 1.26 их наяд, зарлагыг 1.76 их наяд, Тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаас, санхүүжилтийг 0.5 их наяд төгрөгөөр батлан мөрдөж байна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиар сангийн нийт орлогыг 1.98 их наяд төгрөг, нийт зарлагыг 1.89 их наяд төгрөгөөр тус тус баталж, Тэтгэврийн санд улсын төсвөөс олгох татаасыг 587.3 тэрбум төгрөгөөр тогтоосон.
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн сангийн орлогыг 1.24 их наяд, зарлагыг 1.32 их наяд төгрөгөөр баталж, улмаар Тэтгэврийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал 81.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн зарлагад зарцуулж дуусгасан байна. Тэтгэвэр авагчдын тоо жил ирэх бүр өсч, одоогийн байдлаар 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113.0 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 60.0 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлогоор, үлдэх 53.0 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр санхүүжүүлж байна гэдгийг салбарын сайд онцолсон юм.
Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авлаа. Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд томоохон шинэчлэлт шаардлагатай байна. Тухайлбал, гадаадын шилдэг удирдлагын менежментийг нийгмийн даатгалын санд нэвтрүүлж, даатгалын сангийн алдагдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээ авах шаардлагатай. Мөн хүн нэг бүрийг нийгмийн даатгалд хамруулах талаар шинэлэг арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийв
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр Инновацийн тухай хууль батлагдан гараад багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт удаашралтай байна. Энэ нь инноваци, өндөр технологийн асуудал бодлогын хувьд тогтвортой бус, нэгдсэн удирдлагад төвлөрөх асуудал доголдсонтой холбоотой гэж үзэж болохоор байна. Хууль тогтоомж шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас Инновацийн тухай хуульд 2013, 2015 онуудад оруулсан өөрчлөлтөөр уг хуулийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай байсан зарим зүйл, заалтууд хүчингүй болсон. Тухайлбал, Инновацийн тухай хуульд 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр венч хөрөнгө оруулалтын талаарх цогц асуудлыг, мөн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр инновацийн сангийн талаарх асуудлыг хүчингүй болгосон. Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн гол хөдөлгүүр болсон дээрх хоёр асуудлыг хуулиас хассан нь Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог бүрэлдүүлэх, инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, санхүүжүүлэх ажпуудыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэдгийг дурдсан юм.
Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд үндэслэн хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан Хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, инновацийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх тааламжтай бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Уг зорилтыг биелүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал боловсруулах ажлыг 2017 онд хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Засгийн газраас мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт тавин, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлыг хийж эхлээд байна. Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дараах бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээлэлдээ Монгол Улсыг эдийн засгийн олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжилд шилжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 2015 онд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан гэдгийг дурдав.
Дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжпэгийг олгох, хяналт тавих журам”-ыг тус тус баталсан байна.
Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яам нь Технологи дамжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран эрх олгох, холбогдох дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Мөн тус яам нь Монгол Улсад шинжпэх ухаан, технологийн асуудал болон өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор технологийн нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх, баяжуулах ажлыг зохион байгуулах аж.
Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 185 дугаар тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэ нь дотоодод үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүнд ноогдуулж байгаа гаалийн тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын дагуу хүнсний зарим бүтээгдэхүүн, цемент, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүний гаалийн импортын 5 хувийн татварын түвшинг 20 хүртэл хувьд хүргэж өөрчилсөн. Ингэснээр нийт экспортод эзлэх аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийн жин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.0 нэгж хувиар өссөн байна.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодын үйлдвэрээс худалдан авах тухай заалтыг нэмсэн бөгөөд хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолын хавсралтаар “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан 12 нэрийн 101 төрлийн бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталсан ажээ.
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулахаар 2015, 2016 онуудад ирсэн хүсэлтээс 32 материалыг инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлага хангасан гэж үзсэн тул эдгээр гарааны 32 компани улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдэн, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа ажээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гарааны компанийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд: Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажпын инновацид чиглэсэн үр дүнгээр мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, гарааны компаниудыг чадавхжуулах сургалт, семинаруудыг тогтмол зохион байгуулах, мэдээллийн сан үүсгэх, хөрөнгө оруулагчдад нээлттэй ажлуулах, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлууд тусгагджээ.

Салбарын сайд мэдээлэлдээ, дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрхэн хөгжүүлж, хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, шинжпэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулан мэдлэгийг баялаг болгож байгаагаар өрсөлддөг болсон бөгөөд манай улсын хувьд энэхүү байдал хангалтгүй байсаар байна. Үүнийг дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг улсын өрсөлдөх чадварын 2015 оны тайланд манай улс 140 орноос 104 дүгээрт орсноос харж болно. Эдгээр үзүүлэлтэд манай улс дээд боловсролын хөгжпийн үзүүлэлтээр 62 дугаар байр, технологийн бэлэн байдлын үзүүлэлтээр 67, инновацийн үзүүлэлтээр 97 дугаар байранд байна. Инновацийн түвшин доогуур байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татаж байгаа нэг гол үзүүлэлт болж байна гэдгийг онцолж байв.
Монгол Улсын хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ч шинжпэх ухаан, технологи, инновацид улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ дорвитой өсөхгүй, харин ч 2013 онд 0,17 хувь, 2014 онд 0,16 хувь болж буурсаар байна.
