Дадлагын оюутан нийгмийн ажилтнаар ажиллах урилгатай боллоо

2017 оны 03 сарын 18

Идэр дээд сургуулийн Нийгмийн ажилтны 4-р курсын оюутан А.Нямлхагва Канадын санхүүгийн дэмжлэгтэйгээр “Гүнж” төвөөс зохион байгуулсан Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Хүчирхийлэл үйлддэггүй хүчирхэг хөвгүүд” төслийг 2016.IX сараас 2017.II  сар хүртэл хэрэгжүүлж, төслийн дасгалжуулагч багшаар ажиллажээ.

Дасгалжуулагч багш А.Нямлхагва Нийслэлийн Баянзүрх дүүргийн хошой тэргүүний Шавь цогцолбор сургуульд“Жендер, хүний эрх, харилцаа, хөвгүүдийн хайрцаг” зэрэг 10 модуль сургалтыг зохион байгуулж, “Цагаан туузтаны аян”, “Хүчирхийлэлгүй хайрлах нь” сэдэвт богино хэмжээний видео уралдаанд амжилттай  оролцон “Хүчирхэг хөвгүүд” клуб нь “Шилдэг клуб”, дасгалжуулагч багш А.Нямлхагва “Шилдэг дасгалжуулагч багш”-аар шалгарчээ.

Энэхүү төслөө үргэлжлүүлэн Хүрээ Ротаригийн дэмжлэгтэйгээр Баянхошууны сургуульд удирдаж байгаа бөгөөд түүнд Шавь цогцолбор сургуульд нийгмийн ажилтнаар ажиллах ажлын санал ирсэн байна.

 А.Нямлхагва нэгэн телевизэд өгсөн ярилцлагандаа “Дадлага хийж байх хугацаандаа ажлын санал хүлээж авсандаа маш их баяртай байна. Миний хувьд сурагч байхаасаа хүүхдийн оролцооны байгууллага, иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын ажилдт идэвхитэй оролцдог байсан минь нийгмийн ажлын мэргэжлийг сонгож Идэр дээд сургуульд суралцахад нөлөөлсөн юм. Манай сургуулийн нийгмийн ажлын тэнхмийн багш нар бидэнд онолын мэдлэг, ур чадвар, дадлыг бүх талаар нь олгодог. Ялангуяа хувь хүнийг хөгжүүлэх, чадваржуулахад, онол дадлагыг сайн хослуулж өгдөг. Манай тэнхмийн эрхлэгч, нийгмийн ажлын багш Ж.Сарангэрэл багш “Нийгмийн ажилтанхүн зөвхөн мэдлэг, чадвартай байхаас гадна чин сэтгэлээсээ хүнд туслах эрмэлзлэлтэй, сэтгэлтэй, хүнлэг байх хэрэгтэй гэж үргэлж захидаг юм. Төсөл болон  дадлага хийж байх үед хүүхэдтэй ярилцлага хийх, тэдний сэтгэл зүйг ойлгох, үүссэн асуудлыг оношлох болон хүүхэдтэй харилцахад багш нарын бидэнд заасан зүйл их хэрэг болж байсан. Тэнхмийн Ж.Сарангэрэл багш, О.Оюунтунгалаг, Э.Алтанзул, А.Намсрай, Г.Эрхэмбаяр багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүгдийнхээ эрдмийн их ажил үйлсэд нь амжилт хүсье” гэж ярьж байлаа.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top