Бодлогын хүүг 14 хувьтай үлдээв

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 18

 Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ  болгох шийдвэрийг гаргасан билээ. Ингэснээр Монголбанк түүхэн дэх хамгийн өндөр хувиар бодлогийн хүүгээ өсгөв. 

Харин удалгүй нэг хувиар буулгаж, 14 хувьтай болгосон юм. Бодлогын хүүг өсгөсөн шалтгаанаа төв банкны удирдлагууд  тайлбарлахдаа  "Төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна” хэмээн хэлж байсан юм.

Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр /2017.03.17/ хуралдаж, бодлогын хүүг 14 хувьтай хэвээр  хадгалах шийдвэр гаргажээ. 

Бодлогын хүүг хэвээр үлдээсэн шийдвэрээ Мөнгөний бодлогын зөвлөл “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд  1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа хэдий ч зорилтот  түвшнээс давж гарахааргүй байна. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаж,  БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурлаа.  Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр ийнхүү эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байгаа”-тай холбон тайлбарлажээ. УИХ-аар 2017 оны төсвийн тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын  төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top