Инновацийн тогтолцоог шинэчлэхэд дараах үндсэн бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд: Инновацийн салбарын төсвийн болон төсвийн бус санхүүжилтийн хэмжээ маш бага, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, мөнгөн хөрөнгө хомсдолтой, хөрөнгө оруулах чадвар сул, хөгжлийн түвшин үйлдвэржилтийн өмнөх шатанд байгаа, зээлийн хүү өндөр, хэмжээ бага, хугацаа богино, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин хөлс бага, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүд эдийн засгийн бусад салбарт шилжсэн, аж ахуйн нэгжүүдэд эрдэм шинжилгээ-судалгааны хэрэгцээ бага, өөрөөр хэлбэл мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн хэвшил цөөн байгааг сайд онцолсон юм.
Эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран инновацийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх, импортыг орлох болон экспортод чиглэсэн өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих үүрэг бүхий “Шинжлэх ухааны парк” байгуулах бодит хэрэгцээ, шаардлага тулгамдаж байгаа ажээ.
Шинжлэх ухааны парк байгуулж, хөгжүүлэхэд тэргүүн ээлжинд шийдвэрлэвэл зохих асуудал бол Шинжлэх ухааны парк байгуулах зорилго, үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн хэм хэмжээг тогтоох, төрийн дэмжлэг, туслалцаа, оюуны өмчийн харилцаа, банк, зээл санхүүгийн тогтолцоо, паркийн хөрөнгө оруулалт, бусад үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тавих, парк байгуулагдсантай холбогдон үүсэх харилцааг хууль эрх зүйн хувьд бүрэн цогцоор нь зохицуулах зорилгоор “Шинжлэх ухааны паркийн тухай” бие даасан хууль батлуулан хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна гэж Ж.Батсуурь сайд дурдсан юм.
Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Б.Дэлгэрсайхан, Д.Гантулга, О.Баасанхүү, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Н.Учрал, Инновацийн асуудал зөвхөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын асуудал биш бүх салбарын асуудал. Гарааны 32 компанийн борлуулалтын дүн алга, татварын ямар ч хөнгөлөлт эдлээгүй байна. Үүнд бид бодит дүн шинжилгээ хийх цаг болжээ. Хуулийг дагаж Засгийн газраас 22 журам гаргах ёстой ч өмнөх Засгийн газар дөрвийг л батласан байгаа нь хууль хэрэгжих боломж нөхцлийг бүрдүүлээгүй нь харагдаж байна гэж байв.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Төслийн үзэл баримтлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Биеийн тамир, спортын хөгжлийг дотоодын болон гадаадын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагатай уялдуулан эрчимжүүлэх нөхцөл бүрдүүлэх, эрх зүйн орчныг шинэчилэх шаардлага бий болж байна. Тухайлбал, Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хөдөлгөөний хомсдол, цусны даралт ихсэлт болон зүрх судасны өвчтэй, хоёрны нэг нь илүүдэл жин, таргалалттай, хүн амын 65 хувь нь тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшингээр хангалтгүй үнэлгээтэй байгаа нь үндэсний судалгаагаар тогтоогдсон. Монгол Улсын Их Хурлаар 2003 онд батлагдсан “Биеийн тамир, спортын тухай хууль”-д 2007, 2009, 2012, 2016 онд нэмэлт, өөрчлөлт хийгдсэн.
Гэвч биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтолцоог боловсронгуй болгох, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг спортын төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд нийгмийн бусад салбар, байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байна. Иймд “Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж, биеийн тамир, спортын удирдах ажилтны болон спортын төрийн бус байгууллагын зөвлөгөөн, салбарын эрдэмтдийн багаар хэлэлцүүлж, ажлын хэсэг ажиллан төслийг боловсронгуй болголоо гэж салбарын сайд танилцуулгадаа дурдав. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 4 бүлэг, 28 зүйл, 83 хэсэг, 147 заалттай байхаар боловсруулсан байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга танилцуулав. Тэрбээр, уг хуулийг шинэчлэн найруулснаар биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, оролцоог тодорхой болгох, төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, тэдний бие даасан байдлыг дэмжих, бакалаврын төгсөлтийн дараахь сургалтаар биеийн тамир, спортын мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бий болгох, спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, спортод хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, олон улсын жишгийн дагуу спортыг бизнесийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, допингийн эсрэг үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг бий болгоно гэж хууль санаачлагч үзсэн. Байнгын хороо уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан, М.Билэгт, Д.Сумьяабазар, Н.Нямбаатар, Б.Энх-Амгалан, А.Сүхбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ спортын тамирчдын шагналын давхардлыг арилгах, үндэсний бөхийн авлигын асуудлыг цэгцлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд орон нутгийн сургуулиудыг заал танхимаар бүрэн хангах, чийрэгжүүлэх танхим байгуулах асуудлыг тусгах шаардлагатайг анхааруулж байлаа.
Ингээд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
Хуралдааны төгсгөлд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганболд нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Б.Ундармаа нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сумъяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгагджээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Л.Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тогтоолын төсөлд тусгагдсан байв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Гантулга, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлснээр хуралдаан өндөрлөлөө. Тогтоолын төслийг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжүүлэн хэлэлцэж батлахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
zasgiin gazar geh ail
eronhii said n bilegdliin chanartai bolgovol hen yu hiihee medehgui yum baihgui bolno
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд д