Ч.Сандаг: Эрхэм аавуудын дурсамжийг уншихад самсаа шархирахгүй байхын аргагүй

2017 оны 01 сарын 31

Уулсын оройг ширтэж бодлоо бэлчээж налайсан
Уудам хорвоогийн жамыг хонгор үрдээ таниулсан
Хайрт аавынхаа алдрыг хан хорвоод бид мөнхөлнө

Танд энэ гайхалтай өдрийн мэнд хүргэе. Та өөрийн номын талаар товчхон танилцуулахгүй юу?

"Миний сайхан аав" ном 2010 оноос эхлэн бүтээгдэж эхэлсэн. 2017 онд 7 дахь боть номоо гарах гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Энэхүү номын онцлог гэвэл жил болгон 108 аавын тухай дурсамж бичигдэж нэг боть ном гардаг. Аавынхаа намтар түүх, алдар гавьяа, дурсамж дурдатгал, дуу шүлэг гээд ааваараа бахархаж болох бүхнээ  бидэнд ирүүлээд бахархалт судар номоо бүтээх боломжтой байдгаараа давуу талтай. Ямар ч хүн орж болно. Заавал гавьяа шагналтай байх учиргүй ээ. Зөвхөн ааваараа бахархахыг хүссэн номонд мөнхлөхийг зорьсон хэн бүхэнд бид нээлттэй. Бидний зүгээс жил бүр номынхоо нээлтийг хийсэн цагаас хойш бүртгэлээ явуулдаг ба энэ оны хувьд өвлийн адаг сарын шинийн нэгний өдрийн өглөө нээлтээ хийлээ. Бид 03 сарын 18-ны эр цэргийн баяраар номын ажлаа дуусгаад оролцсон аавуудынхаа гар дээр очихоор тооцсон байгаа. Маргаашаас буюу 2017.01.29-өөс 108-н аавын бүртгэл хийгдэж, материалаа хүлээж авна.  

Анх бичих болсон шалтгаан? Яагаад заавал аав гэдэг сэдвийг сонгосон бэ?

Аав гэдэг сэдэв бол маш эрхэм. Аав гэлээ гээд ээж орхигдож байгаа юм биш. Энэ жилийн манай бүтээлийн онцлог бол гэр бүлээрээ энэ номонд орж байгаа бөгөөд ургийн бичгээ хөтлөх боломжийг бүрдүүлж өгч байна. Таны зүгээс бидэнд өөрийнхөө ургийг мэдээллийг өгөхөд болноо. Та бүгдийн авчирсан мэдээлэл дээр үндэслэн ургийн бичгийг цаашид хэрхэн зөв хөтлөхийг бид бүрдүүлж өгнө.

Энэ жилийн номын нээлт “Бахархал” аяны хүрээнд гэж байна.

Тиймээ. Энэ жилийн хувьд бахархал хэмээх аяны хүрээнд Миний сайхан аав номын нээлтээ хийлээ. Үүнээс гадна аяны хүрээнд нийгэмд эрчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, аавуудаараа бахархаж, нийгмийн эмзэг давхаргыг дэмжих, тэдэнд тусламж туслалцаа үзүүлэх зорлиготой аяны хүрээнд төлөвлөгдсөн зүйлс бий.  


 

Миний сайхан аав ном их нандин уран бүтээл. Тэгвэл энэ сайхан ном хэрхэн бүтдэг, ямар материалаар хийдэг талаар мэдээлэл өгөөч.

Бид чанарын хувьд үнэхээр их ач холбогдол өгч ажилдаг. Манай номын чанарын тухайд маш сайн. Бидний хийж байгаа материал сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиор бүтээдэг юм. “Миний сайхан аав” ном хамбан хавтастай, судар хэлбэртэй, дээрээ алтан шаргал дардастай, дотор нь оёдолтой , хатуу хавтастай зэрэг сайн материалаар чанарын өндөр түвшинд хийгддэг юм.

Ном гэдэг бол өнө олон жилийн түүхийн хуудас шүү дээ.

Хүн гэдэг бол мөнхийн бүтээл биш, ном гэдэг бол магадгүй 1000 жилийн настай. Зөв хадгалавал тэрнээс илүү ч байхыг үгүйсгэхгүй. Энэхүү номонд оролцсоноороо эхлүүлээгүй байсан зүйлээ эхлүүлж, ургийн бичгээ хөтлөх боломжтой. Бүтээл эхэлнэ гэдэг бол цаашдаа үргэлжлэхийн нэр шүү дээ. Хүмүүс ургийн бичиг гэж яриад л байдаг. Яг нэг айлд зориулсан зураглалыг нь гаргаж өгөх хүн өнөөдөр маш ховор байгаа юм. Манай нэг ах, эгч байдаг юм тэр л хөтлөх байх гэж ярьдаг. Гэтэл тэр ах, эгч хөтлөх биш байхгүй юу... Хүн өөрөө энэ дээр оролцоотой байх ёстой. Ургийн бичиг хөтлөх гэдэг бол маш чухал зүйл учраас бид та бүхний зураглал бүхий ургийн бичгийг стандартын дагуу зөв зүйтэй эхлүүлэх ажлыг санаачлан ирээдүй хойч үедээ үлдээх тэр л нандин бүтээлийн төлөө сансс сэтгэлээ нэгтгэн ажиллаж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаа хэр өргөн хүрээтэй болсон бэ?

Өнөөдөр телевиз, радио хэвлэл мэдээллийн ажилтнууд болон зочид төлөөлөгчид гээд нийт 50 гаруй хүний арга хэмжээ интер номын их дэлгүүрт боллоо. Тодруулбал манай номын редактор хөгжмийн зохиолч Хаянхярваа багш, ерөнхий редактор, тал бичээч Давга-ын Жаргалсайхан, “Ном Хур” хэвлэх үйлдвэрийн ерөнхий захирал Ч. Дүгэр, МУ-ын заан Дамрингийн Бумбаяр гэх мэт нэрлээд байвал олон хүн ирсэн.  Миний хувьд олон найз нөхдөдөө номын урилгаа өгсөн. Зарим нь амжсан, зарим нь амжаагүй. Гэхдээ дотроо 50 хүнтэй арга хэмжээ хийнэ гэж төсөөлж байсан яг л тэр хэмжээгээр сайхан болж өнгөрлөө.

Нээлтийн үйл ажиллагааны сайхан зүйл нь юу байсан бэ?

Олон сайхан хүмүүс ирээд сэтгэлийнхээ үгийг хэлж хүн бүхнээс сэтгэлийн угаас гарч байгаа бахархал гэдэг үгсийг сонсож урамших үнэхээр сайхан байлаа. Хүн бүхний бахархал ондоо шүү дээ. Жишээ нь тэр хүний аав нь ямар хүн байсан эсвэл аавынхаа ямар зан заншлаар бахархдаг гэх мэтээр бүх хүний яриа өөр байсан нь бас их сайхан мэдрэмж төрүүлсэн.

Таны тухайд айлын хэд дэхь хүүхэд вэ? Та өөрийн аавынхаа талаар яривал?

Миний аав Увс аймгийн Тэс сумын эгэл жирийн малчны гэр төрсөн. Аав минь малчин, тракторчин, тэжээлийн аж ахуйд нягтлан, тоо бүртгэгч, брагиадийн дарга, инженер хүн байсан. Би бол аавынхаа хамгийн хайртай хүүхэд. Намайг аав минь эрхлүүлэх гэхээсээ илүү зааж сургадаг байсан. Юу гэхээр аавтайгаа анд явдаг. Ан гөрөө хийнэ гэдэг бол эр хүний баяр бахдал шүү дээ. Миний хувьд аавтайгаа анд явж байсан тэр үе сэтгэл зүрхэнд минь тодоос тод үлдсэн байдаг. Ангийн буу зэвсгийн тоос шороог арчих, зөв хэрэглэж сурах гэх мэтчилэн их л олон зүйлийг суралцдаг байлаа. Аавын минь бидэнд сургадаг өнөөдөр хамгийн их нөмөр нөөлөг болж яваа сургаал нь “Уул шиг хар зүйлийг туулай шиг цагаан зүйл дийлдэг юм. Ямагт үнэнч, шударга яваарай” гэсэн үг байсан юм. Үнэхээр энэ үгийг би цаг хугацаа өнгөрөх тусам юутай үнэн үг вэ гэдгийг мэдэрч байна. Өнөөдөр үнэн худал гэдэг зүйл их яригддаг. Гэтэл үнэн байна гэдэг ямар гайхамшигтай мөн үнэн хэзээд ялдаг дийлдэг гэдгийг би мэдэрсэн энэ зан чанараараа бахархдаг. Аавынхаа захиасыг, хэлж үлдээсэн зүйлсийг хэрэгжүүлж чадаж байгаа л гэж боддог. Харамсах нэг зүйл байдаг. Аав минь 47 насандаа бурхны оронд очсон байдаг. Гэтэл үр хүүхдийнхээ сайн сайхан явж байгааг харж амжаагүй явсанд харамсдаг. Гэхдээ хүн ирдэг буцдаг нь үнэн. Биднийг зөв зүйлийг хийж, чин үнэнээр амьдарч байгаа гэдгийг мөнх хөх тэнгэр харж, хайрлаж, ерөөж явдаг байхаа гэдэгт итгэдэг. Аав минь байхгүй байгаа энэ цаг үед аавыгаа санах үе цөөнгүй тохиолддог. Ялангуяа аавуудын тухай ном туурвил бүтээж байх үед олон сайхан дурсамжуудыг уншаад сууж байхад үнэхээр самсаа шархирахгүй байхын арга үгүй байдаг.

