Гадаад хөрөнгө оруулалтын позицын статистикийг ОУВС-гийн 6 дугаар аргачлалын дагуу бэлтгэн мэдээлж эхэллээ

2017 оны 05 сарын 12

Монголбанк нь ОУВС-гийн “Төлбөрийн тэнцэл, Гадаад хөрөнгө оруулалтын позицын 6 дугаар аргачлал”-ыг нэвтрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 11 дүгээр сард Монгол Улсын Төлбөрийн тэнцлийн статистикийг шинэчлэн боловсруулж, олон нийтэд мэдээлсэн билээ.

Энэ удаа Монгол Улсын Гадаад хөрөнгө оруулалтын позицын статистикийг шинэчлэн боловсруулан танилцуулж байна. Энэ ажлын хүрээнд төлбөрийн тэнцлийн 2011-2016 оны гүйцэтгэлээр ажил гүйлгээг бүртгэх, Монголбанкнаас сүүлийн 5 жилийн хугацаанд хийгдсэн түүвэр судалгааны үр дүнг тусгах, эх сурвалжийг баталгаажуулах, тоон мэдээллийн боловсруулалтыг сайжруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.

Гадаад хөрөнгө оруулалтын позицын статистикт орж буй өөрчлөлтийн шалтгаан:

Гадаадын шууд хөрөнгө оруулалт: Монголбанкнаас 2016 онд хийсэн түүхий нефтийн экспортын хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай холбоотой “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол улсад хийгдсэн хөрөнгө оруулалтын судалгаа”,  2015 онд хийсэн “Гадаадын хөрөнгө оруулалтын позицын судалгаа”-нд үндэслэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн жагсаалт, хөрөнгө оруулалтын мэдээллийг шинэчилсэн. Мөн арилжааны банкууд, аж ахуйн нэгж, байгууллагууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг холбогдох санхүүгийн тайлан баланстай тулган баталгаажуулж, шаардлагатай өөрчлөлийг оруулсан.

Багцын хөрөнгө оруулалт: Засгийн газар, банкууд болон аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа болон гаргасан бондыг зах зээлийн үнэлгээгээр бүртгэж, хүүгийн төлбөрийн хуримтлалыг бүртгэлийн аккруэл сууриар тооцсон. Түүнчлэн эдийн засгийн харъяат иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй гадаадын компаниудын хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээрх зах зээлийн бодит үнэлгээгээр бүртгэсэн.

Бусад хөрөнгө оруулалт: Банкны салбарын нийт гадаад зээлийн хүүгийн төлбөрийн хуримтлалыг бүртгэлийн аккруэл сууриар тооцсон бөгөөд бэлэн мөнгө ба харилцах дансны актив, пассивын үлдэгдлийг мөнгө, санхүүгийн статистик мэдээтэй тулгаж, шаардлагатай тохируулгыг хийсэн. Монголбанкнаас 2012, 2013 болон 2015 онуудад хийсэн “Бэлэн валютын түүвэр судалгаа”-ны үр дүнгээр иргэдийн гар дээрх бэлэн валютын эргэлт, зарцуулалтын хэмжээг тооцож, статистикт шинээр тусгасан. Мөн аж ахуйн нэгж, иргэдийн гадаадын банк, санхүүгийн байгуулага дахь харилцах, хадгаламжийн дансны өөрчлөлт, үлдэгдэл дүнг боломжит мэдээллийн эх сурвалжийн хүрээнд таамаглан тооцсоныг статистикт бүртгэсэн болно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fg(66.181.186.227) 2017 оны 05 сарын 12

Zuun bayngaas hangi boomt ruu nariin tumur zam tavibal hiliin hund surtal aj uildveriin park ur ashigtai ajil bolno

0  |  0
gg(66.181.186.227) 2017 оны 05 сарын 12

Shuud Horongo oruulalt luivariin bodlog

0  |  0
Top