Алдартай хөрөнгө оруулагч Жорж Сорос удаан хугацаанд завсарласныхаа эцэст бизнестээ эргэн иржээ. Түүний эзэмшлийн “Soros Fund Management LLC” компани хөрөнгийн захаас алт болон алтны ордуудын хувьцааг худалдан авч эхэлсэн талаар “The Wall Street Journal”-д бичсэн байна.
Сэтгүүлд бичсэнээр бол ингэж алт худалдаж авч байгаа нь Ж.Сорос хөрөнгийн зах зээлийн талаар сөрөг таамагтай байгааг нь илтгэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа уналтад орох учраас хөрөнгөө нэг хэсэгтээ хатуу шар металл болгох нь хөрөнгөө хадгалж үлдэх гол гарц байх ажээ.
“Soros Fund Management LLC” нь 30 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Гэвч тэрбумтан сүүлийн хэдэн жил бизнест огт оролцолгүй буяны үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж ирсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сард тэрээр БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн “БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт нь дэлхийнхийг уруу татна” хэмээн мэдэгдэж олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ.
Жорж Сорос бол билгийн нүд нь гайхалтай хөгжсөн цөөн эдийн засагчдын нэг гэж үнэлэгддэг. Тэрээр найз Жим Рожерстойгоо хамтран 1970-аад онд “Quantum” хэмээх хөрөнгө оруулалтын корпораци байгуулсан нь 10 жилийн дотор 4200 хувийн ашиг өгч байв. Мөн хугацаанд АНУ-ын “S&P”-ын индексийн өсөлт ердөө 47 хувьтай байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )