“Хүрэн” эдийн засгийг ”Ногоон” болгоход 10 жил хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

НҮБ-ын Хүрээлэн буй орчны төслөөс “Дэлхий нийт ногоон эдийн засагт шилжих ажилд жилд ДНБ-ийнхээ хоёр хувийг зарцуулж байж 5-10 жилийн дараа наад захынхаа амжилтад хүрнэ” гэсэн мэдэгдлийг хийжээ. Тус байгууллагын шинжээчид байгаль орчны чиглэлээр ирэх жил зохион байгуулагдах Rio+20 олон улсын чуулганы бэлтгэл ажлын хүрээнд хийсэн судалгааныхаа үр дүнд тулгуурлан дээрх мэдээллийг хийсэн байна. Тэд Дэлхийн ДНБ-ийг 75 триллион гэж багцаалаад жилд 1.3 триллион ам.долларыг хамгийн чухал 10 салбарыг “ногооруулах”-ад зарцуулах ёстой гэж үзсэн байна.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны төсөл энэ оны хоёрдугаар сард 100 орны Байгаль орчны сайд оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Байгууллагын захирал ноён Ахим Штайнер энэхүү хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “Ногоон эдийн засагт шилжих талаар бид 1992 онд хуралдаж байлаа. Өнөөдөр эргээд харахад энэ салбарт тавих анхаарал тэр үеийг бодоход маш их нэмэгдсэн байна” хэмээн онцолж байв.

Ногоон эдийн засаг

Өнөөдөр Дэлхийн ДНБ-ий 1-2 хувь нь тэртэй тэргүй байгаль орчныг нөхөн сэргээх, байгальд хортой технологийн учруулсан хор хохирлыг арилгахад зарцуулагдаж байгаа аж. НҮБХБОТ “Ногоон эдийн засгийг” иргэдийн баялгийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангалуун байлгах зорилтыг хангахын зэрэгцээ байгаль орчинд хоргүй байх ёстой гэж төсөөлж байна.   

Олборлолт-чиг баримжаатай “хүрэн” эдийн засгаас байгаль орчинд хал балгүй “ногоон” эдийн засагт шилжсэнээр ажлын байр багагүй хэмжээгээр хорогдох төлөв байгаа ч өөр арга замаар нэмэгдүүлж болно гэж үзсэн байна. Дэлхийн ДНБ-ий 1.25 хувийг эрчим хүчний зхистой хэрэглээг дэмжих, ногоон эдийн засагт шилжих үйл ажиллагаанд зарцуулснаар эрчим хүчний хэрэглээ 2020 он гэхэд 9 хувь, цаашид 2050 он гэхэд 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж тооцож байна. Мөн дахин боловсруулалт хийх асар их боломж нуугадж байгааг дэлгэн тавьжээ. БНСУ яг энэ чиглэлээр “Үйлдвэрчэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх” тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр шил, цаас, цахилгаан зай хураагуур зэрэг бүтээгдэхүүний дахин боловсруулалтыг 14 хувь хүртэл нэмэгдүүлж, 1,6 тэрбум ам.долларын хэмнэлт гаргасан байна. Бразил улс мөн энэ чиглэлд анхаарч ажилласнаар 2 тэрбум ам.долларын орлого олж, 10 сая тонн хүлэмжийн хий агаарт алдагдахаас сэргийлжээ. Бразилчуудын хичээнгүй ажиллагааны үр дүнд одоо дахин боловсруулсан бүтээгдэхүүн ДНБ-ийх нь 0,3 хувийг эзлэх болсон байна. 

Төрийн зүгээс бодлого явуулахад анхаарах салбар, хүчин зүйлүүд

Ногоон эдийн засагт шилжих үйл явцад төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэрэгцээг зохистой болгох зэрэгт төрийн оролцоо маш чухал юм. Төрийн гол үүрэг нь

-Ногоон эдийн засагт шилжих маш оновчтой, хатуу хариуцлагын тогтолцоог бий болгож мөрдүүлэх.

-Татвар, зах зээлийн “ухаалаг” механизмыг төлөвшүүлэх.  

-Иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн шинжтэй ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг болно.

Ногоон эдийн засагт шилжих зайлшгүй шаардлагатай байгаа 10 салбар хийгээд, дэлхийн ДНБ-ий 1 хувийг эдгээр салбарт хэрхэн хуваарилсныг үзвэл

 

  1. Хөдөө аж ахуй, 108 тэрбум ам.доллар-үүний ихэнхи хувь нь жижиг фермерийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд зарцуулагдана.
  2. Барилга, 134 тэрбум ам.доллар-“Ногоон барилга”-д шилжсэнээр эрчим хүчний зохистой хэрэглээг хөгжүүлэхэд маш их нэмэр болох юм.
  3. Эрчим хүчний хангамж, 360 тэрбум ам.доллар-Сэргээгдэх эрчим хүч нь хүн төрөлхтний ганц “авралын од”, тиймээс хөрөнгийн хэмжээ их байвал бүр сайн.
  4. Загас агнуур, 110 тэрбум ам.доллар-“Ногоон загас агнуур”-ыг хөгжүүлнэ гэдэг нь дэлхий дээр байгаа нийт фолтыг цөөрүүлнэ гэсэн үг.
  5. Ойн аж ахуй, 15 тэрбум ам.доллар-ойг тарималжуулах, цэвэрлэж нөхөн сэргээхэд зарцуулагдана.
  6. Эрчим хүчний зохистой хэрэглээ-Хэрэглэгч, тэр тусмаа үйлдвэрлэгчдийг хэмнэлтийг дээд зэргээр хийдэг болгоход чиглэсэн бодлого явуулна. Хөрөнгийн ихэнх нь суртал ухуулга хийхэд зориулагдана гэж ойлгож болно.
  7. Аялал жуулчлал, 135 тэрбум ам.доллар-“Ногоон аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхэд зарцуулагдана. 
  8. Зам тээвэр, 190 тэрбум ам.доллар-“Ногоон тээвэр”-ийг хөгжүүлнэ. Энэ нь бусад салбартай хамааралтай.
  9. Хог хаягдлын зохицуулалт 110 тэрбум ам.доллар-Дахин боловсруулалт хийх чиглэлд түлхүү зарцуулагдана.
  10. Далайн баялгийн зохицуулалт, 110 тэрбум ам.доллар-далайн баялгийн зохистой хэрэглээ, цэвэрлэгээ хийхэд зарцуулагдана.  эдгээр болно.

Манай улсын хувьд “Ногоон эдийн засагт шилжих” үйл явц харьцангуй удаашралтай явагдаж байгаа гэж хэлэхэд болно. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр “Ньюком” компани хамгийн далайцтай гэж хэлж болох төслийг хэрэгжүүлж байгаа. Харин төр засгийн зүгээс энэ ажлыг хэрэгжүүлэхэд гадаадын тусламжийг зайлшгүй авах шаардлагатай гэсэн байр суурь баримталж байгаа юм байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top