Энхийг сахиулагчдын баяр, Зэвсэгт хүчний 123-р ангийн нээлттэй хаалганы өдөрлөг болов

2018 оны 05 сарын 29

Өнөөдөр НҮБ-ын 116 гишүүн орны энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, тэдний гавъяа зүтгэлийг үнэлэх, олон нийтэд алдаршуулах Олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна.

Тэгвэл “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар анги нээлттэй хаалганы өдөрлөг, бие бүрэлдэхүүний баярын жагсаал зохион байгууллаа. Мөн Галданбошигт хааны хөшөө, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болов.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч М.Болдбаатар нар оролцож, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа эрхэм офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагч нарт мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ үеэр аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн салаа болон цэргийн гэрээт алба хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн хэсэгчилсэн тоглолт зохион байгуулж, ард иргэдэд зэвсэглэл, техникийн үзэсгэлэн гаргаж танилцууллаа. Түүнчлэн цэргийн гэрээт албыг сурталчлах, алба хаах сонирхолтой иргэдийг цэргийн гэрээт албанд элсүүлэх үйл ажиллагаа болов.

Монгол улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо 2002 онд эхэлсэн бөгөөд 16 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 15 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад энхийг дэмжих үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Харин Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас давхардсан тоогоор нийт 314 цэргийн алба хаагч, 7 улсад энхийг дэмжих үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар энхийг дэмжих болон олон улсын үйл ажиллагаанд 27 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top