Ашигт малтмалын тухай хуулиар улсаас эрэл хайгуул хийж илрүүлсэн стратегийн ордын 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой. Тавантолгойн ордод үүнийг баримтлахад болохгүй юм ерөөсөө байхгүй. Оюутолгой шиг 34 хувьдаа өр зээлэнд орж унах аюултай гэсэн бүдүүн баараг таамаглалаас айх хэрэггүй юм. Оюутолгойгоос орж ирсэн хөрөнгө оруулалтыг бид төсөлдөө зарцуулалгүй халамж байдлаар иргэддээ тараачихсан учраас өр, зээл болж хувирсан. Одоо Тавантолгойн ордод тийм байдлаар хандаж болохгүй. 49 хувьд оногдох хөрөнгө оруулалтыг төсөлдөө зарцуулах ёстой. Төмөр зам, цахилгаан станц Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтаас тусдаа шийдэгдэж байгаа учраас одоо тийм их хөрөнгө оруулалт шаардахгүй гэдгийг дээр тодорхой дурдсан. Тиймээс 49 хувьд орж ирэх хөрөнгө оруулалтыг Нүүрс угаах үйлдвэр, уурхайн олборлолтын үйл ажиллагаандаа зарцуулах учиртай. Нөгөө талдаа Төмөр зам, Цахилгаан станцын төсөл Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслөөс ангид хэрэгжиж буй ч тэнд хөрөнгө оруулагчид нь Эм Си Эс болон Шинхуа групп. Ашиг сонирхлын хувьд нэгдмэл байгаа энэ компаниудад Тавантолгойг хөгжүүлэх том төслүүдээ хариуцуулсны хувьд бид ордынхоо хувь эзэмшил, менежментийг өөрсдөө авах ёстой. Нэг компанийн мэдэлд том төслүүдээ тавиад туучихаж болохгүй л дээ. Тавантолгойн орд өнөөдөр өрөө дараад дуусч байна. Өргүй компанийнхаа үнэ цэнэтэй нөөцийг ашиглуулах гэж буй хүмүүс том дуугарах эрхтэй билээ.
Тавантолгойн орд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд 20 сая тонн нүүрс экпортолно. Нүүрсээ баяжуулаад хамгийн багаар бодоход 100 ам.доллараар нэг тонныг зарахад борлуултын орлого нь одоогийн ханшаар ойролцоогоор 5 их наяд төгрөг. Нүүрс баяжуулах, Төмөр замын тээврийн зардал, нүүрс олборлолтын компаниудын хөлс, татвар, ажилчдын цалин гээд 50 хувь нь хасагдах биз. Түүнээс өөрийнхөө эзэмшлийн хувийг хүртэхэд Монгол Улсад ойролцоогоор 1.3 их наяд төгрөг орж ирэх бололцоотой гэсэн үг. Монгол Улсын төсвийн бараг 20 хувийг Тавантолгойн ордоос бүрдүүлэх боломжтой харагдаж байгаа юм. Энэ бол хамгийн багаар бодож байгаа тооцоолол шүү. Нүүрсээ өндөр үнээр зарвал илүү их ашиг хүртэнэ. Олон улсын хөрөнгийн биржид Тавантолгой компани хувьцаагаа арилжаална гээд шинэ боломжууд гарч ирж таарна. Уг нь Тавантолгойн ордод өөдрөг ирээдүй харагдаж байна. Манай төр олигархиудын ашиг сонирхлоос ангид байж, Тавантолгойг хөдөлгөж чадвал Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх орд билээ.
Т.Амартүвшин
2017.02 сар. Зиндаа сэтгүүл №3/503
Сэтгэгдэл ( 0 )