Сэлэнгэ, Булган, Орхон аймгаас төрсөн улсын аваргуудад Засгийн газрын шагнал гардууллаа

2017 оны 02 сарын 22

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан. Аваргуудад Засгийн газрын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажиллаж салбарын шилдгүүдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажиллах үеэрээ “Японы сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хуурай сүү боловсруулах үйлдвэрийг Монголд нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ дагуу төхөөрөмжүүд ирэх гуравдугаар сарын сүүлчээр ирнэ. Ингэснээр  шингэн сүүг хуурай сүү болгож дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна экспортод гаргах бололцоог бүрдүүлэх зорилт тавьж байна. Өнөөдөр Монгол Улс 60 сая гаруй толгой малтай ч сүүнийхээ хэрэглээний 30-40 хувийг импортоор авч байна. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Бидэнд баялаг байна уу, байна. Энэ баялгаа зүй зохистой ашиглах бололцоог нь малчдадаа олгох ажлыг төр, засаг хийх ёстой. Засгийн газар “Мах, сүүний анхдугаар аян” зарлаж, энэ хүрээнд хуурай сүү боловсруулах үйлдвэр байгуулах технологийг нэвтрүүлэх гэж байна. Үүний тулд бид малаа эрүүлжүүлж, бүтээгдэхүүнээ нүүр бардам борлуулах бололцоо бүрдэнэ” ярьж байлаа.

Мөн “Улсын сайн малчин” гэсэн цолыг “Улсын аварга малчин” гэж нэрлэсэн. “Сайн малчин” цолтой малчдаа манайхан бүгд “Аварга аа” л гэдэг. Ард түмний дунд заншсан энэ үгээр нь шагналаа “Аварга малчин” гэж нэрлэе гэсэн. Аварга малчин бол аварга л байх ёстой. Малаасаа авч байгаа ашиг шим, ажлын байр нэмэгдүүлсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд бусдад дэмжлэг, туслалцаа үзүүлсэн зэрэг шалгуураар аваргуудаа тодруулсан. Тооны биш малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүнд анхаарсан малчин бол аварга малчин юм” гэж хэллээ

“Монгол Улс газар тариалан, мал аж ахуйн салбарын шилгүүдээ жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жил шалгаруулалтад тоо биш чанарыг эрхэмлэж анхаарсан байгаа. Цөөн малаас өндөр ашиг шим авах нь малчдад төдийгүй байгаль экологидоо хэрэгтэй. Ажлын байр нэмэгдүүлсэн, аймаг орон нутагтаа ямар тустай ажил хийсэн, малын үүлдэр угсааг сайжруулсан зэрэг олон үзүүлэлтийг харсан” гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга хэллээ.

Сэлэнгэ Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил “Улсын аварга малчин”, “Улсын Аварга тариаланч хамт олон” тус бүр зургаа,  гурван механикжуулагч гээд ургац шигээ олон аварга төрсөн амжилтын жил байлаа. Улсын хэмжээний үр тарианы 50-60 хувийг дангаараа, төмс, хүнсний ногооны 25-30 хувийг хангаж байгаа аймгийн хувьд амжилтын буухиа цаашдаа ч тасрахгүй гэж бодож байна. Өвөлжилт хүнд, 17 сумаас есөн сум нь цагаан зудтай, цас ихтэй байна. Гэсэн ч Сэлэнгийн малчид, тариаланчид хадлан тэжээлээ сайтар базааж, өвөлд сайн бэлтгэсэн тул сэтгэл санааны хувьд өөдрөг, өвлийг өнөтэй давахын тулд хөдөлмөрлөж байна” гэлээ.

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан баг саяхан Сэлэнгэ аймгийн дөрвөн суманд ажиллаж, 320 мянган тонн өвс, 80 тонн тэжээл улсын нөөцөөс өгснийг сумдад хуваарилж эхэлжээ. Аймаг ч нөөцийн өвс тэжээлээсээ малчдадаа өгч, тусалж дэмжиж байна. Мал нэг дордчихвол эргээд тэнхэл авахад хэцүү учир аймаг эртнээс анхаарч ажиллажээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Улсын аваргууд:

Улсын аварга малчин Г.Ансайн

 

Улсын аварга малчин Ц.Булган

 

Улсын аварга тариаланч хамт олон “Өглөгчийн хэрэм” ХХК

 

Улсын аварга тариаланч Б.Жаргалсайхан

 

Улсын аварга малчин Т.Цэдэнсодном

 

Улсын аварга малчин Х.Балдандорж

 

Улсын аварга тариаланч хамт олон “Их шинэстэй” ХХК

 

Улсын аварга тариаланч хамт олон “Атартрейд” ХХК

 

Улсын аварга тариаланч хамт олон “Сэлэнгэ тариа” ХХК

 

Улсын аварга тариаланч М.Батсүх

 

Улсын аварга тариаланч хамт олон “Өгөөж мандал уул” ХХК

 

Улсын аварга тариаланч Т.Батбаатар

 

Улсын аварга малчин С.Мөнхбат

 

Улсын аварга тариаланч А.Бат-Эрдэнэ

 

Улсын аварга тариаланч Л.Отгонбаяр

 

Улсын аварга тариаланч хамт олон “Бүтлийн-Ундарга”

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top