Шинэ орон сууцны нэг метр кв-ын дундаж үнэ 2 сая 91 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 3.8 хувиар, өнгөрсөн оноос 3 хувиар өссөн дүн юм. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 2 сая 20 мянга байжээ. Долдугаар сард бүх нийтээр амардаг тул орон сууцны худалдаа, түрээс зогсонги байдалд орж, найм, есдүгээр сард эргээд эрэлт хэрэгцээ их болсон. Иймд шинэ орон сууцны дундаж үнэ өсчээ. Харин хоёр өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 72 сая төгрөг болж, өмнөх сараас болон өмнөх оныхоос буурсан болохыг Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг Зууч" ХХК-иас мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр 88.8 сая төгрөг байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд 54.8 сая төгрөг байна. Орон сууцны үнийн индекс өмнөх оныхоос 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Одоогийн байдлаар, ипотекийн зээлийг "Ирээдүйн тэтгэврийн нөөц" санд төвлөрсөн эргэн төлөлтөөр санхүүжүүлэн олгохоор болсон. Өөрөөр хэлбэл тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэж байна, тэр хэмжээний мөнгө найман хувийн зээлд зориулагдана гэсэн үг юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ипотекийн зээл энэ хэлбэрээр олгогдож, сард дунджаар 25-30 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 15 мянга орчим иргэн тус зээлд хамрагджээ.
Тодруулбал, өнгөрөгч долдугаар сард 661 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 387 зээлдэгч “ОСИСТТБХ”-ийн зээлд, 274 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 2017 оны 7 дугаар сарын байдлаар 60.4 сая төгрөг байгааг байршлаар ялган харвал Улаанбаатар хотод 72.1 сая төгрөг, орон нутагт 39.6 сая төгрөг байна.
Ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхлээд өдгөө дөрөв дэх жилдээ болж байгаа юм. Энэ хугацаанд 92 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан тоо байна. Үүнээс 68 мянган нь “ОСИСТТБХ”-ийн зээлд, 20 мянган нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 3732 нь бусад эх үүсвэрийн зээлд тус тус хамрагджээ.
Зээлийн санхүүжилт эргэн төлөлттэй уялдаж байгаа учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад ипотекийн зээлийн санхүүжилт харьцангүй багассан. Сард дунджаар 600 орчим айлд шинээр ипотекийн зээл олгож байгаа юм. Энэ тоог өмнөх онуудтай харьцуулбал нэг дахин буурсан үзүүлэлт. "Ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа" гэж Монголбанкнаас мэдээлж байгаа боловч арилжааны банкуудын дийлэнх нь шинээр зээлийн хүсэлт хүлээж авахгүй байгаа талаар иргэд ярьж байна. Мөн хүсэлт хүлээн авч байгаа цөөн банк нь өөрийнхөө зээлдэгч компанийн хэрэгжүүлж байгаа төслөөс орон сууц худалдан авах тохиолдолд шийдэгдэнэ гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Үүний дагуу арилжааны банкууд ипотекийн зээл олгож байгаа эсэхийг тодруулахад:
Банкууд зээлийн хүсэлт авч байгаа хэдий ч санхүүжилтээс үүдэж зээл олголт удаашралтай байгааг онцолж байв. Түүнчлэн арилжааны зарим банк зөвхөн өөрийн эх үүсвэрийн зээл олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл тухайн банк хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байна. Тухайлбал, "Голомт банк" өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад зээл олгож байна.
Хаан банк- Зээл хэвийн олгогдож байгаа. Өөрийн санхүүжүүлсэн орон сууцанд зээл авбал илүү давуу талтай. Энгийн зах зээлээс авч байгаа тохиолдолд шалгуур өндөр. Хаан банктай хамтран ажилладаг хотхон, хорооллын тухайд “Тайгам-Алтай”, “Өгөөмөр Монгол” ХХК, “Өгөөмөр бор Хужирт” ХХК, “Бэрэн групп” ХХК, “ Хурд” групп, “Талын язгууртан” ХХК, “Цог-Тулга” ХХК зэрэг компаниудын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх гэнэ.
