Нийслэлийн Эрүүл мэндийн газрын санаачлагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга, дүүргийн Засаг даргын Эүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан орлогч нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Өнөөдрийн уулзалтаар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхээр хийсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа томоохон ажлууд, ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцлаа.
Өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний дагуу бүх дүүргүүд бэлтгэлээ хангасан байна. Тухайлбал нийслэлээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, ор бэлтгэх, агааржуулах систем, засвар үйлчилгээ гэх мэт олон зүйлс багтаж байгаа юм.
“Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Гэхдээ өргөн цар хүрээтэй дэгдсэн асуудал байхгүй, харьцангуй гайгүй байна. Одоогоор эмнэлгийн ачаалал ихэсэх хандлагатай байна. Цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулна. Түүгээр дамжуулж эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, утсаар зөвлөх зэрэг ажлыг нэлээд эрчимжүүлж байгаа. Бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Бид өмнөх жилүүдээс харьцангуй сайн бэлтгэлтэй байгаа” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.
Мөн “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ирээдүй нэлээд эерэгээр төсөөлөгдөж байгаа. Учир нь Улаанбаатар хотод үндэсний оношлогоонгы төв 2019 онд ашиглалтанд орно. Мөн Анагаах ухааны их сургуулийн сургалтын эмнэлэг ажшиглалтанд орно. Энэ хоёр бол үндэсний хэмжээний оношлогооны чадавхийг одоогийн байгаагаас өөр түвшинд хүргэнэ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт дэлхийн жишигт нийцсэн 250 мянган хүн амд үйлчлэх чадалтай нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орно” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )