Татварын багц хуулийн өөрчлөлтүүд таны амьдралд ингэж тусна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Татварын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс  УИХ-ын хаврын  чуулганаар Татварын багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж татвар төлөгчид болон бизнес эрхлэгчдээс санал авч эхэллээ.

Хуулийн зорилго нь бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бус заалтуудыг цэгцлэх, татварын албыг чадавхжуулах зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулжээ.

2017 оны III улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаж байгаагаас үзэхэд манай бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан хэвээр байна.

 Татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж,татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно.

Мөн орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно гэж шинэчилсэн найруулгад тусгажээ.

 Сангийн  сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ "Сангийн яам  татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг судалж үзсэний эцэст  хуулиндаа өөрчлөлт оруулсан" гэдгийг онцолж байв. Сангийн сайдын танилцуулснаар 2018 онд Татварын 3 хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх гэж байна.

Ингээд  Сангийн яамнаас боловсруулсан Татварын багц хуульд ямархуу өөрчлөлт орж байгаа талаар багцлан танилцуулъя.

Татварын Ерөнхий хуульд:

  • Татварын өр төлөх хугацаа 2 сар байгааг 24 сар болгон сунгана,
  • Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно,
  • Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмгдүүлнэ,
  • Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана,
  • Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй,
  • Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт 3 тэрбум төгрөгөөс дээш бол жилд 4 удаа, доош бол 2 удаа тайлагнадаг болно.

ААНОАТ-ын тухай хуульд:

  • Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна,
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно,
  • Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно,
  • X тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө,
  • Барилга байгууламжийн элэгдэл, байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулна. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болно,
  • Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ,
  • Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

ХХОАТ-ын тухай хуульд:

  • Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө,
  • Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно,
  • Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно,
  • Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ,
  • Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно.
  • Барилга байгууламжийн НӨАТ-ыг 10 жилд хасагдуулна,
  • Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасагдуулна,
  • Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана,
  • Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

 

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aagii(202.9.42.118) 2018 оны 03 сарын 06

ipotekiin zeeliin huu 0.5-2 baidag yum bilee

0  |  0
чч(202.55.191.205) 2018 оны 03 сарын 06

банкны хадгаламжаас татвар авдагаа зогсоох хэрэгтэй байна даа...

0  |  0
Top