Өнөөдөр улсын хэмжээнд 36 асрамжийн газар нийт 1060 орчим хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдийн тал орчим нь хагас эсвэл бүтэн өнчин, бичиг баримтгүй, олдмол хүүхдүүд байдаг байна.
Асрамжийн төвийн сайхан сэтгэлт багш нарын буянаар хүүхдүүд идэх хоол, дулаан байранд хорвоогийн бор хоногуудыг өнгөрөөж байгаа ч гэлээ хэзээ ч ирэхгүй эсвэл хэзээ ч хараагүй эцэг эхийгээ харуулдан суусаар эр биеийн цээнд хүрдэг. Монгол Улсын хуульд зааснаар 18 нас хүрсэн л бол хүссэн хүсээгүй асрамжийн газраа орхин одно. Асрамжийн төвөөсөө гарсан хүүхдүүд хэд хэдээрээ нийлж хажуу өрөө түрээслэх, хар бор ажил хийж амьдрах нэгэн байхад тэгж чадахгүй буруу зам руу орох нэг хэсэг нь ч бий.
Тэгвэл эдгээр хүүхдүүдийг мэргэжилтэй болгох “Challenge”-ийг “Vidal” салоны захирал, мастер үсчин Д.Одонгоо эхлүүлээд байгаа билээ. Тодруулбал тэрбээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 36 асрамжийн газраас нэг, нэг хүүхэд сонгон авч үсчний мэргэжлээр үнэ төлбөргүй сургахаар болж бусад мэргэжлийн холбоодыг энэхүү аянд нэгдэхийг уриалсан юм.
"Асрамжийн газрын хүүхдүүдэд чаддаг, чаддагаа зааж сургая" хэмээн уриан дор эхлүүлсэн тус сайн үйлсийн аянд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд асран хамгаалах газар зэрэг одоогийн байдлаар 14 Мэргэжлийн холбоод, хувь хүмүүс нэгдээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан үйл байна