Хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн хүний нэгт Адольф Гитлер зүй ёсоор ордог билээ. Түүнийг дайнд ялалт байгуулахын тулд ямарч хамаагүй арга хэрэглэж байсан тухай нь түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал, Гитлерийн тушаалаар СС-ын тусгай хайгуулын баг таван жилийн турш Төвдөд дэлхийн тэнхлэгийг хайсан байдаг. СС-ын оберштурмфюрер Генрих Харрерийн удирдлага дор таван офицер нууц хайгуул хийжээ. Уг багийн зорилго нь дэлхийн тэнхлэг оршдог Шамбалын орныг олох байв. 1942 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдөр Германы Дотоодыг хамгаалах яамны тэргүүн Гиммлер 2000 хуудастай тайлан барьсаар Гитлерийн өрөөнд оржээ. Тэд зургаан цагийн турш ярилцсаны дүнд Шамбалын орны агуйнуудыг хайж олох туршлагатай эрдэмтэд, уулчдын багийг Төвд рүү илгээх саналыг Гиммлер тавьсан аж. Хар дом, илбэ шидэнд чин сэтгэлээсээ итгэдэг Гиммлер дэлхийн тэнхлэгийг олбол цаг хугацааг буцаах боломжтой гэж боддог байв. Өнгөрсөнд хийсэн алдаануудаа засч, цаг хугацааг дахин 1939 онд аваачин, дайныг дахин эхлүүлж ялалтаар дуусгахын тулд энэ санааг дэвшүүлжээ. Энэ үед Германы үндсэн арми Сталинградын бүслэлтэд байсан бөгөөд хэд хэдэн дивиз нь Африкт бут цохигдоод байв. Уг төсөлд Шамбалын орны байрлалыг ойролцоогоор заасан газрын зураг байсан гэнэ.
1945 онд Зөвлөлтийн Дотоодыг хамгаалахын офицерууд Германы удирдлагууд байрлаж байсан рейхсканцлер буюу дөрвөн метр зузаан ханатай тусгай хамгаалалтын өрөөнөөс төвд лам нарын цогцос олж байж. Энэ нь Германы удирдлагууд ялалтын төлөө боломжит бүхий л аргыг туршиж байсны бас нэгэн нотолгоо болдог. Адольф Гитлер өөрийнхөө эцсийн мөчийг хүртэл хайгуулын баг нь дэлхийн тэнхлэгийг олно гэж итгэсээр байсан юм. 1943 оны нэгдүгээр сард Берлинээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг Төвд рүү хөдөлсөн боловч тавдугаар сар тэд бүгд Их Британийн колони байсан Энэтхэгийн нууц албаныханд баривчлагдан, шоронд хоригдсон байна. Гэвч тэд шоронгоос оргосон бөгөөд эцэст нь Төвд орсон гэсэн баримт бий. Үүнээс хойш тэдэнд юу тохиолдсон нь оньсого хэвээр үлджээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )