Америкийн дунд сургуулийн автобусны харгалзагч Кэрин Клэйн гэх эмэгтэйд тохиолдсон золгүй үйл явдал эргээд түүнд гэнэтийн том аз болон хувирчээ. Тэрбээр Нью Йоркийн дунд сургуульд 20 гаруй жил сургуулийн автобус жолоодсон бөгөөд сүүлийн гурван жил автобусанд хянагчаар ажиллах болсон байна. Гэвч сургуулийнх нь хүүхдүүд түүнийг дээрэлхдэг байв. Нэг удаа долдугаар ангийн хүүхдүүд түүнийг дээрэлхэж, элдэв бусармаг үгээр доромжилон, биед нь халдаж байгаа 10 минутын бичлэгийг хүүхдүүд хийжээ. Хүүхдүүд тус бичлэгээ интернетэд сайрхах зорилгоор тавьснаар, Кэриний амьдрал орвонгоороо эргэсэн байна. Бичлэг дээр Кэринийг хүүхдүүд элдэв хочоор дуудаж, ном дэвтрээр цохиж байгаа нь харагдах бөгөөд бүр цаашлаад “Чамд гэр бүл байхгүй. Чам шиг муухай бүдүүн гахайтай хамт амьдрахгүй тулд өөрсдийгөө алчихсан биз дээ” гэх мэтээр давшилж байгаа нь харагдах аж. Энэ үг Кэринд хүндээр тусч, уйлж байгаа нь бичлэгт үлджээ. Учир нь Кэриний том хүү 10 гаруй жилийн өмнө амиа егүүтгэсэн байна. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 12-13 настай хүүхдүүдэд уйлах хүртлээ доромжлуулж, дээрэлхүүлж байгаа настай эмэгтэйн бичлэг Америк даяар шуугиан дэгдээв. Сургуулийн захиргаа, дээрэлхүү хүүхдүүд болон эцэг эхэд нь хариуцлага тооцохыг олон нийт шаардаж, дээрэлхэх явдлыг эсэргүүцэж байгаагаа олон тооны иргэд илэрхийлж эхэлжээ. Настай эмэгтэйг доромжилсноо бусдад гайхуулах зорилгоор youtub-д оруулсан бичлэгийг 9 сая гаруй хүн үзэж, нэг ёсондоо дээрэлхүү хүүхдүүд хүртэх ёстойгоо хүртэж, сургууль болон эцэг эхээсээ хатуухан шийтгэл авчээ. Ахлах сургуульдаа дээрэлхүүлж байсан Макс Сидоров гэх залуу Кэриний бичлэгийг үзээд, олон нийтийн мөнгө босгодог "indiegogo" сайтад Кэринийг амралтад явуулахад шаардлагатай 5000 ам.долларыг босгох аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд Кэринд олон нийтээс 700 мянган долларын хандив цугларчээ. Хандивын ачаар Кэрин хугацаанаасаа эрт тэтгэвэрт сууж, үлдсэн амьдралаа хангалуун өнгөрүүлэхээр болсон байна. Тэрбээр хандивын мөнгөнөөс 100 мянган ам.долларыг нь "Кэрин Клэйны" нэрэмжит дээрэлхэхийн эсрэг санг үүсгэн байгуулахад хандивласан байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Tsag tsagaara bdaggui, tsahildag huhuuru bdaggui gj....
Хорвоо гэж эргэлт,урсгал,эсрэг тэсрэгийн нэгдэл болохоор зовлон жаргал ээлжилдгийн жишээ.Аз таарч амрах болсон нь юутай сайн бэ!