Ипотекийн зээлд 600 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч 300 тэрбум нь хасагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 15

Эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхийг ОУВС-гийнхан зөвлөсөн билээ.  Өөрөөр хэлбэл ОУВС "Ипотекийн зээлийг  үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ үүнийг хариуцах эзэн нь  Монгол банк биш Засгийн газар" гэж зөвлөжээ. Иймээс ирэх оноос эхлэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.  Харин энэ онд одоо хэрэгжиж байгаа журмаар буюу ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.  Тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийнэ, тэр хэмжээгээр санхүүжнэ гэсэн үг юм. Энэ нь орон сууцны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлд борлогдохгүй байгаа орон сууцны борлуулалтыг дэмжих замаар барилгын салбарт үүссэн зээлийн түгжрэлийг арилгахад томоохон дэмжлэг болж байгаа. 

Монголбанкнаас  2016 оны 1 дүгээр сараас хойш нийтдээ 2500 зээлдэгчийн 169,9 тэрбум төгрөгний орон сууцны зээлийн эх үүсвэр олгожээ. 2017 оны 2 дугаар сард Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 396 зээлдэгчдэд 24.2 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон бол 3 дугаар сард нийт 460 зээлдэгчдэд 27.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон байна. 

Тэгвэл өчигдөр чуулганы хуралдаанаар БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ипотекийн зээлийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр  "Ипотекийн зээлийн сангийн эргэлтийн хөрөнгө нэг их наяд төгрөг байж чадвал нийслэл, орон нутгийн иргэдийн ипотекийн зээлийн хэрэгцээг хангах боломжтой ч эдийн засаг, төсвийн байдлаас хамаарч 2017 онд 300 тэрбум төгрөгийг  ипотекийн зээлд төсөвлөжээ. Уг нь яамны зүгээс ипотекийн зээлд 600 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тусгасан ч төсөв хэлэлцэх явцад хасагдсан байна. Цаашид найман хувийн зээлд зориулсан санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаар ажилллана" гэв.



 

Мөн ирэх жилээс иргэд өөрийн эзэмшлийн газартаа амины орон сууц барихаар болбол найман хувийн зээлд хамрагдах боломжтой аж.Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран  "Орлогод нийцэн орон сууцны хөтөлбөр" нэртэйгээр хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайд энэ үеэр онцоллоо. 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top