Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн багш, оюутан залуус тухайн цаг үеийнхээ манлайлагч, нийгмийг чиглүүлэгч, оюунлаг, сэхээтнүүд байсаар ирснийг түүхийн хуудаснаас харж болно. Улс төр, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт МУИС- ийн бүтээгдэхүүнүүд чиглүүлэгч, тэргүүлэгч нь болж яваа гэдэгтэй маргах аргагүй. МУИС-ийг дээд боловсролын байгууллага гэж өнгөц утгаар харахаас илүүтэй Монгол Улсын сүүлийн 75 жилийн түүхийг бичилцсэн оюун санааны их уурхай, тухайн цаг үеийнхээ толь байсныг тодотгох ёстой билээ. Социализмын 1940-1990 он, Ардчилсан хувьсгалын үйл явц, түүнээс хойших өөрчлөлт шинэчлэлтийн үеүдтэй МУИС, түүний төгсөгчид, эрдэмтэн багш нар салшгүй холбоотой билээ. Ардчилсан хувьсгалын салхи сэвэлзсэн он жилүүдийн гол туг нь МУИС-ийн багш, оюутнууд байсныг тэр үеийнхэн онцлон тэмдэглэж байна. Энэ тухай өгүүлэхийн өмнө Социализмын он жилүүдэд уран бүтээл туурвих чөлөөт сэтгэлгээ, эрх чөлөө, шударга ёс, ардчиллын суурь үе бүрэлдэн тогтоход МУИС-ийнхан онцгой үүрэг гүйцэтгэж байсныг санууштай юм.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН СУУРЬ ҮЕ БА МУИС-ИЙНХАН
Монгол орны улс төр, эдийн засгийн тогтолцоо, хөгжлийн чиг хандлагыг өөрчилж, ардчилсан хувьсгалтай золгосон түүхэн үйл явц нь хэд гурван жилийн зурвасхан цаг хугацааны асуудал биш юм. Монгол Улс Ардчилсан хувьсгалтай золгосон нь түүнээс өмнөх олон арван жилийн эрдэмтэн, судлаачдын тэмцэл, хөдөлмөрийн үр дүн байсныг мартаж болохгүй. Үүнд МУИС- ийн эрдэмтэн багш нар онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал нэрт эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин, Шанжмятавын Гаадамба, Шадавын Лувсанвандан зэрэг Монголын сор болсон зохиолч, уран бүтээлч, соён гэгээрүүлэгч эрдэмтэн багш нар онцгой хувь нэмэр оруулсныг энд дурдах ёстой. Тухайн үед Монголын түүх, өв соёлоо сурталчлах, уран бүтээл туурвих чөлөөт сэтгэлгээг МАХН-ын төв хороо болон Улс төрийн товчооноос хянах, зэмлэл хүртээх бурангуй бодлого хэрэгжиж байв. Тухайлбал, МАХН-ын Төв хороо 1949 оны аравдугаар сард “БНМАУ-ын түүх, утга зохиолыг сургуулиудад зааж байгаа тухай” тогтоол гаргаж, “хорт националист номлолыг номлож байна” гэж МУИС-ийн эрдэмтэн багш нарыг буруутгажээ. Эрдэмтэн Х.Пэрлээгийн нийтэлсэн “Монголчуудын цэргийн чадвар” өгүүлэлд “Чингис хааныг Монголын ард түмнийг жолоодогч, эх оронч хэмээн магтаж, Чингис хааны байлдан дагууллыг дэвшилтэт рольтой байсан мэтээр харуулсан” хэмээн МАХН-ын төв хорооноос буруутгасан байна. Улмаар “Чингис хааныг харгис хэрцгий байлдан дагуулагч, эзэрхэг хөнөөгч атал ингэж магтах аястай зохиол туурвисан” гэжээ. МУИС-ийн профессор, багш нар 1956 онд их сургууль дээр болсон уулзалтын үеэр хөдөөгийн хүн амын амьдрал хүнд, үүнд төрийн бодлого хэрэгтэй байгааг сануулж, гарах арга замын талаар санал бодлоо хэлсэн байна. Тухайлбал МУИС- ийн эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Бид хөдөөгийн байдлыг муу мэдэж байна. Хөдөөгийнхөн гэрээ бүрэх бүрээсгүй цоорхой гэртэй, уух цай идэх махгүй байхад бид худлаа магтах шаардлагагүй. Ардын ашиг орлого бага, хоршоонд өгөх нь их байна. Нам нь харилцан ярилцаж урагшилна. Айлган дарамталж социализмын замаар явахгүй” гэжээ.