Та хүүгээ таны ямар зан аашаар бахархаасай гэж хүсдэг вэ?

Миний бодох юм ондоо, миний аавын бодох юм өөр, цаг үе нь өөр. Би бол үр минь үлдэх хорвоод үнэн амьдрах юмсан гэсэн үгийг маш их боддог. Би үнэхээр үнэн байхыг хүсдэг. Хэрэв худал хуурмагаар амьдрах юм бол тэнгэр гэсгээдэг гэдэгт итгэдэг. Ер нь хүн баян болох гэж зүтгээд хэрэггүй. Хүн бол аливааг бүтээх гэж л зүтгэх хэрэгтэй. Бүтээнэ гэдгийн ар талд амьдрал ахуй чинь хамт явдаг. Бүтээхдээ хэт олон зүйл биш чанартай нэг хоёр л зүйл бүтээх хэрэгтэй.

Миний хүүхдүүд миний ямар зүйлээр бахархдаг бол гэж би сая бодлоо. Би архи уудаггүй, тамхи татдаггүй, хааяаа яхир хэдэр , чанга ширүүн талдаа хүн. Чанга ширүүн гэхээр арслан бар шиг гэсэн үг биш ээ. Аав хүн гэдэг бол цамхаг шүү дээ. Аав бол үнэхээр тэнгэртэй зүйрлэм. Гэтэл ямар үлгэр дууриалал үзүүлээд байгаагаар үр хүүхэд цаашаа явдаг. Миний үр хүүхдүүд бүтээхийн төлөө явдаг, үнэнч шударга хүмүүс болоосой, ааваараа тэгж л бахархаж яваасай  гэж хүсдэг.


Нийгэмд байгаа бүх аавууд сайн гэвэл үгүй, бахархам гэвэл үгүй шүү дээ... Магадгүй зарим хүн өөрийн эцэгээ үнэхээр муу хүн, ямар ч бахархах зүйл байхгүй гэж бодож яваа хүмүүс цөөнгүй байдаг. Энэ хүмүүст зориулж маш олон аавуудын тухай түүхийг бичиж явсан хүний хувьд юу гэж хэлмээр байна?

Маш сайхан асуулт байна. Ер нь бол муу аав гэж хаана ч байхгүй. Бүх хүн ааваараа бахархах ёстой. Аав, ээж байснаар тэр хүн заяаг олж төрж байгаа шүү дээ. Хүн бүхний аав сайхан. Нэг удаа ч гэсэн тэднийг  байж болох бүх л сайхнаар харж хайрлаж хүндлэх хэрэгтэй. Хэрвээ амьд сэрүүн бол аавдаа очоод нэг эрхлээд хайртай шүү гээд хэлчих хэрэгтэй. Тэгээд гараад явахад үнэхээр биенээс чинь өргөс аваад хаячихсан юм шиг л болно. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн  бол нутгийн нэг сайхан овоондоо мөргөөж, сүсэглээд овоогоо тойроод арц хүжээ уугиулаад явахад эцэгтэйгээ ярилцаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Бахархах л хэрэгтэй хэн ч байсан. Эцэг гэдэг бол тэнгэр мэт агуу.

Танай  хамт олонтой хэрхэн холбогдох вэ?

Манай хаяг: СБД 8-р хороо, 13/1 (Хөгжим бүжгийн коллежийн урд талд)
Холбоо барих утас: 70110855, 99070855

Бидэнтэй ярилцаж мэдээлэл өгсөн танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Баярлалаа. Та бүхэнтэй ярилцсандаа үнэхээр  сэтгэл хангалуун байна.

Ааваараа бахархан шинэлэх сайхан жил айсуй
Алдраар нь удмаа гоёх шинэхэн судар айсуй
Ачлалт аавуудын маань алдар мөнхөрч
Арвин номын их буян хурах болтугай
Хурай хурай хурай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top