Согтуу жолоочтой тэмцэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Өнгөрсөн сарын 20-ний өдрөөс Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье” аяныг аймаг орон нутгийнхаа хэмжээнд эхлүүлжээ. Тус аян 45 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

 Ойрын хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх нийтийн тэмдэглэлт баярын өдрүүд буюу Эх орончдын өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр зэрэг  баярыг зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор тус аяныг санаачилжээ. Аяны хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж. Аян эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 зөрчлийг илрүүлэн, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Харин хяналт шалгалтыг эрчимжүүлснээр зам тээврийн гэмт хэрэг бүртгэгдээгүй эерэг үзүүлэлттэй байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд он гарсаар зарим төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан хэдий ч малын хулгайн болоод замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр өссөн дүнтэй байгаа аж. Тиймээс эдгээр гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд шат дараатай ажил, арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Мөн аянтай холбоотойгоор иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top