Энэ хуралд МАХН-ын Төв хорооноос хүмүүс оролцож, багш эрдэмтдийн санаа бодлыг сонсжээ. Мөн багш нарын зүгээс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, байгалийн баялаг, ашигт малтмалыг ашиглах, үйлдвэрүүдийг голлон хөгжүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашигтай худалдаа хийх шаардлагатай байгааг онцолжээ. Түүнчлэн ардчилсан ёсыг амьдралд хэрэгжүүлэхийг шаардаж, сонгуулийг нэр төдий явуулж байгааг шүүмжилсэн байна.
Ингэж МУИС-ийнхан төдийгүй өөр олон эрдэмтэн судлаачид МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчооны ажлыг хатуу шүүмжлэх болжээ. Гэтэл эрх баригчдыг шүүмжлэх болсон явдлыг мушгин гуйвуулж, “Сэхээтний төөрөгдөл” хэмээн нухчин дарах оролдлогыг хийж байсан түүх бий. Тухайлбал, Ц.Дамдинсүрэнг улс төрийн товчооны бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн хэмээн үзэж Монголын зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлаас чөлөөлж, түүнийг болон Ш.Гаадамба нарыг “сохроор дагалдагч” хэмээн буруутгах болсон байна. МУИС-ийнхан 1962 онд Эзэн Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг идэвхтэй хөөцөлдөж байжээ. Гэвч МАХН-ын Төв хорооны III их хурлаар “Нэг хүнийг тахин шүтэх үзэл” хэмээн буруутгаж, энэ ажлыг ахалсан Д.Төмөр-Очирыг МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халж байжээ.
“МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд” дэвтэрт “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг” гэгчид нийт 200 гаруй хүн хань хамсаатнаар бүртгэгдэж, Аюулаас хамгаалах байгууллагын хатуу хяналт, мөрдөлтөд байсан бөгөөд тэдний дотор МУИС төгссөн олон арван хүн байсан байна. Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын “Намын эсрэг бүлэг” гэгчийн гол хамсаатан хэмээн Намын төв хорооны VI бүгд хурал дээр дурдагдсан хүмүүсийн тал илүү нь МУИС-ийг төгсөгчид байв. Тухайлбал, Д.Лхамжав, Д.Самбуу, Р.Тогтох, Р.Бараадий нарыг нэрлэж болох юм” гэжээ.
Ийнхүү улс орон, ард түмний амьдрал хүнд, хоол хүнс бараа дутмаг төдийгүй, чөлөөтэй зохиол бүтээл туурвих, үг хэлэх шүүмжлэх эрхийг хаасан нэг намын дарангуйлал тогтсон энэ үед МУИС-ийн эрдэмтэн багш нар оройлон тэмцэж, хүн ардынхаа төлөө дуу хоолойгоо төр засагт хүргэж, зоригтой шүүмжилж байжээ. Шүүмжлэл өрнүүлэхийн сацуу чөлөөтэй ардчилсан, шударга, хүмүүнлэг нийгэм байгуулахын төлөө хагас зуун жилийн турш тэмцэж, 1990 оны ардчилсан хувьсгалтай золгох суурийг тавихад МУИС- ийн эрдэмтдийн оюун санаа, үүрэг нөлөө их юм. Судлаач, доктор Д.Энхжаргал “МУИС бол эрдэмтэн судлаачдынхаа сэтгэлгээ, үзэл санааны цар хүрээ, мэдлэг боловсролд тулгуурлаж, ардчилал, ил тод байдал, өөрчлөлт шинэчлэлтийг өрнүүлэх нэг үндсэн түшиц газар болж ирсэн бөгөөд сургуулийн хамт олон аль ч цаг үед нийгмийн түүчээ, тэргүүлэгч хүчний нэг болж байсан” хэмээн дүгнэлт өгсөн байна.
МУИС-ийн II байр, ШУКО-ын тэнхимийн өрөө С.Зориг, Д.Нинж нар нөхдийн хамт
МУИС БА АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ
Монгол оронд өрнөсөн 1990 оны Ардчилсан хувьсгалын шууд удирдагч, гол оролцогчид, жагсагчдын ихэнх нь оюутан залуус, эрдэмтэн багш нараас бүрдэж байсан юм. Олон сургуулийн оюутнууд, залуу багш нар нэгдэн нийлж анхны уулзалтуудаа МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны дугуй танхимд явуулж байжээ.
Тодруулбал Ардчилсан хувьсгалын удирдагч, “Ардчиллын алтан хараацай” Санжаасүрэнгийн Зориг агсан нь тухайн үед МУИС-ийн Шинжлэх ухааны коммунизмын онол (ШУКО)-ын багшаар ажиллаж байсан ба өрөөндөө хувьсгалын анхны уулзалтуудыг хийх болсон байна. С.Зориг анхандаа хот, хөдөөгөөс ирсэн хүмүүстэй гарч уулздаг байсан бол яваандаа тэгэх боломжгүй болж ажлынхаа өрөөнд уулзаж ярилцах болсон тухай түүний нөхөд нь дурсан ярилаа. Нийгмийн хувьсал өөрчлөлтийн талаар улс орон даяар залуу сэхээтнүүд дор бүрнээ ярьж цуглах болжээ.
Улмаар 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатарт анхны цуглаан “Хүний эрхийн өдөрт” зориулсан хүрээнд болж, цуглаанаар Монголын Ардчилсан холбоо (МоАХ) байгуулагдсанаа нийтэд зарлажээ. МоАХ хэмээх анхны чөлөөт байгууллагын Ерөнхий зохицуулагчаар С.Зориг сонгогджээ.
Тэрбээр Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж ЗХУ, Унгар, Чех, Польшоор явж, Москвад “Московские Новости” сонинд ярилцлага өгч байсан байна. Мөн Германд Загалмайтны ардчилсан нам, Чехэд “Иргэний чуулга” хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхтэй уулзаж, заримтай нь холбоо тогтоож байжээ. МоАХ-г анх С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат- Үүл, Д.Баттулга, Д.Баасан, Д.Сосорбарам, Т.Билэгт,
-“ С.ЗОРИГ БОЛ ЯАХ АРГАГҮЙ МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛСАН ҮЙЛ ЯВЦЫН ТЭРГҮҮЛЭГЧ, УДИРДАГЧ, БИДНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭЛЭЭР БОЛ УЛС ТӨРИЙН ЛИДЕР БАЙСАН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ”-
С.Амарсанаа, Ц.Энхтүвшин, Д.Энхбаатар, Д.Сүхбаатар, “малыш” М.Энхтүвшин, Д.Нямсүрэн нарын 13 хүн нийлж байгуулсан ба хожмоо тэднийг “Ардчиллын анхны 13” хэмээн нэрлэдэг болсон билээ. Тэднээс С.Зориг, малыш М.Энхтүвшин нар МУИС-д багшилж байжээ.
Түүнээс хойш удалгүй 1989 оны арванхоёрдугаар сарын 28-ны цуглаан дээр мэндэлсэн Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын социал демократ намыг үүсгэн байгуулагчдын гол тэргүүлэгчид нь МУИС-ийн багш нар байв. Одоогийн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Үндсэн хууль судлаач Д.Лхамжав, МСДН-ын дарга асан А.Ганбаатар болон П.Улаанхүү, Р.Хатанбаатар, А.Хашбаатар, А.Булгантамир, С.Мэндсайхан, Д.Эрдэнэбаяр, Д.Баттөмөр, Ч.Жүгдэрнамжил, Г.Цэрэн, Ч.Ганзориг нарын багш нар тэр үеийн Ардчилсан социалист хөдөлгөөнийг удирдаж байсан байна. Улаанбаатар хотод өрнөж буй жагсаал цуглаан, улс төрийн үйл ажиллагаанд МУИС-ийн оюутан, багш нар ийнхүү тэргүүлэн оролцжээ.
МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын оюутны холбоо тэргүүтэй ардчилсан хүчнүүд 1990 оны гуравдугаар сард сүрт жагсаал хийж, залгуулаад Монголын Ардчилсан холбооны зүтгэлтнүүд Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардан өлсгөлөн зарлахад тэдний олонх нь оюутнууд төдийгүй багш нар байв. Мэдээж МУИС ууган сургуулийн хувьд тус сургуулиас олон оюутан, багш нар энэ цуглаанд оролцсон байна. Ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлэх үйл явцад МУИС-ийн багш С.Зориг агсан онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж нөхөд нь түүнийг үнэлж байна.
Тухайн үед МУИС-д ШУКО-ийн багшаар ажиллаж байсан, түүний сайн, нөхөр доктор, зөвлөх дэд профессор Г.Цэнд-Аюуш “С.Зориг бол үнэхээр хүлээцтэй, тэвчээртэй сонсдог байсан. Түүний зан чанарын онцлог нь түрүүлж дуугардаггүй, ямагт сонсдог байсан явдал гэж би боддог. Энэ нь ч тайван замаар хувьсгалыг амжилтад хүргэхэд нөлөөлсөн байх. Хэзээ ч түрүүлж цэцэрхдэггүй. Даруу, хүний үгийг хүлээцтэй, тэвчээртэй сонсдог, ахмад багш нарын заавар зөвлөмжийг сайтар хүлээн авч биелүүлдэг ийм хүн байсан. С.Зориг бол яах аргагүй Монгол дахь ардчилсан үйл явцын тэргүүлэгч, удирдагч, бидний шинжлэх ухааны хэлээр бол улс төрийн лидер байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн юм.
С.Зориг, М.Энхтүвшин тэргүүтэй МУИС-ийн багш нар, оюутнууд Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг дээрх мэдээ, баримтуудаас харж болохоор байна.
Түүнчлэн МУИС-ийн хоёрдугаар байранд Ардчилсан хувьсгалын анхдагчид анхны уулзалтаа хийж, “Төв штаб” болж байснаараа МУИС- ийн хувь нэмэр өндөр ажээ. Түүнчлэн хүчтэй эсэргүүцэл тэмцлийн нөгөө талд зогсож байсан Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх нь ухаалаг, хүлээцтэй байж шийдвэр гаргасан нь хувьсгалыг тайван замаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж тэр үеийнхэн үздэг. Ардчилсан хувьсгалын тэргүүлэгч, сэхээтнүүд ч тэгж үнэлдэг. Тухайн үеийн Монгол төрийн тэргүүн Ж.Батмөнх бол МУИС-ийн ректораар ажиллаж байсан хүн юм. МУИС-ийн оюутан, багш нар Ардчилсан хувьсгалд ийнхүү тэргүүлэн оролцсоныг мартаж боломгүй билээ.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН “ТӨВ ШТАБ” БУЮУ ОДООГИЙН УЛС ТӨРИЙН ТЭНХИМ
Ардчилсан хувьсгал, өөрчлөлт шинэчлэлтэд нийгмээрээ шилжин орсноор нийгэм, улс төр, эдийн засаг бүхлээрээ өөрчлөгдөн, иргэдийн оюун санаа шинэ нийгмийн өөрчлөлттэй нүүр тулж ирсэн юм. Энэ үед Ардчилсан хувьсгалын төв штаб болж явсан Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийн хувьд ч өөрчлөн байгуулалтад орсон гэдэг. Монгол Улсын Их Сургуулийн ректорын тушаалаар Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийг татан буулгаж, тухайн суурин дээр нь 1991 онд "Улс төр судлалын тэнхим" -ийг шинээр байгуулсан байна. Тэнхимийн эрхлэгчээр дэд доктор Ш.Содном томилогдон ажиллахаар болжээ. МУИС-д улс төр судлалын салбарыг үүсгэн байгуулахад анхны судалгаа шинжилгээ, сургалтын төлөвлөгөө, лекц семинарыг ШУКО-ын багш, эрдэмтэд болох профессор Д.Содномгомбо, Ш.Содном, Ц.Ганболд, Х.Ганбаатар, С.Базарпүрэв, Д.Оюунчимэг, лаборант Ж.Доржпагма нар гардан боловсруулж хамтран зүтгэж иржээ. Эдгээр эрдэмтэн багш нар бол МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн суурийг тавилцсан хүмүүс юм. Анхны судалгаа шинжилгээ, сургалтын төлөвлөгөө гаргасан тухайгаа Доктор, профессор Ц.Ганболд багш дурссан юм. Тэрбээр “Улс төр судлаач мэргэжил байдаг эсэх талаар сонирхож судлаад үзсэн чинь ардчилал хөгжсөн орнуудад байдаг бололтой. Таньдаг найз нөхөддөө хэлж, захиж байгаад БНСУ, Герман, Польшийн сургуулиудын хагас дутуу сургалтын төлөвлөгөө олж, орчуулуулж дундаас нь нэг сургалтын төлөвлөгөөний төсөл боловсруулаад мэргэжил нэгт нөхөддөө танилцуулж санал бодлоо солилцож байхад зарим нь зөв санал байна гэж дэмжиж, зарим нь ийм мэргэжлээр бэлтгэдэггүй. Эвлэл, нам улсын ажил хийж байсан туршлагатай хүмүүсийг дахин бэлтгэх замаар улс төрийн боловсрол олгодог. Аравдугаар анги төгссөн хүүхдүүд бол балчирдана. Манайд болон бусад орнуудад тийм мэргэжилтнийг Намын дээд сургуулиар бэлтгэдэг. МУИС-д ийм анги нээлээ гэхэд хүн ирэхгүй хэмээн хатуу шүүмжлэл өрнөж байсан” хэмээн ярилаа.
Удалгүй их сургуулийн нийт анги салбаруудад улс төрийн шинжлэх ухааны талаар мэдлэг олгохоор "Улс төрийн үндэс" хэмээх хичээлийг судлуулах болжээ. Ийнхүү МУИС-д 1993 онд Улс төр судлалын салбар байгуулагдсан байна. Улмаар 1993- 1994 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн Улс төр судлалын тэнхим бакалаврын зэргийн сургалтаар элсэлт авч 18 оюутан элсэн суралцжээ. Анхны төгсөлтөө 1997 онд хийж, "Улс төр судлаач, нийгэм судлалын багш" мэргэжлээр 13 оюутан төгссөн байна. 1997 онд Улс төр судлалын оройн анги нээгдэж, 1997-1998 оны хичээлийн жилээс улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөл байгуулагдсанаар 1999 оноос эхлэн анхны докторын шатны сургалт эхэлсэн юм. Ингэж МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн үүсэл хөгжил эхэлжээ. Өдгөө МУИС-ийн Улс төр судлалын тэнхим нь мянга мянган оюутан залууст улс төрийн боловсрол олгох, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнэ, үзэл баримтлалыг суулгах хүндтэй ажлыг нэр төртэй явуулж байна. 1997 онд МУИС- ийн Улс төр судлалын тэнхимийг дүүргэсэн анхны төгсөгчдийн нэг Ж.Төртогтох өдгөө тэнхимийнхээ эрхлэгчээр ажиллаж байгаа юм.
УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМ НИЙТ 11 БАГШИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.
1. Ж.Төртогтох /Доктор, профессор, тэнхимийн эрхлэгч/
2. Ц.Ганболд /Доктор, профессор/
3. С.Базарпүрэв /Доктор, профессор /
4. С.Мөнхбат /Доктор, профессор/
5. Ч.Өлзийсайхан /Доктор, дэд профессор/
6. Ё.Довчин /Доктор, зөвлөх профессор/
7. Г.Цэнд-Аюуш /Доктор, зөвлөх дэд профессор/
8. Ц.Батболд /Доктор/
9. Д.Ундрах /Доктор/
10. Д.Бумдарь /Доктор/
11. Д.Оюунчимэг /Ахлах багш/
Монголд улс төрийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд МУИС-ийн Улс төр судлалын тэнхим томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Тус тэнхимийн эрдэмтэн багш нарын бичсэн олон арван ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь улс төрийн шинжлэх ухааны олон нарийн асуудлыг судлахад жинтэй хувь нэмэр болж ирсэн билээ. МУИС болон Улс төр судлалын тэнхимийнхэн одоо ч ардчиллын үнэ цэнэ, эрх чөлөө, шударга ёсны онол, практикийг оюутан залууст хүргэх ажлуудыг үргэлжлүүлэн хийсээр байгаа ажээ. Түүний нэг нь МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Монголын ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны нэрэмжит танхимыг 2010 онд байгуулсан явдал юм. Энэхүү танхимыг талийгаачийн ах С.Баяр, дүү С.Оюун болон "Зориг сан"-гийнхан санаачлан байгуулж, тохижуулсан байна.
Мөн МУИС байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд Ардчиллын танхим, Тусгаар тогтнолын танхимуудыг байгуулахаар болжээ. Тус танхимууд нь оюутан залууст ардчиллын үнэ цэнэ, шударга ёс, тэгш эрх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, уламжлуулан үлдээхэд хувь нэмрээ оруулах юм. Мөн энэ жил МУИС-ийн ШУКО-ын тэнхимийн 50 жил, Улс төр судлалын тэнхим анхны төгсөгчөө өлгийдөн авсны 20 жилийн ой тохиож байгаа ажээ.
АРДЧИЛЛЫН БУУРИА САХИЖ ҮЛДСЭН ГУРАВ
Ардчилсан хувьсгалын шинэчлэл өөрчлөлтийн салхи намдаж, зах зээлийн чөлөөт эдийн засгийн өөрчлөлт эхэлсэн нь Монголчуудыг амаргүй хувь заяатай учруулсан юм. Багш, эрдэмтэн сэхээтнүүд бичгийн ширээгээ орхиж, эмч нар цагаан халаадаа тайлж олонхи нь ганзагын наймаанд явж, гахай үүрч явахад цөөхөн хэд нь албандаа үлджээ. Тэдний нэг нь МУИС-ийн ШУКО-ынхон билээ. Хичээл заахын хажуугаар, Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан МУИС-ийн багш нараас Ц.Ганболд (Доктор, профессор), Г.Цэнд-Аюуш (Доктор, зөвлөх дэд профессор), Д.Оюунчимэг (Ахлах багш) нар өнөөдөр ч Улс төр судлалын тэнхимдээ хичээлээ зааж, оюутан залууст улс төрийн боловсрол олгох, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнэ, үзэл баримтлалыг суулгах хүндтэй ажлаа үргэлжлүүлэн нэр төртэй ажиллаж байна. Ахлах багш Д.Оюунчимэг “Би философич мэргэжилтэй. Эргээд философи руугаа урваж болох байсан. Гэхдээ Манай тэнхим дотор яригдаж байгаа, нийгмийн өөрчлөлтийг хараад, улс төр сонирхолтой байсны хувьд магистр, доктороо философиор биш улс төрийн чиглэлээр хамгаалсан. Улс төрөө тууштай сонирхож, хичээлээ энэ чиглэлээрээ өдий хүртэл зааж яваагаараа бахархаж, миний амьдрал баялаг байна гэж үздэг. Эргээд харахад манай шавь нар очсон газар бүртээ хариуцлагатай ажиллаж байна. Хөдөө, орон нутагт сум баг толгойлоод, эргэж ирээд эндээ мэргэжил дээшлүүлж сурах жишээтэй. Тийм учраас Улс төрийн тэнхимээрээ маш их бахархдаг. Шавь нараас маань тэр гавьяат болсон гэхээсээ илүүтэй тэр юу хийв, улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулав гэдэг нь чухал” хэмээн онцоллоо.
Тэд Ардчилсан хувьсгалд МУИС-ийн багш, оюутнууд хэрхэн тэргүүлэн оролцсон болон дотны анд нөхөр С.Зоригийнхоо тухай дурсаж байна.
У.Ганболд: УЛС ТӨРИЙН ТОМООХОН ХУВЬСГАЛУУД ИХЭНХДЭЭ ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ТӨВЛӨРДӨГ
С.Зориг надад хандан “Бидний хэсэг нөхөд нийгэм, улс төрийн өөрчлөлт, шинэчлэлийг урагш хөдөлгөх чиглэлээр нэгэн байгууллага байгуулж, зохион байгуулалтад орж ажиллаж эхэлж байна. Чи манай “Мозговий трест”-д ажиллахгүй юу. Бичиг баримт боловсруулахад мэргэжлийн хүмүүс маш их хэрэгтэй байна” гэж байв. Би нэг тэнхимд хамт байсан болохоор надад үзүүлж, асуусан үед нь санаа бодлоо хэлж ярилцаж байлаа. Олон хүн орж ирж утсаар ярина. Өрөөний улаан утас ч улайстлаа халдаг боллоо. Манай тэнхимийн энэ утас анхандаа цаад өрөөнд тэнхимийн эрхлэгч Д.Содномгомбо багшийн ширээн дээр байдаг байсан юм. Сүүлдээ наад талын багш нарын өрөөнд байдаг болсон. Заримдаа багш нар бид өөрсдөө ч утсаар ярих боломж олдохгүй, хот хөдөөнөөс хүмүүс маш их залгадаг байж билээ. Манай тэнхимийн “профессор лаборант” Ж.Доржпагма эгч маш сайхан тухтай, бүхний ээж шиг л налгар хүн байж билээ. Ж.Доржпагма эгч МоАХ-ны анхны бичиг баримтаас бичиж цохиж л байсан. Манай тэнхим МоАХ- ны анхны “төв штаб” болж билээ. Дэлхийн улс төрийн томоохон хувьсгалууд ихэнхдээ тухайн улсынхаа том университет дээр төвлөрч багш оюутан залуучууд дээр түшиглэсэн байдаг тэр л зүй тогтол энд харагдаж байна. МоАХ, ШДХ, СДХ бүгд л МУИС, ТИС, ХУИС, УБДС, ХоБДС дээр үүрээ засч, МУИС, түүний дотор манай тэнхим тухайн үеийн нийгмийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн.
Ахлах багш Д.ОЮУНЧИМЭГ: НАМАЙГ МУИС-Д ИРЭХЭД С.ЗОРИГ “ДҮҮТЭЙ БОЛЛОО” ГЭЖ БАЯРЛАСАН
Би тухайн үед цагийн багш хийдэг байсан. Давхар кабинет хариуцдаг байлаа. Түүхийн кабинет, Шинжлэх ухааны коммунизмын онолын кабинет гээд хариуцсан мэргэжилтэн хийж байсан. Кабинет нь номын сан шиг үүрэг гүйцэтгэдэг. Оюутнуудыг кабинетад суухаар гэрийн даалгавар хийж байна уу, Лениний ийм зохиолыг ойлгосон уу, тайлбарла гэх зэргээр ажиллана. Би анх 1989 оны хавар ажилд орж байхад С.Зориг надад хандан “Та өөрийгөө лаборант гэж андуурав аа. Оюутнуудад гэрийн даалгаварт өгч байгаа эх зохиолуудыг та өөрөө мэдэж байж оюутнуудыг шалгана шүү” гэж даалгавар өгч байсан. Ингэж хэлж байсныг нь би мартдаггүй. Надад ч эргээд хэрэг болсон.
Тэр нийгмийн өөрчлөлт өрнөхөд тэнхимийн бүх юм л өрнөж эхлэсэн дээ. Туслах ажилтан болохоор бичгийн машины лентээ харамлахаас өгсүүлээд, орой үдэш анги танхимаа цоочлох гээд ажил болно. Өдөр нь нэг хэсэг нь ажлаа хийнэ нь орой нь нөгөө хэсэг нь цуглана. Дунд нь би зохицуулагчийн үүрэг гүйцэтгээд гэрийн бараа харахгүй шүү дээ. Орой бүр Ардчилсан хувьсгалынхан манай тэнхимийн өрөөнд хуралдана. Ямар сайндаа би “Та нар бичгийн машины лент авч өгнө гэчхээд авч өгөөгүй” гээд нэхэж байсан юм. Д.Нинж, Дарь. Сүхбаатар, “малыш” Б.Энхтүвшин нар сүүлд орж ирэхээрээ “Оюунаа одоо надаас нөгөө лентээ авахгүй юм уу” гэдэг. (Инээв)
Нийгмийн өөрчлөлт боллоо, бид өөрсдөө шууд сургалтад суугаад номоо үзээд эхэлсэн. Өгүүллээ бичих, сургалт, заах хичээл рүүгээ орсон. Хичээлийн программаа шинээр гаргаад 1993 оны намар гэхэд шинэ элсэгчээ хүлээн авсан. Тэнхимийн эрхлэгч Төртогтох миний анхны төгсөгч маань. Би анхны анги авсан багш нь. Тэр үед манай хичээлийн эрхлэгч Ш.Содном гуай чанга хүн байсан. “Та нар юунд ч оролцож байна. Би хорихгүй. Улсын эд хөрөнгө эвдэж болохгүй. Ямар нэгэн цалин авч буй ажлаа тасалж болохгүй” гэдэг байлаа. Ж.Доржпагма эгч “Та нар хог шороо босголоо” гэж загнана. С.Зориг инээж л байна. Намайг анх МУИС- даа ажилд орох гээд ярилцлагад орж байхад Зоригоо (С.Зориг) их баярлаад “Ингэж нэг дүүтэй болдог байж дээ” гэж билээ. Би тэгэхэд нь “Би чамаас нэг эгч за юу” гэсэн чинь “Тэр хамаагүй, тэр хамаагүй. Чи сүүлд ирсэн юм чинь дүү л байна шүү” гэж хөөрч билээ. Уг нь тэнхимийн хурал хийж байгаа байхгүй юу. Гэтэл тэгэж хүүхэд шиг хөөрч байсан.
С.Зориг бол аль ч талдаа зохицуулагч байсан юм. МҮДН, Соцдекийнхэн гээд хэн нь түүнтэй уулзахаас татгалздаггүй байлаа. Хүний эв олохдоо сайн. Мөн хүнийг сонсохдоо сайн. Суугаад л байна. Янз янзын насны хүмүүс чинь орж ирээд уурлах нь уурлана. Зарим нь магтана. “Миний хүү чамайг би дэмжиж байгаа” гээд магтана. Хөдөө гадаанаас хүмүүс ирнэ. Нөгөө хүмүүс чинь маш их ярина. “Та яриад дууссан уу гэж” би асуумаар санагдаж байхад Зоригоо суугаад л байдаг. Маш их тэвчээртэй, тэгэж хүнийг сайн сонсож чаддаг хүн байлаа.
Доктор, зөвлөх дэд профессор Г.ЦЭНД-АЮУШ: МУИС-ИЙН ТЭНХИМ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН “ТӨВ ШТАБ” БАЙСАН
Би ШУКО-ын тэнхимд 1978 онд багшаар ирж байлаа. Ардчилсан хувьсгалын үед С.Зориг тэргүүтэй хувьсгалын анхны хараацайнууд гэж нэрлэдэг хүмүүс энд цуглардаг байсан юм. МУИС-ийн ШУЗО-ын тэнхим бол Ардчилсан хувьсгалын төв штаб байсан гэж хэлж болно. Яагаад гэхээр С.Зориг манай тэнхимд ажиллаж байсан. Хот, хөдөөгөөс янз бүрийн насны хүмүүс ирж С.Зориг болон түүний нөхөдтэй уулзана. Санал бодлоо солилцож, яаж шинэчлэл өөрчлөлтийг хийх вэ гэдэг талаар халуун яриа өрнүүлдэг байлаа. Тэр үед байр сав хэцүү байсан байх. С.Зориг Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч гэсэн албыг гүйцэтгэж байсан.
Тэр өөрийнхөө санаж бодож байсан зүйлээ улс төрийн практикт хэрэгжүүлж чадсан нэгэн юм. Чадвартай зохион байгуулагч, улс төрийн бэлтгэгдсэн нөлөөтэй лидер байсан гэж тодотгож болно. Ер нь бол С.Зоригтой санал бодлоо солилцож байсан хэд хэдэн сэдвүүд байгаа юм л даа. Тэд анх гарч ирэхдээ Монголд байгаа Социализмыг өөрчилнө гэж гарч ирээгүй юм шүү дээ. Яагаад Социализм гацаанд орчихов. Энэ гацааг яаж арилгах вэ, яаж Социализмыг төгөлдөржүүлэх вэ гэдэг зүйл яригдаж байсан юм. Энэ нь цаашдаа лавширсаар байгаад шинэчлэлт өөрчлөлт болоод явчихсан. Тийм учраас “Монголд нэг намын тогтолцоо дангаараа байна. Олон намын тогтолцоо бий болгоё. Иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд МоАХ чухал юм” гээд олон холбоо байгуулагдсан. Мөн олон намтай байя гээд Ардчилсан холбооны анхны хурлаар Ардчилсан нам байгуулагдлаа гэж зарласан шүү дээ.
Хөвсгөл, Ховд, Дорнод гээд бүх газар Ардчилсан хөдөлгөөнийг дэмжсэн улс төрийн том үйл явдал өрнөсөн. Тэгээд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад Ж.Батмөнх даргын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Нэг ч цонх хагараагүй, нэг ч хүний хамраас цус гараагүй энх тайван, зөвшилцлийн замаар ардчилсан хувьсгалтай золгосон. Энэ бүх өөрчлөлт шинэчлэлийн үйл явцад МУИС-ийн оюутан багш нарын оролцоо нөлөөлөл маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр тусмаа Ардчилсан хувьсгалын гол удирдагчид манай сургууль дээр төвлөрч байлаа. С.Зоригоос гадна Р.Гончигдорж байна, бас л манай сургуулийн багш. Манай оюутан, багш нар ардчилсан хувьсгалын тэргүүлэгч нар нь байсан. Манай сургуулийн ШУКО-ын тэнхим нь Ардчилсан хувьсгалын “төв штаб” нь байсан шүү дээ. Тийм учраас МУИС бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалтай шууд холбоотой. Монгол дахь ардчилсан хувьсгалын үйл хэргийг гүнзгийрүүлэхэд МУИС- ийн багш, оюутнууд маш их хувь нэмэр оруулсан.
Төгсгөлд нь:
Монгол Улсын Их сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын сор болсон охид, хөвгүүдэд боловсрол эзэмшүүлэх, соён гэгээрүүлэх хүндтэй үүргээ биелүүлээд зогсохгүй Их сургуулийн багш, эрдэмтэд аль ч цаг үед улсын хувь заяа, эрх чөлөө, шударга ёс, хүн ардынхаа амь амьдралын төлөө тууштай тэмцэгч, оюун санааны чиглүүлэгчид байж ирснийг дээрх баримт үйл явдлууд нотолж байна. МУИС Ардчилсан хувьсгалын он жилүүдэд түүхэн үүрэг гүйцэтгэж, хувьсгалын удирдагчийг төрүүлээд зогсохгүй, уулзалтын “төв штаб” нь болж байжээ. Ардчилсан хувьсгалыг МУИС-ийн багш, оюутнуудгүйгээр төсөөлөх аргагүй юм. МУИС одоо ч оюунлаг, эрх чөлөөтэй, эрх тэгш, шударга ардчилсан нийгмийг бүтээн байгуулах, төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглэе.
Нийтлэлч: Т.Амартүвшин
2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506
Сэтгэгдэл ( 3 )
mundag bagshdaa amjilt husey
цэнд-аюуш багш ч мундаг багш даа мэдлэг сайтай суурь сайтай оюутандаа элэгтэй үнэхээр сайн багш шүү
цэнд-аюуш багш ч мундаг багш даа мэдлэг сайтай их юм уншдаг харьцуулдаг суурь сайтай мундаг хүн шүү