Чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр шөнө дөл хүртэл хуралдаж Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж хуулийн төслийг батлав.
Төсвийн байнгын хорооны танилцуулгад дурдсанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулснаар нийтдээ хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2017 онд санхүүжүүлэх дүнг 17.961.7 сая төгрөгөөр хасч тооцжээ.
Дээрх өөрчлөлтүүдийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна.
Монгол Улсын 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт 132,183.7 сая төгрөг гэж тооцжээ.
Төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 206,308.3 сая төгрөг байхаар тус тус баталсан байна.
Харин 2017 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зардлын нийт хэмжээг 53,013.5 сая төгрөгөөр баталлаа.
Мөн Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын нийт хэмжээ 1,999,863.5 сая төгрөг, тус сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах нийт төсвийн хэмжээ 1,891,751.5 сая төгрөг байхаар тус тус батлагдлаа.
Ийн 51 гишүүний 49 нь буюу 94.1 хувийн саналаар 2017 оны төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гэдэг нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс, орнуудад зориулагдсан бөгөөд урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог аж.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь гурван жилийн хугацаатай бөгөөд эхний удаад ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд үүнийг Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ашиглахаар тусгаад буй. Мөн ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана.
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд болно.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 2 )
Yah gej ta nard sanal uguvuu