Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Холимог комиссын хуралдааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол, Италийн Бизнес форум /2017.04.05/ зохион байгууллаа.
Монгол, Италийн бизнес форумд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Итали улсын Эдийн засаг хөгжлийн дэд сайд Иван Скалфаротто болон албаны төлөөллүүд, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Бизнес форумыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нээж үг хэлэв. Тэрбээр эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны нөөц боломжийг нээн илрүүлэх, хамтарч ажиллахаар хүрэлцэн ирсэн Италийн бизнесийн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
Монгол, Италийн эдийн засаг, худалдаа болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа хэлэлцээний гол механизм нь Засгийн газар хоорондын холимог комисс юм. Тус хуралдаанаар Монгол, Италийн худалдаа, эдийн засаг болон хоёр талын сонирхол бүхий бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй яриа хэлэлцээг өрнүүлэхээр төлөвлөж байгааг дурдав.
Түүнчлэн Монгол Улсын түүхий эдийн нөөц баялгийг Италийн технологитой хоршуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Италийн төдийгүй Европын Холбоо болон манай хоёр хөрш орны зах зээлд экспортлох замаар харилцан ашигтай ажиллах боломж бий бөгөөд Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд энэ чиглэлээр бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн таатай орчин бүрэлдсэн гэдгийг онцлов.
Энэ удаагийн хуралдаанд талууд өндөр ач холбогдол өгч хүнс, арьс шир, ноос ноолуур, барилга, эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын ХАА-н түүхий эдийн бүтээгдэхүүнд суурилсан Италийн технологи бүхий эцсийн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой. Хоёр талын хувийн хэвшил, үйлдвэрлэл эрхлэгчдэд бодлогын хувьд дэмжлэг үзүүлэн, хамтын ажиллагааг хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой гэдэгт талууд нэгдсэн ойлголт, санал нэгтэй байгааг дурдав.
Бизнес форумаар “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин”, “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого”, “Итали улсын санхүүгийн схем, хөрөнгө оруулалтын боломжийн талаар тус тус танилцуулга хийгдсэн юм.
Монгол Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хуралдаан 2011 онд Италийн Ром хотноо анхдугаар хуралдаанаа зохион байгуулж байсан байна. Сүүлийн зургаан жил завсардсан хэдий ч Холимог комиссын хоёрдугаар хуралдааныг зохион байгуулж байгаа нь харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан чухал үйл явдал гэж Монгол-Италийн комисс үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )