Дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн #1 компани болох “RE/MAX” Монголд орж ирээд жил гаруй болж байна. "Дэлхийн үл хөдлөх хөрөнгийг Монголд, Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийд" уриатай “RE/MAX” Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ хуудсыг нээсэн юм.
Тиймээс энэ удаагийн ярилцлагын буландаа “RE/MAX Partner” брокер oффисын шилдэг агент Ж.Жавхлантай ярилцлаа.
-Дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн компани болох “REMAX”-ийн нэгэн эд эс нь болон ажиллаж буй хүний хувьд сэтгэгдлийг нь сонсъё. “REMAX”-ийг сонгох болсон шалтгаан нь юу байв?
-RE/MAX Mongolia-аас зохион байгуулдаг FIRE-UP мэргэшүүлэх багц сургалтад өнгөрсөн оны арванхоёр дугаар сард хамрагдаад улмаар шалгалт өгч тэнцэж дэлхийн #1 үл хөдлөхийн компанид ажиллах боломж бүрдсэн. Тухайн үед шалгалт өгөөд хоёрдугаар байранд орж байлаа. RE/MAX бол биеэ даасан бизнес. Хувь хүн өөрийгөө дайчилж хэдий их хөдөлмөрлөнө тэр хэрээр орлогоо бүрдүүлэх боломжтой. Өөрөөс бүх зүйл шалтгаална гэсэн үг. “Өөрийн хүчин чармайлтыг үл хөдлөх хөрөнгө зуучлалд зориулсан тэр хүн л ашиг шим хүртэх нь гарцаагүй” гэж манай оффисийн Брокер эзэмшигч М.Мандах захирал бидэнд хэлдэг. Үнэхээр л тийм. Энэ зарчим надад таалагдсан учраас RE/MAX-ийг сонгох шалтгаан нь болсон.
“REMAX”-т орж ажилласнаар хувь хүн талаасаа хэрхэн өөрчлөгдөв?
-Цагийн менежмент,олон нийттэй харилцах арга эв, ухаанд намайг сургасан. Ерөөсөө үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, борлуулалт тэр бүхэн харилцаан дээр л явагддаг аж. Өдөр бүр ямар ч түвшний хүнтэй харилцах шаардлага бидэнд гардаг. Энэ бүхэнд бэлтгэгдсэн байх ёстой. Агент бүр RE/MAX брэндийн төлөөлөл учраас брэндийнхээ нэр хүндийг илтгэхүйц харилцааны ур чадвар болоод зан төлөвийг бид үйлчлүүлэгч нартаа үзүүлэх нь чухал. Нөгөө талаас залуучуудаа оффис буюу ажлын байранд нь давхар сургалт хөгжүүлэлтийг хийдэг. Мөн RE/ MAX Mainstreet –ыг бие даан судлаж түүн дээр байгаа маш олон сургалт, туршлагууд, видео хичээлүүдээс суралцах боломжуудаар хангаж байнга хөгжүүлдэг.
-“REMAX”-ийн агент болохын тулд ямар шалгуурыг давах шаардлагатай вэ? Хувь агентийн зүгээс багагүй зүйлс шаардагддаг болов уу.
-Агент болоход тухайн хүний эзэмшсэн мэдлэг боловсрол чухал биш. Гагцхүү хувь хүний зөв хандлага, бүтэн цагаар ажиллах боломжтой, бие даан бизнес эрхлэх сонирхолтой, зөв зохион байгуулалттай байхыг агентуудаас шаарддаг. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хөдөлмөрлөсөн хүн хөдөлмөрийнхөө үр шимийг газар дээр нь хүрдэг. Энэ бол хамгийн гоё мэдрэмж. RE/MAX-ийн гол мөн чанар нь ёсзүй учир агент бүр ёсзүйн тангараг өргөдөг. Тэр тангарагт “Аль нэг талд ашигтай байлгахгүй, эрх тэгш үнэнч шударга ажиллана” гэдгийг тусгадаг. Бусдын үл хөдлөх хөрөнгийг борлуулах, бусдад үл хөдлөх худалдаж авахад нь туслана гэдэг нь асар том хариуцлага юм. Тухайлбал, товлосон цагаа маш сайн баримтлах ёстой. Магадгүй чи уулзалтаасаа 10 минут хоцроод очиход л харилцагчийн хандлагад шууд нөлөөлдөг. Бүр 20-30 минут хоцорвол харилцагч чамд итгэх итгэл үгүй болно. Өөрөөр хэлбэл “Миний үл хөдлөх хөрөнгийг зарж чадахгүй нь” гэсэн бодлыг харицагчиддаа өгсөн л бол бүх зүйл талаар өнгөрнө. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээнд хамгийн чухал асуудал бол итгэлцэл байдаг. Өндөр үнийн дүнтэй хөрөнгөө итгэж зуучлуулна гэдэг нь маш том хариуцлага. Тиймээс агентууд гадаад байдал, хэл яриа, цаг зохион байгуулалт зэрэг бүх зүйлдээ ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.
