Өдгөө 73 настай жүжигчин Майкл Дугласын гэр бүлд баяртай үйл явдал тохиожээ. Жүжигчин анх удаагаа өвөө болсон байна. Том хүү 39 настай Кэмерон нь охинтой болжээ. Гэхдээ тэд охиндоо хэн гэдэг нэр өгснөө яриагүй аж. Кэмерон цахим хуудсандаа найз бүсгүй Вивьенийхээ жирэмсэн үеийн зургийг нийтэлж “Өнөөдөр энэ дэлхийн бүх ээжийг хүндлэх үзэл минь улам ихээр нэмэгдлээ. Би өнөөдөр гайхамшгийн гэрч болж, охин минь төрлөө. Түүнийг энэ дэлхийд ирэхэд нь миний гайхалтай Вивьен тусалсан. Би чамаар ямар их бахархаж байна гээч” гэж бичжээ.
Майкл Дуглас гурван хүүхэдтэй билээ. Том хүү Кэмерон нь эхний гэрлэлтээс нь төрсөн бол хоёр дахь эхнэр, жүжигчин Кэтрин Зета-Жонсоос нь хүү Дилан Майкл, охин Кэрис Зета нар нь төрсөн. Кэмерон 2010 оны хавар хар тамхи наймаалсан хэргээр таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Гэхдээ тэрбээр суллагдсанаасаа хойш амьдралаа шинээр эхэлж, өөр хүн болсон билээ. Тэрбээр ийнхүү аав боллоо.


О.Саша

Сэтгэгдэл ( 0 )