Ш.Хангал: Амжилттай ажиллая гэвэл өөрийгөө бүх хаалганд таардаг “СУПЕР ТҮЛХҮҮР” болгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 27

“Зиндаа” сэтгүүлээс санаачлан ирэх тавдугаар сарын 12-нд “The Corporate convention center”- т “Оновтой маркетинг” сэдвээр маркетерууддаа зориулан цогц сургалт зохион байгуулах гэж байгаа билээ. Тус сургалтын гол зочноор “ТЭСО” корпорацийн Бизнес Хөгжил, Судалгаа эрхэлсэн Захирал Шархүүгийн Хангал уригджээ. Ярилцлагын явцад би түүнийг жинхэнэ “Супер түлхүүр” болохыг мэдсэн юм. Ингээд ярилцлагаа хүргэе.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Би уг нь зураач, дизайнер мэргэжилтэй юм. Зураг дизайны дунд сургууль төгссөн бас тэгээд миний ээж аав болон манай гэр бүлийнхэн бүгд л зураг, урлагийн авьяастай л даа. Гэвч би дунд сургуулиа төгсөөд мэргэжил сонгохдоо “Аялал жуулчлалын менежмент” мэргэжлээр “Оюуны өргөө” дээд сургуульд орсон минь миний цаашдын ажил амьдралыг бүрэн эргүүлсэн зүйл болсон. Бизнесийн чиглэлээр ажиллаж байхдаа ажлын шугамаар эхнэртэйгээ танилцаж, мэргэжил дээшлүүлж, магистрт бизнесийн удирдлагаар БНСУ-д сурсан гэх мэтээр энэ алхамыг хийснээр амьдралд минь илүү сайн талаасаа өөрчлөлт, дэвшлийг авчирсан гэж би боддог. Хүн ер нь хийж чаддаг зүйлээ биш хийхийг хүсдэг зүйлээ олох нь илүү амжилтанд хүргэдэг гэдгийг би ойлгосон. Ажлынхаа анхны гарааг “Туушин” зочид буудалд ерөнхий менежерээр эхэлж байсан бол үүнээс хойш агаарын нийслэгийн компани, мэдээлэл харилцаа холбоо, шингэн хүнс, барилгын материал үйлдвэрлэл, хүнс гэх мэт салбаруудад албаны даргаас гүйцэтгэх захирал хүртэлхи ажыг хийж олон салбарт өөрийгөө сорьсон л доо.

-  Оновчтой маркетинг цогц сургалтын гол зочноор уригджээ. Ямар сэдвээр ярих бол?

Миний сонгосон сэдэв бол Бид төлөвлөгөөг хэнд зориулж гаргадаг вэ? гэсэн байгаа. Энэ сэдвийг онцолж сонгосоны учир нь сургалтанд ирэх маркетеруудад маш сонирхолтой мөн хэрэгтэй байх гэдэг үүднээс юм.


-Таны үндсэн мэргэжил аялал жуулчлалын менежер. Гэхдээ бизнесийн бүхий л салбарт ажиллаж байжээ. Ажлын туршлагаасаа хуваалцаач?

Нэгэнт хүн бизнесийн салбарыг ялангуяа менежер гэдэг мэргэжлийг сонгосон бол нэгдүгээрт хүнтэй, хоёрдугаарт хүнтэй, гуравдугаарт бас л хүнтэй ажиллана. Тиймээс амжилттай ажиллья гэж бодвол өөрийгөө бүх хаалганд таардаг супер түлхүүр болгох хэрэгтэй. Дээр үед олон нүүртэй хүн муухай гэдэг байсан. Одоо бол бүх хүнтэй нэг зангаар харилцах нь боломжгүй болсон. Захиргаадаж харьцах, дэмжиж харьцах, тусалж харьцах гээд өөр өөр арга барил хэрэглэх хэрэгтэй. Хүн бүр өөр орчинд өссөн, өөр амьдралтай учир бүгд бусдаас өөр онцгой харилцаа хүсч байдаг. Тиймээс би бүх харилцааг хийж чаддаг, бүх салбарт ажиллаж чадах нөөц бололцоог бий болгох хэрэгтэй гэж боддог учраас олон салбарт маркетинг, бизнесийн удирдах албан тушаалд ажиллаж байсан. Зочид буудалд ерөнхий менежер, агаарын нийслэгийн компанид борлуулалтын ахлах менежер, харилцаа холбооны компанид төслийн менежер, шингэн хүнсний компанид албаны дарга, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт гүйцэтгэх захирал, одоо бол ТЭСО корпорацид Бизнес хөгжил эрхэлсэн захирлаар ажиллаж байна даа.

- Апу компанид байхдаа ямар бүтээгдэхүүний брэндингийг хийж байсан бэ?

Манай баг маш чадварлаг залуучуудаас бүрдсэн байсан. Бид багаараа одоог хүртэл зах зээлд амжилттай байршиж байгаа “Болор”, “Соёмбо”, “Экс” буюу ARKHI, “Ерөөл”, “Чингис хаан”, “Хар сувд”, “Ямаахай”, “Алтангагнуур”, “Алтантүрүү” болон “Маамуу” брэнд, “Калтанберг” шар айргийг зах зээлд байршуулах ажлыг гардан болон хамтран хийж байсан. Тур дундаа миний хамгийн хайртай брэнд бол “Болор” юм. Болор брэндийн шинэчлэлийг бид санаачлан хэрэгжүүлснээр борлуулалтыг 180% хүртэл өсгөж одоог хүртэл маш хүчирхэг брэнд болгож чадсандаа удирдаж байсан албаныхаа чадварлаг багаар бахархаж явдаг.

- Тэсо корпораци бол монголын хүнсний салбарт тэргүүлэгч компани. Тэр компанийн  Бизнес Хөгжил, Судалгаа эрхэлсэн Захирлаар ажиллана гэдэг маркетингийн менежер хүний өсөж болох хамгийн өндөр амжилт гэж би харж байна. Энэ хүртэл хөдөлмөрлөх, амжилтанд хүрэх гол түлхүүр тань юу байсан бэ?

Хамгийн гол зүйл бол өөрийгөө хөгжүүлэх, ажилдаа ёс зүйтэй хандах болон өөртөө итгэлтэйгээр зорилго тавин түүнийгээ биелүүлж ажиллах гэж боддог. Дээхни үед компаниуд хүн ажилд авахдаа төгссөн сургууль хардаг байсан бол сүүлдээ ажлын туршлага чухалчилдаг болж байгаад одоо бол туршлага дээр нэмэх нь хувь хүний хандлага чадварыг чухалчилдаг болсон. Ажлын хамгийн анхны гараа тухайн хүний цаашдын өсөлтөнд хамгийн чухал нөлөөлдөг гэдгийг би ойлгосон. Гэхдээ жижиг компанийг голоод ажиллахгүй бай гэж хэлж байгаа юм биш, ажилласан байгууллага бүртээ амжилт гаргаж, сэтгэлээсээ ажиллах нь цаашдын ажилд тань эерэгээр нөлөөлнө. Ихэнхи залуус цалинг нэгдүгээрт тавьдаг гэвч сэтгэлээсээ сайн ажиллах нь карьер болон цалин өсөлт, орлогыг дагуулдаг гэдгийг бодох хэрэгтэй.

- Маркетер хүний заавал эзэмших ёстой чадвар гэж байдаг уу?

Харилцааны ур чадвар, сэтгэн бодох, шийдвэр гаргах, гүйцэтгэл хийх гэсэн дөрвөн чадвар бол зайлшгүй байх ёстой гэж боддог.  

- Таны анх маркетингийн менежерээр ажилладаг байх үе болон одоо үе хоёрын хооронд нэлээд ялгаа гарсан байх. Энэ хугацаанд монголын бизнесийн салбар ч нэлээд хөгжлөө. Гол өөрчлөлт, шинэчлэл нь юу байна вэ?

2005 оны үед маркетинг бол уламжлалт хэв маягаар маш цөөн сувгаар мэдээлэл сурталчилгаа хүргэдэг байсан. Тухайлбал ТВ, Сонин, Сэтгүүл, ФМ, зурагт самбар, хуудас гэх мэт. Гэтэл одоо бол маш олон сувгуудийг ашиглаж байна. Хэрэглэгчид маш олон сувгаар маш олон мэдээллийг өдөр тутамд авч байгаа тул залхсан, үл итгэсэн, зугтах байдалтай болсон тул тэдэнд өөрийн мэдэлгүй өдөр тутмын ажлаа хийгээд л явж байхад нь санамсаргүй байдлаар мэдээлэл хүргэж, улмаар сонголт хийхэд нь нөлөөлж чадаж байна. Бид дэлхийгээс тийм ч их хоцрохоо больсон. Энэ нь мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн ач тус юм. Би оюутан байхдаа нэг даалгавар хийх ч юм уу шинэ мэдээлэл ольё гэвэл номын сангаас ном унших эсвэл тэр талын мэдлэгтэй хүнээс номын дуу сонсох байдлаар олж авдаг байсан нь тухайн үеийн хөгжлийг маш их сааруулж байсан. Одоо бол Гүүглд бүх юм байна. Англи хэл сурчих тэгвэл дэлхий ертөнц өмнө тань нээлттэй болсон байна.

- Бизнес эрхэлж байгаа хувь хүн ч тэр байгууллага ч тэр судалгаанд суурилж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, борлуулах ёстой юм байна гэдгийг бага ч атугаа ойлгодог болжээ. Гэвч зарим хүмүүс судалгаа хийхэд маш их хөрөнгө мөнгө, цаг зарцуулна гэж ойлгоод байдаг л даа?

