Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ

2017 оны 03 сарын 16

Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан "Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт өнөөдөр (2017.03.16)Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт эхэллээ. Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нар энэ сарын 13-15-нд Удирдлагын академийн Харвардын сургалтын танхимд байгууллагыг удирдах, зохион байгуулах, үйл ажиллагааг төлөвлөх, үр дүнг тооцох, шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргахад чиглэсэн сургалтад хамрагдаж төрийн удирдлагаар мэргэшсэн.

Тус сургалт 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Дорноговь аймагт "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалтаар үргэлжилж, шүүхийн тамгын газраас туршлага судлах юм.

Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ

 
Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын Шүүхийн хараат бус байдлыг хангах хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулж байна.

Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр үзүүлэх сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдалтай холбоотой эрх зүйн зохицуулалтад холбогдох өөрчлөлт оруулах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл Хууль зүйн яамтай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын намрын чуулганаар хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан цөөнгүй хууль батлагдсан. Үүнд шүүх, шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хэд, хэдэн заалт оруулсан. Ирэх чуулганаар хэлэлцэх цөөнгүй хуулийн төсөл бий. Тэдгээр хуулиудад өмнө нь хүчингүй болсон хуулийн заалтуудын гол агуулгыг оруулах зорилготой ажиллаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад энэ жил томоохон ажлуудыг төлөвлөн хийж байгаа. Энэ хүрээнд нийт шүүхийн тамгын газрын дарга нар Улаанбаатар хотод гурван өдрийн танхимын, Дорноговь аймагт үзүүлэх сургалтад оролцож байгаа юм” гэлээ.

Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг үзүүлэх сургалтыг хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудад талархал илэрхийлээд, шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хуульчилж өгсөн нь ололт гэдгийг онцоллоо. Энэ удаагийн сургалт шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах онол, практикийн мэдлэгийг дээшлүүлж байгаа ач холбогдлыг мөн дурьдлаа.

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжин хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор холбогдох дүрэм, журмууд батлагдан гарч хэрэгжсэнээр шүүх, хуулийн салбарт ардчиллын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бүрдэн, шүүхийн салбарт цоо шинэ хуудас нээгдсэн. Энэ удаагийн сургалт Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журмыг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх зорилготой учраас цаг үе, нүдээ олсон томоохон ажил болж байна” гэж онцолсон юм.

 

Шүүхийн байранд "гал гарав”

Үзүүлэх сургалт Дорноговь аймаг дахь шүүхийн байранд "гал” гарснаар эхэллээ. Тус шүүхийн шүүх хуралдааны танхимын хэсэгт "гал” гарч, барилгын 1, 2 дугаар давхар тэр чигтээ утаатай болов. Шүүхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн түгшүүрийн дохио дуугаргаж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн утсанд дуудлага өгснөөр үзүүлэх сургалт эхлэлээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах удирдагч Онцгой байдлын ахмад Х.Отгонбат 1 дүгээр тасгийн бие бүрэлдэхүүн хамт ирэхэд шүүхийн тамгын газрын мэргэжилтэн нөхцөл байдлыг танилцуулав. Энэ үеэр шүүх, шүүхийн захиргааны ажилтнууд эд мөрийн баримт, сервер зэрэг шаардлагатай баримтуудаа авч, аврах хаалгаар гарч ирлээ. Тэд баримтаа цагдаагийн байгууллагад, химийн бодистой эд мөрийн баримтыг онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн юм.

 Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ


Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ


Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ


Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ
 

Онцгойгийнхон гал түймрийн тархалтыг зогсоож, барилгад эрэн хайх аврах үйл ажиллагааг зохион байгуулж байв. Галд бүслэгдэн угаартаж, ухаан алдсан хүмүүсийг аврагчид зөөвөрлөн гаргаж эмнэлгийн анхны тусламжийнханд хүлээлгэн өглөө. Гэмтэгсдийн гар, хөл түлэгдэж, нэг ажилтны хөл хугарсан байв. Түргэн тусламжийн эмч нар өвчтөнүүдэд анхны тусламж үзүүлсэн юм.

Барилгын дээвэр дээр гарсан нэг хүн үсрэх гэж байтал аврагчид 10*15 харьцаатай 3.5 метрийн өндөр аврах тавцанг хийлж, түүн дээрээ тосон авсан нь үзүүлэх сургалтыг сонирхож байсан хүмүүсийг уулга алдуулсан үйл явдал байв. Барилга битүү утаатай байсан учраас аваарын шатаар дээш гарсан хүмүүсийг дээврээс аврах олс, торхон дамнуурга, аврах тавцан, шуудан, карбин зэрэг аврах ажиллагааны багаж ашиглан буулгалаа.

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газрын хамтарсан "Гамшиг ослын үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалт ийнхүү өндөрлөлөө.

 

Шүүхийн гадна "үймээн” болж, цагдаа нар тараалаа

Дорноговь аймгийн цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчид шүүхийн гадна олон нийтийг хамарсан "үймээн” гарсныг тарааж, шүүхийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Жагсагчид шүүхийн гадна үймээн дэгдээж, мод чулуу шидлэж байв. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн хамгаалалтад байгаа газар жагсаал, цуглаан хийхийг хориглосон тухай заалтыг цагдаагийн алба хаагч чанга яригчаар танилцуулж, тарахыг шаардаж байлаа. Энэ зуурт цагдаагийн алба хаагчид хамгаалалт авч, жагсагчдын ахлагчдыг баривчилсан юм. Үймээн, самуун дэгдээгчид цагдаагийн алба хаагчдын өөдөөс чулуу, мод нүүлгэж байв. Алба хаагчид тэднийг түрж, хашаанаас гаргаснаар "үймээн”-ийг тараалаа. Дараа нь онц аюултай гэмт хэрэгт шүүгдэгчийг хуяглан хүргэх үйл ажиллагааг үзүүлэв.

Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ

Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ


Шүүхийн аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт Дорноговь аймагт эхэллээ

Дорноговь аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, Шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулсан "Шүүхийн гадна орчинд олон нийтийг хамарсан үймээн самууны үед шүүхийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа” үзүүлэх сургалт энэ хүрээнд болсон юм. Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан үзүүлэх сургалт үргэлжилж байна.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(27.123.214.117) 2017 оны 03 сарын 16

Uursdiigeel hamgaalah aa beldeheer ard tumnee hamgaalahaa boddoo .huulia ul bolgoj hun helmegduulehgui bol ard tumen ta nariig tooj oroldohgui

0  |  0
Зочин(122.201.24.245) 2017 оны 03 сарын 16

Шүүх чинь ямар аюултай байдалд орчов

0  |  0
Top