БНХАУ, ОХУ гэх “аварга загас” нэгдэж, “жараахайнуудыг” залгих нь

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 07

ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан, БНХАУ-ын төрийн өмчийн хөрөнгө оруулалтын аварга сан China Investment Corporation хамтран хөрөнгө оруулалтын сан байгуулжээ. Хоёр тал шинэ сандаа нийтдээ дөрвөн тэрбум орчим ам.долларын санхүүжилт хийх аж. Гэхдээ дээр нэр дурдагдсан хоёр байгууллага нэг, нэг тэрбум ам.доллар, үлдсэнийг нь БНХАУ-ын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид гаргах аж. Энэ сангийн ихэнх хөрөнгө ОХУ-д хэрэгжиж байгаа төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгаа ч гадаад орнуудад ч мөн үйл ажиллагаа явуулах юм байна. 

Сангийн нийт хөрөнгөний 70 хувь нь ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад, үлдсэн нь БНХАУ-д хэрэгжих төслийг санхүүжүүлэх гэнэ. Энэ сан ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн байгуулж буй хамгийн аварга гэрээ бол Хятадын талын хувьд бол байдаг л нэг гэрээ юм. "China Investment Corporation"-ы үндсэн хөрөнгө одоогийн байдлаар 400 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн зах зээлд идэвхитэй ажиллагаа явуулж байгаа билээ. Харин ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тухайд гэвэл "Внешэконом" банк санаачлан гурван жилийн өмнө байгуулсан бөгөөд 10 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй юм байна. Гэхдээ энэ хэмжээ 10 жилийн дараа 60-90 тэрбум болж өснө гэж төлөвлөж байгаа аж. Тус сангийн хөрөнгө оруулалт хийх хамгийн доод талын хэмжээ 50 сая ам.доллар байх ажээ.     

БНХАУ хуучин ЗХУ-ын харъяанд оршиж байсан Казахстан зэрэг улсыг санхүүгийн хараат байдалд аль хэдийнэ бүрэн оруулж авсан. Эдгээр орон нь бүгд БНХАУ-тай тодорхой хэмжээгээр хиллэдэг. Харин үүнээс цааш жаахан ахих гэхээр ОХУ-ын эрх ашигт харшлаад байсан юм. Учир нь Оросын зүгээс ТУХН-ын орнуудыг өөртөө нэгтгэх урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Тэд байгалийн хийг нь хаах, цахилгааныг нь таслах зэрэг “увайгүй”, шат дараатай арга хэмжээ авсны дүнд Беларусьт “ОХУ-тай нэгдэх эсэх талаар бүх ард түмний санал асуулга явуулья” гэсэн яриаг гаргаж чадаж байсан юм. Мөн өнгөрсөн жилүүдэд Укрианы асуудал ч үүний нотолгоо болсон билээ. Тэгвэл их гүрний зүгээс санхүүгийн ноёрхлоо тогтоох зорилгын нэгээхэн арга хэрэгсэл нь энэхүү хөрөнгө оруулалтын сан байж болох нөхцөл бүрдээд байна.

 

Б.Цогт-Ирээдүй

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tt(150.129.142.198) 2017 оны 06 сарын 08

hyatduun zasag bish bol gaigui dargaa

0  |  0
muunu(103.229.123.78) 2017 оны 06 сарын 07

munhnaran eej

0  |  0
Top