Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний жилийн ажлын нээлт боллоо

2018 оны 05 сарын 08

Өвөрхангай аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, дагалдан яваа Засгийн газрын нэр бүхий гишүүд “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний жилийн нээлтэд оролцлоо.

Монгол Улс өнөөдрөөс эхэлж мал сүргээ өвчилсөн үед нь тэмцдэг бус өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтийн ажил болгон хэрэгжүүлж байна.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Засгийн газар эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгон, иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, цаашдаа “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан. Мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх үндэс. Иймээс энэ ажлыг өнөөдрөөс бүх аймаг, нийслэл, сум бүрт эхлүүлж байна” гэв.

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын болон Онцгой комиссын гишүүд нэг нэг аймаг хариуцан,  тухайн аймагт улиралд хоёроос доошгүй очиж явц, үр дүнтэй нь танилцан, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм. Мөн аймаг, сумдад Ажлын хэсэг ажиллана. Энэ сарын нэгнээс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 67 сая толгой малд өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг орон даяар явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн юм.

Өвөрхангай аймгийн хувьд таван суманд халдварт өвчний 7 голомт бүртгэгдэж 29 өрхийн 308 үхэр, 50 хонь, 86 ямаа, 94 гахай, нийт 538 толгой малыг зориудаар устгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top