Хас банкны тухайд- "Ипотекийн зээлийн материалыг хүлээн авч байгаа ч санхүүжилт байхгүй учир зээл олгохгүй байгаа” гэдэг хариултыг өгөв.
Худалдаа хөгжлийн банк- “Ипотекийн зээлийн санхүүжилт орж ирээгүй байгаа ч зээлийн материалыг хүлээн авч байгаа. Гэхдээ "Худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилт авсан барилгуудад олгож байна. Зээлдэгчдийн хүсэлт дарааллын дагуу явагдаж байгаа учир удаашралтай байгаа" гэлээ.
Төрийн банкны тухайд -Хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдэд ипотекийн зээл олгож байна. Энэ төрлийн зээлийг нийслэлд дөрвөн салбараараа дамжуулан олгож байна.
Улаанбаатар банк -Бүх салбартаа ипотекийн зээлийн материал хүлээн авч, зээл хэвийн олгогдож байгаа. Ингэхдээ энгийн зах зээлээс орон сууц худалдан авах тохиолдолд заавал өөрийн банкаар нь дамжуулан цалингаа авдаг байх шаардлагыг тавьж байгаа аж.
Ийм байдлаар арилжааны банкууд өөрсдийн эрслээ даагаад тухайн сард хэчнээн зээлдэгчид ипотекийн зээл олгох эсэхээ дотоод журам, шалгуурынхаа дагуу олгож байгаа нь сурвалжлагын явцад ажиглагдав.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 6 )
Хаан банкнаас өндөр хүүтэй зээл авчихаад 8% уруу шилжүүлэхгээд 3 жил болж байна. Хаана ямар салбар нь 8%_н зээл өгөөд байнаа.
Худлаа ш дээ яах гэж ингэж худлаа юм бичдэг юм. Банкууд бол арай л дэндүү босго тавьж байна лээ өөрсдийн зээл олгосон байрнаас авбал гаргана гэж байгаа шүү дээ, Тэр хэт өндөр үнэтэйь байршил нь онцгүй Өөрсдөө байраа сонгоод найман хувьд орий гэхээр тэгвэл манайх санал авахгүй гэж байгаа ш дээ
ХАР Н ЭСРЭГЭЭР ШИНЭ БАЙРНААС ИЛҮҮ ХУУЧИН БАРНЫ БОРЛУУЛАЛТ САЙН БАЙНА ЛЭЭ. ЧИНГЭЛТЭЙД БАГА ТОЙРУУД ХОЁР ӨРӨӨГ ЕРЭН САЯАР АВСАН ШИНЭЭС ГОЁ КВ ТОМ ЗАСВАР ХИИСЭН ШИИДЭЛ САЙХАНТАЙ
Хаан банкнаас зээл авах бол өөрийнх нь зээлийн барьцаанд буюу зах зээлийн үнээс хавьгүй өндөр 2 сая гарсан м/кв - н үнээр ипотек олдоно. Өөрсдөө зохицвол 13000000 их зөрөө байгаа биз .банк бол бараг л тэдний байрыг авбал зээл өгнө гэж байна .
Засгийн газар ба банкууд зээлэнд хязгаарлалт хииснээр зээл авахад төвөгтэй далд авилга хөгжиж байна гэхээр надаас өөр хүн итгэж баримт олдохгүйл байх.байрны ханшийг өндөр барих гэсэн худал мэдээг хэвлэлийнхэн захиалгаар цацаж байна . 2 өрөө хуучин байр сансарт ба 3, 4- р хороололд 60 саяд зарагдаж байна.
яг л ингэж хэлж байналээ шдээ бас болоогүй эхний жил 1,9 хувиаар гэж байналээ шдээ , тэгсэн хирнээ л өнгөрсөн сард төдий хэмжээний ипотекийн зээл олгогдлоо гэх юмаа . банкуудаар дамжуулахаа байвал илүү зүгээр юмаа банк дунд нь маш их хүндрэл учруулж байна