Үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ

2017 оны 04 сарын 08

“Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” үзэсгэлэн /2017.04.07/ Тэнгэр плаза худалдааны төвд нээлтээ хийлээ. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани  аж ахуй нэгж оролцож буй үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын ерөнхий  сайд Ж.Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр “Энэ өдөрлөг ямар нэгэн баяр ёслол юмуу, эсвэл Төрийн өмчийн компанийн захирал тайзан дээрээс ярьж, бусад нь заалнаас сонсох арга хэмжээ биш юм. Энэ үзэсгэлэн төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нь хаалттай, худалдан авалт нь далд явдаг, хамтарч ажиллахад хүнд суртал ихтэй гэх зэрэг бодитой шүүмжлэлүүдийг засах ажлын эхлэл болох ёстой. Эцэст нь хэдэн компани иргэдэд нээлттэй болов, тендер, худалдан авалт нь шилэн болсон уу, дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг хэрхэн дэмжив гэдгээр энэ өдөрлөгийн үр дүнг тодорхойлох ёстой. Энэ үр дүнг яг нэг сарын дараа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт даалгаж байна” гэдгийг онцлон хэлэв.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний санал бодлыг сонслоо.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, "Үндэсний үйлдвэрлэл", "төрийн өмчийн худалдан ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Төрийн худалдан авалтад нийлүүлэх үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилготой үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top