Эрхэлж буй бизнесээсээ шалтгаалж судалгаанд их бага мөнгө зарцуулах нь шийдэгдэнэ. Жишээлбэл, хороолол дунд үсчин, хоолны газар нээлээ гэж бодвол судалгаанд их мөнгө зарахгүй, харин орон даяар борлуулах бүтээгдэхүүн үйлчилгээний бизнес эрхлэх гэж байгаа бол зайлшгүй их мөнгө зарцуулна. Судалгаа, маркетинг, хүний хөгжлөөс мөнгө харамлах нь өөрөөсөө, өөрийнхөө ирээдүйгээс мөнгө харамласнаас ялгаагүй. Одоо бол судалгаа маш их хөгжсөн. Судалгаанд суурилахгүйгээр ямар ч бизнес амжилт олоход хэцүү болсон. Бид хэрэглэгчийнхээ ямар өнгө, ямар шрифт, ямар дүрслэлд дуртайг хүртэл судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг.

- Бид төлөвлөгөөг хэнд зориулж гаргадаг вэ гэсэн сэдвээр илтгэл тавих юм байна. Энэ сэдэв маркетеруудын хувьд төдийгүй энгийн хүнд ч тун чухал сэдэв санагдлаа?

Монголын бизнесийн салбар ялангуяа маркетингийн салбар маш сайн хөгжиж байна. Дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээн ажиллаж байгаа нь манай томоохон компаниуд маркетингийн алба, газрийн бүтэц, менежрийн хөгжил, сургалтанд маш их анхаардаг, маркетингийн кампанит ажилд хөрөнгө мөнгө зарцуулдаг, аль болох шинэ содон сурталчилгааны хэлбэрүүдийг сонгодог болсон зэргээс ажиглагддаг. Гэвч ихэнх компаниудад нэг дутагдал нийтлэг байдаг. Энэ бол төлөвлөгөө гаргаж байгаа хүн анх өөрийн ажлын төлөвлөгөөг гаргаж байгаа учир ингэж ажиллана, тэдэн төгрөг зарна гэх мэтээр төлөвлөдөг. Жишээлбэл, саад бартааг эхнийхийг нь давна дараагийнхийг нь тойрно, дараа нь ухаж доогуур нь гарна гэдэг ч юмуу төлөвлөдөг. Энэ нь тухайн менежер албаны дарга нар яг ажлын талбар дээр байгаа учир илүү мэдрэмжтэйгээр төлөвлөдөг боловч компанийн удирдлагууд өөрсдийн үзэл бодлийг үндэслэлгүйгээр тусгаж оруулах явдал маш их байдаг. Үүнээс үүдээд тухайн төлөвлөсөн ажил нь эцсийн үр, төлөвлөсөн үр дүндээ хүрдэггүй бөгөөд хариуцлагыг төлөвлөсөн, хэрэгжүүлсэн хүн л хүлээдэг. Тиймээс бид төлөвлөгөөг хэрэглэгчдэдээ, бизнестээ зориулж бус даргадаа таалагдахаар л зохиодог. Энэ бол буруу тогтолцоо гэдгийг сануулах, ойлгуулах талаар харилцан ярилцаж, шийдлүүдийг бодит кэйсүүд дээр тулгуурлан гаргахыг хүссэн юм.

- Хөрвөх чадвартай, чадварлаг маркетер болохын тулд юун дээр анхаарах ёстой вэ?

Гол нь супер түлхүүр шиг байх. Үүний тулд олон талын ерөнхий мэдлэгтэй, өөрийгөө байнга хөгжүүлж байх хэрэгтэй. Одоо цагт маркетингийн салбар маш хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байна. Өнөөдөр зөв гэж бодож байсан маркетинг түүл маргааш буруу болох, өнөөдөр гурван арга зам байсан бол нөгөөдөр 10 арга зам болох энүүхэнд. Энэ хөгжил дунд хөл нийлүүлэн алхья гэвэл байнга хөгж, судла гэж хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
билгүүн(192.82.69.233) 2021 оны 01 сарын 29

Маш зөв ярьжээ

0  |  0
Зочин(43.242.243.98) 2021 оны 01 сарын 29

Арай хий хөвсөн сэтгэгдэлд автаж яриад байна даа. Төвлөрч хөрсөн дээрээ бууж тогтвортой болбол уг нь зүгээр. Өөрийгөө эхлээд таньчвал сайн даа. Дараа нь хүнд юм заавал...

0  |  2
ганаа(78.203.255.163) 2017 оны 04 сарын 28

Бүх хаалганд таардаг түлхүүр гэдэг авилгалдана гэхээс гаргалгаа байхгүй

0  |  0
zzz(111.239.105.30) 2017 оны 04 сарын 27

Хамт байсааан байсан. Тэр ийм юм байна Энэ ийм юм байна. Ийм байх ёстой юм байна гээд өөрийхөөрөө битгий хэт сэтгээрэй

0  |  0
amjilt(202.9.41.41) 2017 оны 04 сарын 27

Saihan yarijee. Zorilgotoi zaluu bna

0  |  0
зочин(202.9.40.89) 2017 оны 04 сарын 27

Байнга хөгжиж, судлаж байх хэрэгтэй гэж...

0  |  0
зочин(66.181.170.2) 2017 оны 04 сарын 27

Амжилт хүсье анддаа.

0  |  0
Top