-Үл хөдлөхийн хөрөнгийн салбарын онцлог нь юу вэ?
-Хэзээ ч шавхагдашгүй нөөцтэй салбар юм. Байнгын хэрэгцээ шаардлага гарч байдаг учраас уул уурхай ч юм уу бусад салбар шиг зогсонги байдалд орно гэсэн ойлголт бараг байхгүй. Хүн төрөлхтөнд зайлшгүй хэрэгтэй гурван зүйлийн нэгд нь орон байр ордог. Тэгэхээр хүн оршино байгаа цагт үл хөдлөхийн салбар дагаад байж л байх онцлогтой бизнес юм. Ийм чухал салбарыг нэгэнт сонгож орж ирээд тууштай хөдөлмөрлөж чадах аваас амьдралын насан туршийн баталгаа болно гэж би хувьдаа боддог шүү.
-Сүүлийн үед RE/MAX-т ажиллахыг хүсэж байгаа залуус олон байгаа. Тэдэнд зөвлөвөл?
-Үл хөдлөх хөрөнгийн дэлхийн #1 компанийн нүүр царай болохыг хүссэн хүн бүхний өмнө RE/MAX Partner оффисийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Манай үүдээр орж ирээд маш их эрч хүчийг мэдэрнэ. Хэзээд бэлэн, бэлтгэгдсэн, ажилдаа дуртай, эрч хүчтэй шижигнэсэн залуус дунд амьдрал буцалж байдаг даа. Том зах зээлд өргөн боломж залуусыг хүлээж байна. Өөр өөр мэргэжилтэй, өөр соёлтой залуус бие биеэсээ суралцаж, бусдаас хараат бус, бие даасан, уян хатан байдлаар ажиллах, бизнесүүдтэй чөлөөтэй харилцах эрх чөлөөг гагцхүү RE/MAX бидэнд олгодог.
-“REMAX” агентууд өөрийнхөө ур чадвараар сарын орлогоо бүрдүүлдэг гэлээ. Нууц биш бол хувь агентын сарын орлого нь хэд вэ?
-Янз бүр. Бид тогтмол цалинтай биш. Тухайн агентын ур чадвар, хөдөлмөр, хичээл зүтгэлээр тодорхойлогддог учраас шууд тодорхойлох боломжгүй. “Юу тарина түүнийгээ хураана” гэдэг дүрэм л манайд үйлчилнэ гэх үү дээ.
-RE/MAX Partner оффисынхоо талаар товчхон танилцуулна уу? Бусад брокер оффисуудаас ялгагдах онцлог нь юу вэ?
-Манай RE/MAX Partner брокер оффис хотын төв цэг болох Улсын Их Дэлгүүрийн зүүн хойно буюу хотын гурван А зэрэглэлийн дунд нь байрладаг гэдгээрээ хамгийн том давуу талтай. Манай оффис дээр хүрэлцэн ирээд мэргэжлийн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой. Бие биенээ хурцласан, эрч хүчтэй залуусаар багаа бүрдүүлсэн учир биднийг "Улаан арми" гэж нэрлэдэг шүү. /Инээв/
-Хувь агент бүр өөрийн гэсэн онцлог арга барилаар борлуулалтаа хийдэг байх. Таны хувьд ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ? Шилдэг агент болоход ямар шалгууруудыг хангав?
-Ажлаа төлөвлөх нь миний гол зарчим. Цаг бол алт гэдэг. Тиймээс өөрийн цагаа хэрхэн зөв удирдах нь мөнгөө хэрхэн зарцуулахтай агаар нэг гэж боддог. Өмнөх өдрөө маргаашийнхаа хийх ажлын төлөвлөгөөг заавал гаргадаг. Шилдэг агентын тухайд байгууллагаас тавьсан хэд хэдэн шаардлагуудыг хангана. Тухайлбал, хувцаслалт, ажилдаа хандах хандлага, ирц, үйлчүүлэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээ, борлуулалтын тоо, үнийн дүн, борлуулалтын хугацаа зэргийг харгалзан үзэж шилдэг агентаа шалгаруулдаг байгаа.
-Зах зээлээс харахад, орон сууцны борлуулалт саарсан байдалтай байна. Эдийн засгийн хямрал RE/MAX-т хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Монгол жижиг зах зээлтэй учраас салбар бүр нь өөр хоорондоо хамааралтай байдаг. Нэг нь уналтад орлоо гэхэд нөгөөд нь заавал нөлөөлдөг. Үүнтэй адил үл хөрөнгийн салбарт ч гэсэн хямрал тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Бэлэн мөнгөтэй худалдан авагчид цөөхөн байна, энэ хэрээр ипотекийн зээлэнд хамрагддаг. Гэтэл энэ зээл нь хумигдчихаар эргээд л салбартаа нөлөөлж байна. Нөгөө талаас худалдан авагчид байрны үнэ улам буурна гэсэн хүлээлттэй байна. Бууж болох тэр түвшинд хүртлээ бууж, бодит үнэ дээрээ ирсэн байгаа. Харин сүүлийн саруудад орон сууцны үнэ бага зэрэг өсөх хандлагатай байна. Энэ нь улирлаас хамаарсан өсөлт гэж харж болно. Уул уурхай болоод бусад салбарууд хөдөлгөөнд орж эхэллээ. Ипотекийн зээл цаашид хэвийн олгогдоод эхэлбэл байрны үнэ дагаад л өснө. Тиймээс үнэ буурахыг хүлээх үе нь одоо биш. Яг одоо орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь хамгийн зөв сонголт болно гэж зөвлөмөөр байна.
“RE/MAX” Монголд орж ирснээр салбартаа ямар өөрчлөлтийг авчирсан гэж та харж байна вэ?
- Өмнө нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал болоод борлуулалт ямар ч дүрэм журамгүй буюу маш замбараагүй байсан. Хэн дуртай нь хувиараа борлуулалт хийж энэ хэрээр салбарын үнэ цэнийг алдагдуулсан. Тэгвэл 300 гаруй жилийн түүхтэй, салбартаа магнат болох “RE/MAX” орж ирсэнээр дээрхийг дэг журамд оруулсан. Сургалтаар дамжуулан мэргэжлийн агент бэлтгэж үл хөдлөх хөрөнгө зуучлалын арга барил, онцлогийг дэлхийн жишгээр монголдоо нутагшуулж байна. Үүнийгээ дагаад мэргэжлийн байгууллагад хандах давуу тал болоод зуучлагч гэж хэн бэ гэдэг ойлголтыг ч үйлчлүүлэгчид маань мэддэг болж байна.
-Орон сууц худалдан авахад гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь юу вэ?
-Хамгийн том алдаа нь мэргэжлийн байгууллагад ханддаггүйтэй холбоотой. Үүнээс үүдэж олон эрсдэлд ордог. Тэгвэл мэргэжлийн байгууллагад хандсанаар аливаа эрсдэлээс урьдчилан хамгаалагдах, зах зээлийн бодит үнэд тохируулах, цаг заваа хэмнэх зэрэг олон давуу талтай. Мөн мэргэжлийн үйлчилгээг хүртсэнээр сэтгэл ханамж өндөр байдаг. Мэргэжлийн үйлчилгээ гэдэгт харилцагч үйлчлүүлэгчийн нууцлал, зах зээлийн судалгаа, эргэх холбоо, тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавих зэрэг чухал асуудлууд багтдаг. Зах зээл дээр зарлагдаж байгаа үнэ бодит биш, харин зарагдсан үнэ бодит байдаг. Ямар ч тооцоо судалгаагүйгээр хэт өндөр үнэтэй орон сууц худалдан авах эрсдэл бий.
-Мэргэжлийн агент гэдгийг энгийнээр тайлбарлаж өгнө үү?
-Үл хөдлөх хөрөнгийн халуун цэгт хамтад нь буцалж байдаг хүмүүс бол агент юм.
-“REMAX”-ийг цөөн үгээр илэрхийлбэл?
-Боломж. “REMAX”-т та нэгдсэнээр ертөнцийг харах хандлага, харилцах хүрээлэл бүхэн өөрчлөгдөнө. Та хайрцагнаасаа гарч сэтгэж чаддаг болно гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 3 )
sain baina minii naiz mundag amjilttai yvaad haraad baharhaj baina :)
mundag zaluu
Mundag shuu.amjilt