Кино үзэх үү, титр унших уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

Дээхэн үед кино театруудын зарлалын самбар дээр иймэрхүү зарлалууд тавигддаг байлаа. “19 цагаас “Ашикавара” Энэтхэгийн уран сайхны кино (монгол хэлээр)” гэж. Харин одоо үед монгол хэлээр ам барьж, дуу оруулах явдал үгүй болж. Үзэгчид киноныхоо үйл явдлыг үзэж, хадмал орчуулгыг нь харах гэсээр байтал аль алиныг нь алдчих явдал түгээмэл тохиолдох болжээ. Киноны яг ориг яриа, дуу чимээг сонсдог, англи хэл сурах гэж байгаа хүүхдүүдэд сонсох чадвар, дадал олгодог гээд сайн тал байгаа ч олонхи үзэгчид ам барьж дуу оруулсан орчуулгатай кино үзэхийг хүсч байна. Манай алтан үеийн жүжигчдийн дуу оруулсан гадаад кинонуудыг одоо ч хүмүүс үзэх дуртай байдаг. Техникийн боломж тааруугаас болж, цаад шум нь дарагдсан тал байдаг ч дуу оруулагчдын ур чадвараар "амь орсон" кинонууд бидний ой тойнд гүн бат хадагдан үлдэж чаджээ. Одоо бол техникийн өндөр боломжтой, дор хаяхад таван замаар бичигддэг болсон.

Тэгэхээр жүжигчдийн яриаг яг сайхан ам барьж дуу оруулаад, бусад дуу чимээг нь ч оригоор нь сонсож болно гэсэн үг. Монголд одоо кинонд дуу оруулагчаас их боловсон хүчин алга шүү дээ. СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн хүн болгон л энэ талбарт үзээд алддаг болж. Жинхэнэ ёсоор нь мэргэшүүлээд, дэлхийтэй хамт нээлтээ хийж байгаа киногоо үзэгчдэд төрөлх хэлээр нь үзүүлж байвал сайхан биш гэж үү. Одоо жүжигчид дуу дуулж, дуучид кинонд тоглох нь их болсон. Нэгэнт олонд танигдсан нэрээ “мөнгө” болгож байгаа нь тэр юм. Энэ аргыг хүүхэлдэйн кинон дээр туршиж бүрэн болно. Холливудын жүжигчид кинонд тоглохоосоо гадна хүүхэлдэйн кинонд дуу оруулж, тэр нь киноны сурталчилгаа болохын зэрэгцээ өөрсдөд нь ашиг авчирдаг. Энэ жишээг ашиглаж болно шүү дээ. “Кунфу панда”-гийн По пандад жишээ нь баргил хоолойтой дуучин, бар, тогоруу мэтэд нь хип хоп урсгалынхнаас дуу оруулуулбал залуусын анхаарлыг татна даа. Яг одоогийн нөхцөлд нэг кинонд дуу оруулахад дунджаар 150 орчим мянган төгрөгний зардал гардаг гэсэн. 30 тасалбарын л мөнгө. Иймхэн мөнгө зарлагадахад л англи хэл мэддэггүй, удаан уншдаг болохоороо театрт кино үзэхээс халширчихсан хүмүүсийг татах нь байна. Орлого ашиг тэр чинээгээ нэмэгдэнэ. Ашигтай ажилласан театр үнээ буулгах ч боломж бүрдэх юм бил үү. АНУ-д кинотеатрынхаа зэрэглэлээс шалтгаалаад тасалбарын үнэ янз бүр байдаг ч дундаж үнэ нь 7,55 ам,доллар байдаг юм байна.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu (66.181.181.63) 2017 оны 11 сарын 30

ORCHUULDAG TOHOOROMJ MONGOLCHUUD HII

0  |  0
хаха(66.181.166.67) 2017 оны 11 сарын 30

хаха мудак сэтгүүл, англи хэлээ сайн болго, тэгвэл титр харахаа байна, яаж ч ямар ч сайн хүн дуу оруулаад, синхронддог болсон бай тухайн жүжигчний тоглолтыг гаргаж чадахгүй

0  |  0
Top