НҮБ-ын Хүрээлэн буй орчны төслөөс “Дэлхий нийт ногоон эдийн засагт шилжих ажилд жилд ДНБ-ийнхээ хоёр хувийг зарцуулж байж 5-10 жилийн дараа наад захынхаа амжилтад хүрнэ” гэсэн мэдэгдлийг хийжээ. Тус байгууллагын шинжээчид байгаль орчны чиглэлээр хийсэн судалгааныхаа үр дүнд тулгуурлан дээрх мэдээллийг хийсэн байна. Тэд Дэлхийн ДНБ-ийг 75 триллион гэж багцаалаад жилд 1.3 триллион ам.долларыг хамгийн чухал 10 салбарыг “ногооруулах”-ад зарцуулах ёстой гэж үзсэн байна.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны төслийн захирал ноён Ахим Штайнер “Ногоон эдийн засагт шилжих талаар бид 1992 онд хуралдаж байлаа. Өнөөдөр эргээд харахад энэ салбарт тавих анхаарал тэр үеийг бодоход маш их нэмэгдсэн байна” хэмээн онцолжээ.
Ногоон эдийн засаг
Өнөөдөр Дэлхийн ДНБ-ий 1-2 хувь нь тэртэй тэргүй байгаль орчныг нөхөн сэргээх, байгальд хортой технологийн учруулсан хор хохирлыг арилгахад зарцуулагдаж байгаа аж. НҮБХБОТ “Ногоон эдийн засгийг” иргэдийн баялгийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангалуун байлгах зорилтыг хангахын зэрэгцээ байгаль орчинд хоргүй байх ёстой гэж төсөөлж байна.
Олборлолт-чиг баримжаатай “хүрэн” эдийн засгаас байгаль орчинд хал балгүй “ногоон” эдийн засагт шилжсэнээр ажлын байр багагүй хэмжээгээр хорогдох төлөв байгаа ч өөр арга замаар нэмэгдүүлж болно гэж үзсэн байна. Дэлхийн ДНБ-ий 1.25 хувийг эрчим хүчний зхистой хэрэглээг дэмжих, ногоон эдийн засагт шилжих үйл ажиллагаанд зарцуулснаар эрчим хүчний хэрэглээ 2020 он гэхэд 9 хувь, цаашид 2050 он гэхэд 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж тооцож байна. Мөн дахин боловсруулалт хийх асар их боломж нуугдаж байгааг дэлгэн тавьжээ. БНСУ яг энэ чиглэлээр “Үйлдвэрлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх” тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр шил, цаас, цахилгаан зай хураагуур зэрэг бүтээгдэхүүний дахин боловсруулалтыг 14 хувь хүртэл нэмэгдүүлж, 1,6 тэрбум ам.долларын хэмнэлт гаргасан байна. Бразил улс мөн энэ чиглэлд анхаарч ажилласнаар 2 тэрбум ам.долларын орлого олж, 10 сая тонн хүлэмжийн хий агаарт алдагдахаас сэргийлжээ. Бразилчуудын хичээнгүй ажиллагааны үр дүнд одоо дахин боловсруулсан бүтээгдэхүүн ДНБ-ийх нь 0,3 хувийг эзлэх болсон байна.
Манай улсын хувьд “Ногоон эдийн засагт шилжих” үйл явц харьцангуй удаашралтай явагдаж байгаа гэж хэлэхэд болно. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр “Ньюком” компани хамгийн далайцтай гэж хэлж болох төслийг хэрэгжүүлж байгаа. Харин төр засгийн зүгээс энэ ажлыг хэрэгжүүлэхэд гадаадын тусламжийг зайлшгүй авах шаардлагатай гэсэн байр суурь баримталж байгаа юм байна.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 0 )